Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл | News.MN

Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл

Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл

Өмнөд этгээдэд зорчсон тэмдэглэл

БНХАУ-ын дарга Ши Жиньпин "Бүс ба зам" санаачилгын хүрээнд 2014 онд Монгол Улсад айлчлах үеэрээ монголын 250 сэтгүүлчийг таван жилийн хугацаанд өөрийн эх орондоо айлчилж, хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилтэй танилцахыг урьсан билээ. Ингээд жил бүр нийслэл болон хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 50 сэтгүүлч өмнөд хөршийг зорьсоор энэ удаа хамгийн сүүлчийн 50 сэтгүүлч тус улсын ХАА-н салбартай танилцаад ирсэн юм.

Энэ жилийн сэтгүүлчдийн багийг Гадаад харилцааны яамны /ГХЯ/ Хэвлэлийн төлөөлөгч Ш.Төмөрбаатар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн  /МСНЭ/ гүйцэтгэх захирал Э.Болортулга нар ахлан явсан ба нийт зургаан хоногийн хугацаатай явсан бид эхний хоёр өдөр их гүрний нийслэл Бээжин хотноо ажиллаад үлдсэн өдрүүдэд хоёр багт хуваагдан Юньань, Ганьсу мужуудтай танилцсан.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойтой давхацсан уг айлчлал “БНХАУ-ын 70 жилийн хөгжил дэвшил- ХАА, хөдөө тосгоны хөгжил” сэдвийн хүрээнд болсон ба биднийг тус улсын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаныхан хүлээн авсан юм. Ингээд айлчлалын хүрээнд үзэж танилцсан мэдээ мэдээлэл, туршлага, Хятад улсын ХАА-н хөгжил дэвшил, төрийн бодлогын талаар тэмдэглэлээ хүргэе.

-ХЯТАДЫН ХААЯ-НЫ УДИРДЛАГЫН ИНСТИТУТ-

Монголын 50 сэтгүүлчийг хамгийн эхэнд хүлээн авч уулзсан газар бол Хятадын Хөдөө аж ахуйн яамны /ХААЯ/ Удирдлагын институт байв. Энэхүү уулзалтын үеэр салбарын мэргэжилтнүүд бидэнд өөрийн улсын ХАА-н салбарын талаар ерөнхий мэдээлэл өгч, үүний дагуу сэтгүүлч бид ч сонирхсон асуултууддаа хариулт авсан. Монгол улсын хувьд БНХАУ-тай ХАА-н салбарт нягт хамтын ажиллагаатай бөгөөд анх 2002 онд тус улстай “ХАА-н салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг үзэглэж байжээ. Үүний хүрээнд хоёр улс хамтран мал эмнэлэг болон бусад салбарт 53 удаагийн сургалт зохион байгуулж, монголын нийт 273 мэргэжилтэн хятадад мэргэжил дээшлүүлжээ.

Хоёр улсын ХАА-н салбарын худалдааны эргэлтийн тухайд өнгөрөгч онд л гэхэд Монгол Улсаас БНХАУ-руу ноолуур, мах махан бүтээгдэхүүн, самар, амьтны тос зэрэг 330 гаруй сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол БНХАУ-аас Монгол Улс руу буудай, чихрийн төрлийн 135 сая ам.долларын бүтээгдэхүүнийг экспортолсон байна. Үүнээс гадна өнгөрсөн нэг жилийн хугацаанд БНХАУ Монгол Улсын ХАА-н салбарт 23 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2,8 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг хийснийг дурдах нь зүйтэй байх.

Уулзалтын үеэр Хятад бол газар тариалан давамгайлсан улс. Харин Монгол Улс бол бэлчээрийн мал аж ахуйн хувьд давуу талтай учир хоёр улс ХАА-н салбарт бие биенээ маш сайн нөхөж ажилладаг хэмээн Хятадын талын ажлын хэсэг онцолж байв.

Хүн амынх нь нэлээд хувь нь ХАА-н салбарт ажилладаг бөгөөд эдгээр иргэдийн хувьд хот суурин газрынхнаас мэдлэг мэдээлэл дутмаг, амьжиргааны түвшин доогуур, амьдрах орчин, дэд бүтэц ч муу байдгийг биднээс нуусангүй. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс маш нухацтай, шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа ба үр дүн нь ч муугүй байгаа гэнэ. Албаны хүмүүсийн хэлснээр төрийн бодлогыг хөдөө орон нутаг руу чиглүүлж, зөвхөн дэд бүтцийг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх гэлтгүй иргэдийг соён гэгээрүүлэх, хувь хүний хөгжилд нь ихэд анхаарч ажиллаж байгаа аж. Энэ дагуу залуусыг хөдөө рүү татах ажлыг ч эрчимжүүлж байгаа гэв.

Хятадын Коммунист намын 19 дугаар хурлаар ядуурлыг бууруулах зорилтыг тавьж, 2020 он гэхэд хот хөдөөгийн ялгааг арилгахаар зорин ажиллаж байгаа. Энэхүү ажлын үр дүнд 2010 онд 98 сая байсан ядуу иргэдийн тоо 2018 оны байдлаар 16.6 саяд хүрч буурчээ. Мөн энэ бүлгийн өрхүүдэд  “Ядуу өрхийн карт” гэх зүйлээр дамжуулан улсаас тусламж дэмжлэг үзүүлдэг байна. Тус улсын ХАА-н салбарын дараагийн том асуудал бол ногоон хөгжлийг дэмжих, эко буюу химийн бордоогүй хүнсний бүтээгдэхүүнийг тариалах. Тиймээс энэ тал дээр ихэд анхаарч, химийн бордоог багасгаж, халах тал дээр хичээн ажилаж байна.

ЭЛСЭН ЦӨЛИЙН ЭЛГИЙГ ДЭВТЭЭСЭН "ЭЛИОН РЕСУРС" ГРУПП

Дэлхийн дулаарал, цөлжилтийн асуудал эрчимтэйгээр яригдаж буй энэ цаг үед бидний дараагийн зочилсон байгууллага болох “Элион ресурс” групп нь хамгийн сонирхол татаж байсан газруудын нэг юм. Өдгөө 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй уг байгууллага нь цөлжилтийн эсрэг буюу элсэн цөлийг ойжуулах үйл ажиллагааг голлон эрхэлдэг аж.  “Ашиглах боломжгүй гэсэн газруудыг эзэмшин авч, нөхөн сэргээж дээр нь ашигтай ургамал тариалж, барилга байгууламж барьж, тэнд амьдарч буй иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх” хэмээн зорилгоо тодорхойлсон “Элион ресурс” группийн нийт хөрөнгө 10 тэрбум юань ба найман мянга гаруй ажилтантай.  Хамгийн ойрын жишээ гэхэд Ордо­сын элсэн цөлийг ойжуулсан уг групп нь Сингапурын газар нутгаас найм дахин их хэмжээний газар нутгийг ойжуулж, ногооруулсан нь үнэхээр бахдам амжилт юм.

Энэ олон жилийн уйгагүй зүтгэлийн хүчээр том ажлын ард гарахдаа тэд ашиг харж ажиллаагүй гэдгээ хэлж байсан юм. Ойжуулалтын ажил бол асар их хөрөнгө мөнгө, тэсвэр тэвчээр шаардсан ажил бөгөөд тэд алдагдлаа эрчим хүч гэх мэт бусад салбарын охин компаниудаасаа нөхдөг байна. Засгийн газраас нь ч энэ тал дээр маш их тусалж дэмждэг нь өнөөгийн энэ амжилтад хүрэхэд нөлөөлжээ.  Хятад улс 1978 оноос ойжуулалтын салбарын хууль эрх зүйн орчинг бий болгосон ба энэ төрлийн компаниудад газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлээд хийж буй ажил нь үр дүн сайтай байвал дахин 30 жилээр сунгах гэм мэтээр үйл ажиллагааг нь дэмждэг байна.

“Элион ресурс”-ийн туршлагаас харахад элсэн цөлийг ойжуулахад хүрз, жоотуу бариад нүх ухдаг цаг хэдийн хоцрогджээ. Нэг мод суулгахад ердөө ганцхан хормын дотор суулгадаг хэмээсэн нь үнэхээр гайхмаар. Учир нь тэд модны үрсэлгээг орчин үеийн дэвшилтэт технологи болох нисдэг дроноор зөөвөрлөж өндрөөс газар руу шууд суулгадаг байна. Хөлгүй их элсэн цөл рүү хүн битгий хэл машин техник ч явахад хүндрэлтэй, бараг боломгүй байдаг тул тэд энэ аргыг ашигладаг аж. Зөвхөн модыг суулгаад орхих биш дараа дараагийн усалгаа, бордооны ажлыг ч дроноор гүйцэтгэж байна. Мөн элсэн цөлд мод тарихад салхины чиглэл маш чухал байдаг ба тухайн газрын элсийг заавал тэгшилж байж тарих шаардлагатай байдаг. Тиймээс “Элион ресурс”-ийн мэргэжилтнүүд “байгальтай зөрчилдөж бус, дасан зохицож” үйл ажиллагаагаа явуулах нь хамгийн зөв арга гэдгийг ухаарсан учир модыг салхины эсрэг чиглэлд суулгадаг байна. Ингэснээр элс өөрөө салхинд туугдан тэгшлэгдэж, модны ургалтад ч сайнаар нөлөөлдөг ажээ. Үүнээс гадна чихэр өвсний мод элсэн цөлд тариалахад хамгийн тохиромжтой бөгөөд үр өгөөж ихтэй ургамал гэдгийг онцолсон юм. Чихэр өвсийг гурван жил дараалан тарьсны дараа тухайн газар маш сайхан үржил шимтэй болсон байдаг төдийгүй дараа нь тариалсан чихэр өвсөө эмийн болон гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг байна. Тэд ойжуулсан газар нутгаа зүгээр орхихгүй цаашид бүтээн байгуулалт хийж, аялал жуулчлалын чиглэлээр ч хөгжүүлнэ гэдгээ хэлж байв. Мөн элсэн цөлийг ойжуулах ажилд орон нутгийн иргэдийг дайчилснаар ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.

-ХАА-Н ӨЛГИЙ НУТАГ ЮНЬАНЬТАЙ ТАНИЛЦСАН НЬ-

Миний бие бусад 20 гаруй сэтгүүлчдийн хамт нэгдүгээр багт хуваарилагдан Хятадын ХАА-н төвүүдийн нэг Юньань мужийг зорьсон юм. Жилд дөрвөн улирал байдаг бол Хятадын баруун өмнөд хэсэгт орших Юньань муж эргэх дөрвөн цагт мөнх ногооноороо, чийглэг дулаан уур амьсгалтай байдаг. Тиймээс ч мужийн нийслэл Күньмин хотыг “Хаврын хот” хэмээдэг аж. Өндөрлөг газрын ХАА, газар тариалан хөгжсөнөөрөө онцлог уг муж байгалийн үзэсгэлэн, орчин үеийн хот суурин газар зэрэгцэн орших нь сонирхолтой. Бүхий л төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, цайны ургамлыг тариалахаас гадна олон төрлийн тасалгааны болон гоёлын цэцэгсийн суурин, хонь ямаа үржүүлгийн газар ч байсан юм.

Хамгийн сонирхолтой нь Юньань муж кофегоороо алдартай. Алс холын африк тивээс л бусад улс орнуудад экспортолдог гэж бодож явсан миний ахархан бодол энд ирээд замхарсан билээ. Энд кофены ургамлыг өөрсдөө тариалж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргадаг.

Зөвхөн кофе гэлтгүй бусад ХАА-н бүхий л түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахыг эрмэлздэг аж.

Газар тариалангийн салбарын хамгийн том асуудал хортон шавьж байдаг. Хортон шавьжтай тэмцэхдээ нэг нэгээрээ бус бүс нутгаараа нэгдэн тэмцдэг. Өөрөөр хэлбэл аль нэг тариалангийн газарт хортон шавьж илэрсэн даруйд нь бусад газар руу нэвтрэхээс өмнө устгах, элдэв хор цацаж бус гэрэл, үнэрээр татан нэг газар бөөгнүүлж байгаад устгадаг нь маш ухаалаг шийдэл байв.

Юньань муж цайгаараа маш алдартай гэдгийг дээр дурдсан. Тиймээс биднийг нутгийн нэрийн хуудас болсон “Юньань Лүнрүн” цайны групптэй танилцуулсан юм. Энд цайг тарьж ургуулах, боловсруулах, үйлдвэрлэх, борлуулах, шинжлэх ухааны судалгаа явуулах, цайны соёл боловсрол олгох гээд цайтай холбоотой бүхий л үйл ажиллагааг нэг дор явуулдаг.

Мэдээж хэвлэл мэдээллийн салбарынхан учир өөрсдийн мэргэжил нэгт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагатай нь мөн танилцав. Биднийг ирэхэд орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цэлгэр саруулхан мэдээний өрөө угтав. “Юньань мужийн радио, телевизийн газар” хэмээх байгууллага бол сонин, сэтгүүл, телевиз, радио гээд  мужийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдсэн удирдлагын төв юм. Одоогоор дотоодын хэмжээнд 900 гаруй сая үзэгч, сонсогч, уншигчтай бол хөрш зэргэлдээ улс орнуудад 600 гаруй мянган хүн энэ байгууллагын бэлтгэсэн мэдээ контентыг хүлээн авдаг аж.

Хөрш орны ХАА-н хөгжил дэвшилтэй танилцсан бидний аялал Юньань мужийн мал үржүүлгийн газар, цэцгийн суурин, нэрсний аж ахуйгаар үргэлжилсэн. Күньмин хотоос манайхаар бол сумын төв гэж хэлж болох Чюүжин хот руу автобусаар явахдаа цонхоор орон нутгийн зам харилцаа, дэд бүтэц, байгалийн сайхныг бишрэн харсаар нэг мэдэхэд зорьсон газартаа ирсэн байв. Эхлээд гоёлын болон тасалгааны цэцэг, цагаан будааны үрсэлгээг ургуулдаг хүлэмжийн аж ахуйтай танилцсан бөгөөд тариалдаг бүх л ургамлынхаа үрсэлгээг энд арчлан ургуулаад дараа нь задгай талбайд гарган хөрсөнд суулгадаг юм байна. Маш том хэмжээтэй хүлэмжинд хэдхэн хүн ажиллаж байгаа нь харагдахын учир нь энэ хүлэмжүүд ухаалаг системтэй. Тиймээс усалгаа, тэжээл бордоо, дулаан гээд бүхий л зүйлсийг хүний оролцоогүйгээр тохируулчихдаг нь тун сайхан.

Эндээс хөдлөөд бид хотоос жаахан зайдуу орших Юньань мужийн мал үржүүлгийн газрын бэлчээрийн талбай дээр ирэв. Биднийг ирэхэд өөр өөр үүлдрийн ямаануудыг тус тусад нь хашин бэлчээрлүүлж байсан ба хашаа бүр нь тухайн үүлдрийн малд зориулагдсан өвс ургамал тарьсан байлаа. Ингэж тус тусад нь өөр өвс ургамлаар хооллох нь тухайн мал ямар төрлийн ургамал идвэл ямар ашиг шим өгч байгааг нь судлах зорилготой гэв.  1942 онд байгуулагдсан уг судалгаа шинжилгээний төв нь одоогоор хонины гурван үүлдэр, ямааны гурван үүлдэр, үхрийн нэг үүлдрийг үржүүлэн судалж, бүтээгдэхүүнийг нь зарж борлуулж байна.

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

swemon 2019-07-19 83.249.64.166

Surmaar yum ih bgaa ch . Ehleed oorsdoo hodolmorch zalhuu bish ard tumen bolmoor bna . Mongolchuudaa , hunii buteesniig shutej baisnaas oorsdoo ehleed joohon ch gesen ajilmaar l bna. Bi gehed 46 nastai gadaadad amidardag , haaya mgld bgaa nz nartaigaa yrihaar bugd ajilgui. Tegeed yaj bidnii mongol hogjih ve . Uneheer gutamshig , id ajillaj amidrah nasan deeree bugd ajilgui bolohoor yaj uls oron uragshaa yvah ve. Uneheer haramsaad ch barahgui ni.

Avatar

Зочин 2019-07-19 66.181.161.31

Yunnan muj chin manai muj shuu dee! Monguudtai uulzaagui iu?

Avatar

Zochin 2019-07-19 24.46.98.145

Manaihan tednees surmaar ym ih bii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж