"Үндсэн хуулийн 35 хувьд багтааж өөрчлөлт оруулахаар зөвшилцөнө"

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

"Үндсэн хуулийн 35 хувьд багтааж өөрчлөлт оруулахаар зөвшилцөнө"

"Үндсэн хуулийн 35 хувьд багтааж өөрчлөлт оруулахаар зөвшилцөнө"

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, санал болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй уялдуулах зөвшилцөх ажлын хэсгийг байгуулсан билээ. Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, орлогч даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллаж буй. Харин гишүүдэд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, С.Эрдэнэ нар багтсан.

Зөвшилцөх ажлын хэсэг өнөөдөр /2019.07.19/ анхныхаа хурлыг Ерөнхийлөгчийн өрөөнд хийж, ажлын төлөвлөгөөгөө баталсан байна. Энэ талаар ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Ажлын хэсгийн хэсгийн Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ “Ажлын хэсгийн хуралдаан наймдугаар сарын 9-н хүртэл тасралтгүй явна. Ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцүүлгүүд хийж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ард иргэд, эрдэмтэн судлаачид, төрийн болон ТББ-уудын саналыг сонсох зорилгоор таван удаагийн хэлэлцүүлэг хийх төлөвлөгөөг гаргалаа.

  • Даваа гаригт Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж тогтвортой байдлыг хангахтай холбоотой хэлэлцүүлэг 10.00 цагт
  • Мягмар гаригт парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой хэлэлцүүлэг 10.00 цагт
  • Лхагва гаригт шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой хэлэлцүүлэг 10.00 цагт
  • Пүрэв гаригт нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэг 10.00 цагт
  • Баасан гаригт Байгалийн баялаг, эдийн засагтай холбоотой хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгүүдэд Ерөнхийлөгч оролцоно. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан хуулийн танилцуулга хийгдэнэ” гэв.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Наймдугаар сарын 9-нийг хүртэл хоёр хуулийн төслийг нэгтгэх ажлыг хийнэ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу УИХ ийм шийдвэр гаргасан. Үүний дагуу УИХ-ын гишүүд удирдамж аваад нэгдэх өдрөөс эхлэн тойрогтоо ажиллана. Гишүүд тойрогтоо ажиллахдаа 62 гишүүний өргөн барьсан төсөл, түүнтэй холбоотой гишүүдээс гарч байгаа саналууд, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, АН-аас гаргаж байгаа саналуудыг ард иргэдэд танилцуулна. Ажлын хэсэг тасралтгүй ажиллана. Ирэх долоо хоногт тасралтгүй хэлэлцүүлэг хийнэ. Түүний дараа төслүүдийг нэгтгэх, цэгцлэх ажил руугаа орно.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээр АН өөрсдийн саналаа хэлэлцэж байгаа, хуулийн төсөлтэй нэгтгээд Үндсэн хуульд маш зөв өөрчлөлт ороосой гэсэн байр сууринаас хандаж байгаа. Хамгийн гол нь хэлэлцүүлэг явуулахдаа нэг талын байр суурийг авч үзэлгүйгээр бүх саналыг ижил төвшинд авч хэлэлцэх ёстой. Бүх саналыг нэгтгэсний дараа ард нийтийн санал асуулга явуулах тал руу орох байх. УИХ дангаараа Үндсэн хуульд гар хүрэх эрх байхгүй. УИХ дээр нэгтгэгдсэн саналыг ард нийтээрээ баталгаажуулах нь туйлын зорилго.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төслөөс тодорхой саналуудыг нь тусгавал Үндсэн хуулийн нийт хэдэн хувьд нь өөрчлөлт орох вэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн 20 зүйлийг 52 заалтаар хөндөж байгаа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн хувьд Үндсэн хуулийн 20 зүйлийг 49 заалтаар хөндсөн. Хувиар нь тооцвол аль аль нь Үндсэн хуулийн 28 хувийг өөрчлөх юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн 35 хүртэлх хувийг хөндсөн тохиолдолд нэмэлт өөрчлөлт гэж үзнэ. 35 хувиас дээш тохиолдолд шинэ Үндсэн хууль батлах асуудал үүснэ гэж заасан байдаг. Үүнтэй уялуулан хоёр хуулийн төслийн саналуудын давхарлалтыг хасвал Үндсэн хуулийн 41 хувьд өөрчлөлт орохоор байгаа юм. Тиймээс 35 хувьд багтаахын тулд талууд зөвшилцөж ойлголцох ёстой.

– Хоёр намын аль аль нь  ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байсан. Энэ байр сууриндаа одоо хэвээр байгаа юу?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд олон нийтийн дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулсан. Хуулийг баталж дуусах хүртэл тасралтгүй хэлэлцүүлгүүд хийгдэх учраас иргэдийн санал бодлыг сонсоно. Ард нийтийн санал асуулга явуулах эсэх асуудал хоёрдох хэлэлцүүлгийн дараа яригдана.

УИХ-ын гишүүн  Д.Тогтохсүрэн: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналын үндсэн дээр шийдвэрлэнэ гэж манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс ард нийтийн санал асуулгыг явуулах нь зүйтэй гэдэг өмнөх байр сууриндаа хэвээр байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа уг асуудлыг намын бүлэг тусгайлан авч хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргана.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Манай байр суурь тодорхой. Ард нийтээр хэлэлцүүлэхүйгээр баталж болохгүй гэдгээ бид хэдэнтээ хэлж байгаа. Үүнд эргэлзэх учир шалтаан байхгүй. Зөвшилцөж, ойлголцоод парламентынхаа баталгаажуулсан хуулийг шинэчилж өөрчилж чадаж байгаа бол ард түмэн дэмжинэ гэж бодож байна. Түүнээс биш хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа санал асуулга явуулах эсэхийг шийдвэрлэнэ гэсэн бөөрөнхий тайлбар байж болохгүй. Үүнд нэгдмэл ойлголттой байх ёстой.

Гишүүд 22-ны өдрөөс эхлэн тойрогтоо ажиллана. Зөвшилцөх ажлын хэсгээс тодорхой санал, шийдвэр гараагүй байхад гишүүд тойрогтоо очоод юу ярих вэ гэдэг нь ойлгомжгүй байна л даа. Хоёр хуулийн төслийн алийг нь тойргийн иргэддээ танилцуулах юм бэ?

-УИХ-ын гишүүн долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 9-ныг хүртэл тойрогтоо ажиллана. Өмнө хуулийн төслийн нэгдэх хэлэлцүүлгийн дараа гишүүд тойрогтоо ажилласан. Энэ удаагийн уулзалтаар гишүүд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн талаар иргэдэд тайлбарлаж, санал бодлыг нь сонсоно. Гишүүдийн тойрогтоо хийх уулзалтын удирдамж, чиглэлийг УИХ-ын Тамгын газраас бэлтгэнэ.

-Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагчаар Ерөнхийлөгчийг томилох ямар шаардлага байсан юм бэ. Хуулийн төслийг санаачилсан хүний хувьд Ерөнхийлөгч аль болох өөрийнхөө саналыг тусгахыг илүүд үзнэ гэж харж байна?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.3.4-т “Чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн  ямар зүйл, заалтыг нь Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах уу гэдгийг нэгтгэх учраас Зөвшилцөх ажлын хэсгийн Ерөнхийлөгчөөр ахлуулсан. Намууд болон ард иргэдийн санал бодлыг сонсох шаардлагатай учир Монгол Улсын төрийн тэргүүний хувьд ахлах нь зөв гэдгийг хууль санаачлагчид хоорондоо ойлголцсон юм билээ. Өмнө нь ч ийм жишиг байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж