Төрийн байгууллагын холбогдох мэргэжилтнүүдээс мэдээ, мэдээлэл авах гэж өдөржин гүйгээд, эцэст нь ямар ч албаны хариултгүй буцах юм, сэтгүүлчид бид. Гэрээ байгуулж, хэрэгтэй цагтаа тэд дуудахгүй л бол сонирхсон асуултад хариулна гэж үгүй. Салбарыг хариуцсан мэргэжилтэн даргаас зөвшөөрөл ав гэх, харин дарга нь Олон нийттэй харилцахаас цаг ав гэнэ. Олон нийт нь амарчихсан, эсвэл ажлын байран дээрээ байхгүй, залгавал утсаа авахгүй.
Уг нь хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж бид иргэдэд үнэн зөв мэдээллийг эх сурвалжаас нь тэнцвэртэй хүргэх эрхтэй, харин иргэдэд үйлчилж байгаа төрийн үйлчилгээнийхэн мэдээллээр хангах үүрэгтэй. Гэвч энэ бодит байдал дээр хэрэгжихэд учир дутагдалтай байна.
Монгол улсын 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн Гуравдугаар бүлгийн 11-р зүйлд 1-д зааснаар
11.1. Иргэн, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй: Үүнд:
11.1.1. Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл
11.1.2. Тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл
11.1.3. Тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл зэрэг орно.
Гэвч төрийн байгууллагууд мэдээллээр хангах энэхүү үүргээ биелүүлэхгүй байна. Тухайлбал: В вирусийн эсрэг дархлаажуулалтын вакцинд иргэдийн хамрагдалт хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл авахаар “Халдвар судлалын үндэсний төв”-ийн Дархлаажуулалтын албыг зорилоо. Нэг давхарт вакцины сувилагчид учраа хэлэхэд “Манай эмчээс асуу” гэсэн хариулт өгөв. Эмч нь ажлын байран дээрээ байхгүй, хэсэг хүлээв. Гаднаас орж ирэхийг нь андаж байгаад өрөөнд нь орж яваад орлоо. “Би одоо боломжгүй байна, яаралтай гарах хэрэгтэй байна, чи олон нийттэй харилцах ажилтантай уулз” гэлээ. Түүний хэлснээр дөрвөн давхарт гарахад Дархлаажуулалт хариуцсан эмчийг зааж өгөв. Өрөөнд ороход Их эмч О.Ууганцэцэг “Дарга одоогоор байхгүй байна. Ирэхээр нь та мэдээлэл аваарай. Даргын зөвшөөрөлгүй бол мэдээлэл өгөхгүй, вакцинд хамрагдалтын хувийг буруу, зөрүү хэлж болохгүй “ гэх юм. Даргыг хүлээвэл хэр удахыг мэдэхгүй.
Эндээс гараад Чингэлтэй дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийг зорилоо. Учир нь долдугаар сарын нэгнээс В-ийн эсрэг вакциныг есөн дүүргийн Эрүүл мэндийн төвөөр хийж байгаа. Энд ирэхэд үүдний хүлээн авах Хайлаастын 84-р төв дээр вакцин хийж буйг хэлэв. Ажлын цаг дуусахад 20 минут үлдсэн тул тийш яваад хэрэггүй байлаа. Энэ үед гаднаас вакцин хийлгэхээр нэгэн иргэн орж ирээд, бас л Хайлааст руу явах хариу сонсов. Үүнд бухимдсан иргэн санал хүсэлтийн дэвтрийг нь эрж эхлэхэд түүнээс учрыг нь лавлав.
-Вакцинд хамрагдахаар ирсэн юм уу, яагаад бухимдав?
-Дархлаажуулалтын вакцин хийж буй талаар ажлынхаа хүнээс сонсон юм. Гэхдээ хаана хандахаа мэдэхгүй, эхлээд өрх дээрээ очсон. Тэнд надад тодорхой хариулт хэлээгүй, буцаад утсаар холбогдъё гэсэн. Гэвч яриагүй. Дүүргийн эрүүл мэндийн төвөөр хийж байна гэдгийг олж мэдээд ажлынхаа заваар ирлээ. Үүдний хүлээн авах Хайлааст руу яв гэсэн хариу өгч байна. Сорил яаж хийлгэх вэ, энэ талаар мэдээлэл авъя гэхэд мэдэхгүй гэв. Мэдэх хүн байна уу гэвэл одоо ажил тарж байна гэнээ. Уг нь одоо 17 цаг болохоос 15 минут дутуу байгаа биз дээ. Ингэхлээр бухимдахгүй яах юм бэ, бид хаанаас мэдээлэл авах учраа ч олохгүй байна.
-Сайн дурын дархлаажуулалтад яагаад хамрагдахаар болов?
-Тийм ээ, манай аав В вирустэй удаан явж, тэр нь D болж хувирсныг мэдээгүй. Ингээд элэгний хавдар болж, саяхан өөд болсон юм. Хүн ер нь өвдсөн хойноо бус урьдчилан сэргийлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Манай Монголчууд хөөрхий хавдраар л их явж байна даа. Үүнд бидний амьдарч байгаа орчин нөхцөл, агаарын бохирдол, амьдралын хэв маяг их л нөлөөлдөг байх.
-Одоо тэгээд вакцинаа яаж хийлгэх вэ, Хайлааст руу явах юм байна?
-Харин тийм ээ. Тэнд нь тэгээд хоёр цагаас хойш хийдэггүй гэж байна. Ажилтай хүмүүс тэгэхээр яаж хамрагдах болж байна?, хол газар шүү дээ. Ямар ч мэдээлэл, зохион байгуулалт, хүмүүсээ бүрэн хамруулах сэтгэл алга. Шат шатандаа үүнийг анхаармаар байна. Юу ч гэсэн санал гомдлоо бичээд үлдээнэ, уншдаг байлгүй дээ.
Энэ бол төрийн байгууллагуудын нийтлэг жишээ. “Нийслэлийн Эрүүл мэндийн газар”, “Өргөө амаржих газар” гээд ялангуяа эмнэлгийн байгууллагуудтай холбоотой хүнд суртал их. Сэтгүүлчдээс “харшилтай” мэт аашилна, сэтгүүлчид мэдээлэл авах гэж тэднийг царайчилна. Харин энэ дунд нь иргэд мэдээлэлгүйн улмаас тодорхой үйлчилгээ авч чадахгүй хохироод үлдэх нь бий. Ажлаа мэддэггүй, айдастай мэргэжилтэн, мэргэжилтнээ дарамталдаг дарга нарын хэн нь иргэдийг мэдээллээр хангах вэ?
Холбоотой мэдээ