Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг хангахад чиглэсэн зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав.
Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хэрэгжиж буй стандартыг мөрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн А/556 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн есөн дүүрэг, Улаанбаатар хотын ЗАА түүний харьяа газрууд, ХБХГазар, ГЗБайгуулалтын алба, ХСОАБХЗГазраас нийт 54 албан хаагч, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар 15 хоногийн хугацаанд нөхцөл байдлыг газар дээр нь явж судаллаа. Мөн Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчийн зорчих хэсэгт саад болж буй зүйлсийн судалгаа ирүүлж, мэдээллээр хангасан. Судалгааг орчны тохижилт, инженерийн барилга, байгууламж, байгаль хамгааллын гурван чиглэл, 21 үзүүлэлтээр тус тус нэгтгэж гаргасан. Орчны тохижилт, инженерийн барилга, байгууламжтай холбоотой иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчинд эрсдэл учруулах, таагүй нөхцөл байдал бий болгож буй 5423 зөрчлийг бүртгэж, фото зургаар баримтжуулж, газрын зураг дээр тэмдэглэсэн. Ундны усны эх үүсвэрийн хориглолт болон хязгаарлалтын бүс, усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд Усны тухай хууль, Усны эрүүл ахуйн бүсийн дэглэм, хориглолт хязгаарлалтын бүсийн журам зөрчиж, Ундны усны эх үүсвэрийн хориглолтын бүсэд 3782, хязгаарлалтын бүсэд 7169, Усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд 22791, нийт 33742 иргэн, аж ахуйн нэгж байгууллага орсон байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолттой холбоотойгоор 44 ашиглалтын талбайд үзлэг, судалгаа хийж, нийт 125 зөрчил бүртгэсэн” хэмээлээ.
Мөн энэ судалгааны дүнд үндэслэн нийслэлийн Засаг даргын албан даалгавар гаргуулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй объектуудыг чөлөөлөх болон зөрчлүүдийг арилгах, Нийслэл хотын өмнө тулгамдсан асуудал болсон ундны усны найдвартай эх үүсвэрийг хамгаалахтай холбогдсон үе шаттай ажил зохион байгуулах үүрэг чиглэлийг нийслэлийн холбогдох нутгийн захиргааны байгууллагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт өгөх зайлшгүй шаардлага тулгарсан гэдгийг Б.Отгонсүх дарга хуралдаанаар онцолж хэлсэн юм.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, албан даалгаврын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, албан даалгаврыг батлав.
Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг хэлэлцэв
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төсөл байв. Журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэлээ.
Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгмийн олон талт чухал ач холбогдолтой юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Иргэдийн дунд соёл, хүмүүнлэгийн чиглэлээр нийгмийн сайн сайханд уриалсан олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж, хамгийн олон хүнийг хамруулан, хорооныхоо иргэдийн оролцоог хангасан хүнийг Соёлын элчээр ажиллуулахаар сонгон шалгаруулж, урамшуулах асуудал яригдана. Шинийг санаачлагч, манлайлагч хүнийг сонгох ёстой. Олон нийтийн дунд дахин санал асуулга явуулах шаардлагатай. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэн зөв мэдээ мэдээллийг түгээж, олон хүмүүсийн оролцоог хангаж ажилла. Нийслэл хотын хэмжээнд Соёлын элч шалгаруулах уралдаан зохион байгуул. Журмын төсөлд бүх зүйл тодорхой, дэс дараатай тусгагдсан байх ёстой” хэмээлээ.
Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, дараагийн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болов.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ