Гадаад паспортын хэвлэлт, захиалгатай холбоотой иргэдийн сонирхсон асуултыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодрууллаа.
-Өнгөрсөн сард гадаад паспортыг хугацаанд нь хэвлээгүйгээс үүдэн багагүй ачаалалтай байсан. Хэвлэлт хэвийн үргэлжилж эхэлсэн үү?
-Гадаад паспортын үйлчилгээний ачаалал жил бүрийн зургаагаас есдүгээр саруудад нэмэгддэг. Энэ нь иргэдийн аялал жуулчлал, амралтын улирал эхэлсэнтэй холбоотой юм. Энэ жилийн тухайд нэгдүгээрт, ОХУруу манай улсын иргэд визгүй зорчих болсон, хоёрдугаарт, БНСУ руу ажиллах хүчний бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор ачаалал эрс ихэссэн. Иймээс өнгөрсөн тавдугаар сард үйлчилгээний ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор гадаад паспортын яаралтай хэвлэлтийг түр хугацаанд зогсоогоод байсан.
-Энэ долдугаар сараас эхлэн 2006 оноос өмнөх паспорттай иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй гэж байсан. Энэ асуудлын хариуг ОХУ-ын талаас ирүүлсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-2006 оноос өмнөх гадаад паспорттай иргэдийг ОХУ-ын хилээр нэвтрүүлэхгүй байна гэх гомдол, шүүмжлэл иргэдийн дунд байсан. Тэгвэл саяхан ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт Монгол Улсын иргэдийг албан ёсны сунгалт хийлгэсэн, хүчин төгөлдөр хуучин загварын гадаад паспортаар ОХУ-ын нутаг дэвсгэрт зорчиж болох талаар мэдэгдсэн байна. Тиймээс 2006 оноос өмнө олгогдсон гадаад паспорттай иргэд ОХУ-ыг зориход саадгүй боллоо гэсэн үг.
-Энэ зун гадаад паспортыг яаралтайгаар гаргахгүй гэж мэдэгдэж байсан. Яаралтайгаар паспорт захиалж болох уу?
-Үйлчилгээний ачааллын улмаас гадаад паспорт яаралтайгаар гаргах үйлчилгээг түр хугацаанд зогсоогоод байсан. Харин өнөөдрийн байдлаар яаралтай үйлчилгээг хэвийн авч байна. Шинээр авах гадаад паспортын яаралтай үйлчилгээг ажлын гурав хоногт олгож байгаа бол энгийн үйлчилгээг ажлын 10 хоногт олгож байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд эртнээс гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгаж, шинээр авах бол цагийг нь тулгалгүй захиалахыг зөвлөж байна.
Д.ЖАРГАЛ