Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж, Улсын начин цолонд хүрсэн таван бөх бий. Эдгээр бөхчүүд дундаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын начин А.Давааням засуул С.Батжаргалд хүндэтгэл үзүүлжээ.
Тавын даваа буюу начны даваанд А.Давааням улсын засуул С.Батжаргалын мөрөн дээрээс гарч, учраа бөх Улсын харцага М.Бадарчийг давсан юм. Тухайн үед давсан бөхөөс илүүтэй баярлаж гүйсэн засуулын тухай бичлэг олон нийтэд хүрсэн. Тэгвэл Улсын начин А.Давааням өчигдөр /2019.07.18/ засуул С.Батжаргалд алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү барин хүндэтгэжээ.
Олны дунд гүйдэг хэмээн алдаршсан Увс аймгийн харьяат С.Батжаргал засуул “Баярласан сэтгэл маань хөдлөөд хар хурдаараа гүйчихсэн. Нэг мэдсэн чинь тугны хажууд зогсож байсан. Би өөрөө спортын хүн болохоор дотроо их баярласан. Анх удаа улсын наадамд засуулаар ажиллаж, мөрөн дээрээс минь гарсан бөх Улсын цолонд хүрсэнд их билэгшээсэн” гэдгээ хэлжээ.
Өдгөө Улаанбаатарт хотын Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг тэрбээр бага байхдаа бөхөөр хичээллэдэг байжээ.
С.Батжаргал бөхийн засуул болох хүсэлтээ Бөхийн холбоонд тавьж, гурван жилийн өмнөөс засуулаар ажиллаж эхэлсэн байна. Түүний хувьд энэ жил анх удаа Улсын наадамд засуулаар ажиллажээ.
Холбоотой мэдээ