Монгол Улсад анх удаа жюү жицүгийн өсвөр болон насанд хүрэгчдийн Ази тивийн шалгаруулах тэмцээн болж байна. Бөхийн өргөө эдгээр өдрүүдэд 24 орны тамирчид болон гадны зочдын хөлд дарагдаад байна. Олон улсын зэрэглэл өндөр тэмцээн болж байгаатай холбогдуулан Дэлхийн допингийн эсрэг агентлаг/WADA/-аас мэргэжилтэн иржээ. Арабын нэгдсэн Эмират улсад ажиллаж байгаа Туркминистаны иргэн К.Л.Кулиева WADA-д ажиллаж байгаа цөөн эмэгтэй мэргэжилтэний нэг аж.
– Энэ удаагийн тэмцээний үеэр хичнээн тамирчнаас допингийн шинжилгээ аваад байна вэ. Тамирчид юунд илүү анхаарах ёстой вэ?
-Одоогоор хичнээн тамирчнаас допингийн шинжилгээ авсан нь нууц. Энэ талаар мэдээлэл өгөх хориотой байдаг. Бидний зүгээс шинжилгээ авах ёстой тамирчдаас авч тусгай лабораторид хадгалж, илрүүлэх явцыг хийдэг. Бүхий л спортоор хичээллэж байгаа тамирчдын хэрэглэж болохгүй гэсэн эмийг WADA-с гаргасан байдаг. Хамгийн чухал нь тамирчид Global DRO аппликэйшнийг утсан дээрээ татаж аваад ууж байгаа эмийг шалгах ёстой. Хэрвээ уухад зүгээр байвал тэр эмийг ууж болно гэсэн үг. Үнэхээр хориотой эмийн жагсаалтад орсон бол зогсоох ёстой. Тиймээс аль болох Global DRO-той харьцаж сурах хэрэгтэй байна. Аль болох https://www.wada-ama.org/ сайтад ямар мэдээлэл гарч байгааг харах хэрэгтэй.
-Та WADA-д яагаад ажиллах болсон бэ. Манай улсад өмнө нь ирж байсан уу?
-Би Монголд анх удаагаа ирж байна. Жүдо, самбо зэрэг бөхийн төрлүүдээр хичээллэж байсан. Би анх таван жилийн өмнө допингийн эсрэг сургалт, семинарт хамрагдаж, өөрийгөө бэлдэж эхэлсэн. Энэ хугацаанд яагаад тамирчдад допинг муугаар нөлөөлж байгааг судлаад энэ чиглэлээр ажиллах болсон. Тиймээс олон улсын сертификатыг авч эхэлсэн байгаа. Би анх Азийн жюү жицүгийн холбоонд ажиллаж байгаад эндээсээ Олон улсад ажиллах боломжтой болсон.
Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мэргэжилтэнд туслаж байгаа Монгол охин Б.Фатимагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр энэ удаагийн тэмцээнд ажиллаж байгаа сайн дурынхны нэг юм.
-Олон улсын тэмцээнд ажиллах ямар байна вэ? Энэ удаа Туркменистаны эмэгтэйн туслах болсон байна?
-Монголд болж байгаа олон улсын хурал, тэмцээнд ажиллаад туршлага хуримтлуулаад явж байна. Надад энэ ажил сайхан санагддаг болохоор сайн дурын ажлыг хийсээр байна. Би Монгол, Пакистаны эрлийз. Аав маань Пакистан хүн байдаг. Би багаасаа Монголд ээжтэйгээ хамт байсан болохоор монгол хэлийг сайн сурсан байх. Энэ тэмцээний үеэр Туркменистанаас ирсэн эмэгтэйтэй ажиллах ойр байлаа. Тэгээд хамтраад ажиллаж байна. Бидний хувьд шашин нэг ижил болохоор хамтран ажиллахад таатай байна.
-Англи хэлийг маш сайн эзэмшсэн байна. Энэ нь олон улсын тэмцээнд сайн дураар ажиллах том боломжийг олгодог байх. Гадаад хэлийг сурахад юуг анхаарах ёстой вэ?
-Би Пакистанд төрсөн ч Монголд өссөн. Пакистаны үндсэн хэл болох urdu хэлээр ярина. Монголд амьдрахад үнэхээр таатай сайхан. Пакистан болон бусад арабын улсуудыг бодвол энд байх нь эрх чөлөөтэй. Хэрвээ би Пакистанд очих юм бол шашин шүтлэг, зарим зүйлсээс болоод хүндрэлтэй байдаг. Хүмүүнлэгийн их сургуульд олон улсын харилцаагаар сурч байгаа. Тиймээс цаашид өөрийгөө илүү сайн хөгжүүлье гэж бодож байна. Азийн хөлбөмбөгийн холбооны шугамаар Вьетнамын багт орчуулагчаар ажиллаж байсан. Мөн 2016 онд Монголд болсон JCI ASPAC-т ажилласан. Өмнө нь олон удаагийн хурал, зөвлөгөөн, тэмцээн дээр ажиллаж байсан болохоор энэ удаагийн тэмцээнд туршлагатай болсон байна. Би нэгдүгээр ангиасаа эхлэн англи хэлийг сурсан. Анх сурах үед дуудлагаа сайн эзэмшихээр цааш сурах боломж нь илүү амар байдаг. Багаасаа англи хэлийг сайн сурч чадсан маань намайг JЕТ сургалтын төвд багшлах боломжийг өгч байлаа. Хүүхэд өөрийнхөө дурлаж байгаа зүйлдээ тулгуурлан англи хэлийг сурвал илүү амархан байх гэж би хардаг.
-Допингийн талаар маш сайн мэдээлэлтэй болж байгаа харагдлаа?
-/Инээв/Энэ удаагийн тэмцээнд ажиллах үнэхээр сонирхолтой байна. Тамирчдад маш хэрэгтэй допингийн талын мэдлэгтэй болж авлаа. Тэмцээнээр хамтран ажиллаж байгаа Туркменистан мэргэжилтэн өөрөө тамирчин байсан хүн. Тамирчин хүний сайхныг мэдрэх гоё шүү дээ. Спортоор хичээллэхэд оройтох болов уу гэдэг асуулт маань арилсан шүү. Хамгийн гол нь тамирчид Global DRO-г утсандаа суулгаж, хориотой бодисын талаар мэдээллийг дор нь авах юм байна. Би ч бас маш сайн мэдээлэлтэй болж, хүмүүст тайлбарлаж байна.
Холбоотой мэдээ