NBA-ын финалын тоглолтыг үзэхээр АНУ-ыг зорьсон Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний биеийн байдал гэнэт муудаж Калифорниад яаралтай эмнэлэгийн тусламж авсан билээ. Элэг шилжүүлэн суулгах болсон О.Дөлгөөний бие байдал баяр наадмын өмнө сайн байна гэсэн мэдээллийг ар гэрийнхэнээс нь өгөөд байсан юм. Тэгвэл түүний биеийн байдал долдугаар сарын 11-ий өдрөөс эхлэн гэнэт мууджээ. Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Түүний аав, ээж баяр наадмын өмнө АНУ-ыг зорьсон бөгөөд эгч болон ойр дотнын хүмүүс нь дэргэд нь байгаа ажээ.
О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан хандивын арга хэмжээ үргэлжилсээр байна. Энэхүү арга хэмжээ түүний биеийн байдал муудсан үеэс буюу өнгөрөгч зургадугаар сараас эхэлсэн. Монголоос төдийгүй гадаадын олон орноос эмчилгээнд зориулсан мөнгөн тусламжийг үзүүлсээр байна. Энэ долоо хоногт Австрид улсад амьдардаг монголчууд нэгдэн тусламжийн мөнгөн хандивыг өргөжээ.
Мөн О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулсан спортын арга хэмжээ болох гэж байна. 1990-ээд оны шилдэг төвийн тоглогчдын нэг ОУХМ Д.Гүржав багшийн санаачлагаар долдугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн спортын ордонд Монголын эрэгтэй, эмэгтэй шилдэг тамирчдын хамтарсан тоглолтыг хийхээр болжээ. Энэхүү тоглолтоос олсон орлогийг О.Дөлгөөний эмчилгээний зардалд зориулах юм.
Сошиал орчинд өрнөөд буй #Pray4Dulguun аян нь Дэлхийн спортын эрүүл мэндийн байгууллагаас хандив авах боломж бүрдүүлж байгаа юм.
2018-2019 оны сагсан бөмбөгийн оюутны лигийн тэмцээнд эрэгтэй 40 баг өрсөлдөж, “Этүгэн Ирвэсүүд” баг аваргын алтан медалийг хүртсэн. Тус багийн тоглогч О.Дөлгөөн финалын үнэ цэнэтэй тоглогч болж, NBA-ийн тоглолтыг үзэх эрхтэй болжээ. Гэвч түүний биеийн байдал АНУ-д очсон хойно гэнэт муудаж, Калифорниад яаралтай эмнэлэгийн тусламж авсан юм.
О.Дөлөөний биеийн байдлын талаарх мэдээллийг ар гэрийнхэнээс нь Mongolia for Dulguun хуудсаар дамжуулан хүргэж байна.
Холбоотой мэдээ