Мал эмнэлгийн ерөнхий газраас /МЭЕГ/ өнөөдөр /2019.07.19/ орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэх ажлын талаар мэдээлэл хийлээ.
163 МЯНГА 728 ШИРХЭГ СЭГ ЗЭМИЙГ УСТГАЛАА
МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны зургадугаар сарын 26-ны өдрийн “Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэх шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах тухай” 02 тоот албан даалгавар гарсан. Үүний хүрээнд улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр МЭЕГ-ын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгүүдийг долдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, бүх аймгуудад ажиллуулсан.
Нийт 21 аймгийн хэмжээнд бэлчээрийн талбай малын өвөлжөө хаваржааг ариутгахаас гадна малын түүхий эд бүтээгдэхүүний хадгалах цэг, зоорь агуулах тэжээлийн агуулах түүхий эд бэлтгэн нийлүүлдэг цэг талбай, малын тоног хэрэгсэл, зэргийг нэмж устгасан. Үүнд аймаг орон нутгийн удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч ажилласан гэдгийг дурдах нь зөв байх. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 163 мянга 728 ширхэг сэг зэмийг устгасан байна. Мөн 439 зоорь агуулах, 18 мянга 795 малын хашаа, 397 худаг, 31 тэжээлийн агуулах, түүхий эд хадгалах 33 цэг, малын 3115 тоног хэрэгсэл ариутгаж нийт улсын хэмжээнд 16.5 сая метр квадрат талбайд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Энэхүү ажиллагаанд тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийснээр малын гоц халдварт өвчин бэлчээрийн бохирдлоос үүсэх өвчний гаралтыг эрс багасгах юм” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ