Алтан аяганаас ээждээ цай амсуулж, ачийг нь хариулсан түүх

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

Алтан аяганаас ээждээ цай амсуулж, ачийг нь хариулсан түүх

Алтан аяганаас ээждээ цай амсуулж, ачийг нь хариулсан түүх

“Амьд явбал алтан аяганаас ус ууна”… Эртний сайхан ерөөлт энэ үг урт насалж, удаан жаргах гэсэн утгатай. Тиймдээ ч хүн хэчнээн ядруу байсан ч амаараа билэгддэг сайхан уламжлал өнөөдөр ч бидний дунд бий. Энэ утгаараа хүндээр өвдөж шаналсан эхийгээ хүү нь өнөө маргаашгүй болсон гэдгийг зөн совингоороо мэдэрсэн үү, ээждээ алтан аяганаас цай амсуулж, ачийг нь өчүүхэн ч болов хариулъя гэж боджээ.

Алтан аяга урлахаар шийдсэн хүн бол Б.Хүрэлбаатар дархан билээ. Тэрбээр шүүдрийн дуслыг цуглуулж, эхдээ цай бариагүй ч алтан аяга хийх гэж зургаан сар ур ухаан, хөлс хүчээ шавхсаны эцэст ээжийнхээ үргэлж цай оочилдог шаазан аягыг “алтан аяга” болгон урласан түүхтэй.

Нийт 10 орчим нарийн хээнээс бүрдэж, ёроолд нь шүр шигтгэсэн энэ аяганд матар, шоргоолж, эвэр угалз, үүлэн хээ зэрэг дарьганга хийцийг маш сайн шигтгэж өгсөн энэхүү алтан аяганы ёроолыг нарийн ажиглавал шүрний дор хорол хээг алтаар сүлжсэн болох нь харагдана.

Нарийн чимхлүүр ажлаас бүтсэн гоёмсог атлаа энгийн энэхүү алтан аяганаас эх нь тав хоног цай амсаад тэнгэрт хальсан бол ээждээ зориулсан энэ аяга Б.Хүрэлбаатар дарханы сүүлчийн хийц байжээ. Тэрбээр ээждээ зориулж алтан аяга урласныхаа дараа тархиндаа цус харваж, өвджээ.

Эх хүү хоёрын энэ түүхийг сонссон хүний өр өвдөж, сэтгэл уярахаар их үүх түүхтэй уг алтан аяга Монголын үндэсний музейд заларч, үзэгчдийн хүртээл болоод байна. Энэхүү алтан аяганаас гадна мөнгөн урлалаараа алдартай дарьганга дархадуудын  ур ухаан, сэтгэл оюун шингэсэн дахин давтагдашгүй хосгүй үнэт 200 гаруй ур хийцийг олонд толилуулж буй. Өнөөдрөөс үүдээ нээсэн “Нандин өв” нэртэй дарьганга дархадуудын эрдэм ухаан, ур чадварыг “гайхуулсан” эл үзэсгэлэнд XIX зуунаас өнөөдрийг хүртэлх 100 жил дамнасан гайхамшигт ур хийц ч бий.

Тухайлбал, Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн үнэт бүтээлийн нэг XIX зууны эхэн үед бүтсэн их гарын мөнгөн аяга. Ёроолд нь металлаар пааланг суулгаж өнгө ялгаруулан хангарьд шувууг дүрсэлсэн нэг литрийн багтаамжтай хос мөнгөн аягыг Дарьганга дархадуудын томоохон төлөөлөл М.Балдан-Осор дархан гар аргаар урлажээ. Мөн Дарьгангын алдарт дархан Моломын урласан туургандаа найман тахил, ёроолд нь лууг хөдөлгөөнтэйгөөр урласнаас гадна лууны цаадах дэвсгэрийг түмэн наст хээгээр дүрсэлснээрээ онцлог.

Молом дарханаас өөр ямар ч хүн, хаана ч аяганы ёроолын цаадах дэвсгэрийг ийм нарийн урлаж байгаагүй аж. Эдгээр нь үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүдийн нэгээхэн хэсэг аж.

ДАРЬГАНГА ДАРХАДУУД ӨӨРСДИЙН УРЛАСАН ХИЙЦИЙГ ХАРААД Л ТАНИНА

Монголын Үндэсний Музейн Бүртгэл мэдээллийн санч О.ГАНДИГМАА: 

-Үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүдийн нэг хэсэг бол М.Балдан-Осор дарханы урласан металл дээр паалан суулгасан их гарын мөнгөн аяга болон Молом дарханы мөнгө аяга, хэт хутга юм. Металл дээр паалан суулгах арга 40 гаруй жил тасарч 2017 онд дахин сэргэсэн. Ер нь дарьганга дархадууд харааны бяд шалгасан хийцийг илүүд үздэг төдийгүй багажаа өөрсдөө урладаг, өөр өөрсдийн хийцийг хараад таньж, ялгадаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, дархан бүр өөр өөрийн гэсэн урлах арга барилтай. Сүхбаатар аймагт Дарьгангын 170 орчим дархан байсан гэж үздэг. Тэднээс 10 гаруй дархадуудын бүтээлийг үзэсгэлэнд толилуулж байна. Аяганы ёроолд ямарваа нэгэн цэцэг ургамал амьтад дүрсэлдэг нь гүн утга агуулгыг илэрхийлдэг төдийгүй аяганы хүрээгээр давхар ухалтуудыг хийдгээрээ онцлогтой” гэлээ.

Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэ цэнтэй гэдгийн адилаар Дарьганга дархадууд мөнгөн эдлэлээс илүү хийц, нарийн жижиг чимхлүүр ажлыг илүүд чухалчилдгаараа бусдаас ялгарах онцлогтой.

Жишээ нь ёроолдоо хос хун дүрсэлсэн жижиг гарын мөнгөн аяга болон төрдөг аяга буюу аяганы ёроолдоо дахин жижиг аяга, тагш агуулсан болон хэт хутга, дарьганга эмэгтэйн толгойн гоёл чимэглэл зэргээс тодхон харж болно. Монголын үндэсний музейд үүдээ нээсэн “Нандин өв” үзэсгэлэн ирэх наймдугаар сарын 2-н хүртэл үргэлжлэх юм байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж