"Дейнохейрус мирификус үлэг гүрвэлийг үзүүллээ"

Хуучирсан мэдээ: 2019.07.19-нд нийтлэгдсэн

"Дейнохейрус мирификус үлэг гүрвэлийг үзүүллээ"

"Дейнохейрус мирификус үлэг гүрвэлийг үзүүллээ"

Японы Токио хотын Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музейд “Дино Экспо-2019” үлэг гүрвэлийн үзэсгэлэн долдугаар сарын 13-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд үлэг гүрвэлийн олдвор цуглуулга, судалгаагаар дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдсэн АНУ, БНХАУ, Канад, Монгол, Япон орноос гадна Өмнөд Америкийн Аргентин зэрэг орнуудаас оролцож, дэлхий нийтийг шуугиулах өмнө нь толилуулж байгаагүй цоо шинэ олдвор цуглуулгуудыг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлж байгаа юм байна. Энэ талаар ШУА-ийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, олдвор цуглуулгын сан хөмрөгч, доктор Ц.Чинзоригтой ярилцлаа.


-"Токио 2020" олимпийн наадмыг угтсан "Дино Экспо-2019" олон улсын үлэг гүрвэлийн үзэсгэлэнд манай улсаас оролцлоо. Үзэсгэлэнгийн талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

–  “Дино Экспо-2019” үзэсгэлэнд сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн палеонтологийн шинжлэх ухаанд үсрэнгүй дэвшилд хувь нэмэр оруулсан, орон орны төлөөлөлд зүй ёсоор багтсан үлэг гүрвэлийн олдворуудаа дэглэн үзүүллээ. Эдгээр ховор, шинэ олдворуудыг нэг дор үзэж танилцах нь их ховор тохиолдол. Миний хувьд энэхүү үзэсгэлэнг дэглэж, олон нийтэд толилуулах ажлын хэсэгт багтсандаа сэтгэгдэл өндөр байна. Манай улсаас экспод 14 олдвор, үзмэрийг толилуулсан. Манай олдвор, цуглуулгууд үзэсгэлэнгийн томоохон хэсгийг бүрдүүлж байгаа бөгөөд түүн дотроос онцлон хэлэхэд Монголын Дейнохейрус мирификус (Deinocheirus mirificus) үлэг гүрвэлийн хэлхээ араг ясны хуулбар эх хувь анх удаагаа дэлхий нийтэд толилуулагдаж байна.

Харагдах байдлаараа онцгой сонин Дейнохейрус нэртэй үлэг гүрвэлийн тухай уншигчдадаа сонирхуулахад манай эриний өмнөх хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан амьтан бол?

– Энэхүү үлэг гүрвэлийн аварга урд сарвуу /2.4 м урт/ -г анх 1965 онд Монгол-Польшийн палеонтологийн хамтарсан экспедицийн судалгааны баг олж тогтоож байсан юм. Уг олдворыг судлах явцад урьд өмнө олдож байгаагүй шинэ төрөл зүйл болохыг нь тэр үед тогтоож, шинэ төрөл, зүйлд ангилан, Deinocheirus mirificus нэрийг Польшийн эрдэмтэд өгсөн. Уг олдвор одоогоос 50 гаруй жилийн өмнө олж тогтоогдсон бөгөөд дараагийн олдворууд нь Олон Улсын палеонтологчидыг хамруулсан экспедицийн баг 2006, 2009 онуудад биеийн бусад хэсгүүдийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Хожуу цэрдийн Нэмэгтийн олдворт газраас олж тогтоосон. Судалгааны үр дүнг Байгалийн Шинжлэлийн чиглэлээр олон улсад дээгүүрт эрэмблэгддэг Nature сэтгүүлд нийтлүүлсэн юм. (Lee et al., 2014) Дейнохейрус мирификус үлэг гүрвэл нь холимог идэшт аварга амьтан байсан нь түүний гэдэсний орчимд хамтдаа хадгалагдан үлдсэн гэдэсний чулуу (gastroliths) болон загасны нурууны үе, ясны хэсгүүд тодорхойлж байгаа ба тэрээр одоогоос 70-66 сая жил буюу үлэг гүрвэлийн сүүлийн цаг үе буюу Цэрдийн галавын түрүү үед амьдарч байсан.

Дейнохейрус ангилалзүйн судалгаагаар тэмээн хяруул төст үлэг гүрвэлийн овогт хамаарагдсан ба одоогоор дэлхийд тогтоогдоод байгаа хамгийн үлэмж биетэй төрөл зүйлд тооцогдож байна.

Түүний биеийн хэмжээ нь 11 м урт, өндөр нь орчин үеийн орон сууцны барилгын гурван давхартай тэнцэх хэмжээтэй бол биеийн жин 6.5 тонн амьтан болох нь судалгааны үр дүнгээр баталгаажсан юм. Дейнохейрус үлэг гүрвэл нь бидний сайн мэдэх Тарбозавр батаар (Tarbosaurus bataar Maleev, 1955), аварга нугасан хушуут үлэг гүрвэл – Завролофус (Saurolophus angustirostris Rozhdestvenskii, 1952) зэрэг үлэг гүрвэлүүдтэй нэг цаг үед хамт амьдарч байсан ба энэ цаг үед манай дэлхий уур амьсгал нилээд солигдмол улирлын шинж чанартай байсан нь геологийн хурдас хуримтлалын судалгаа баталдаг.

-Үлэг гүрвэлийн судалгаа, олдвороор АНУ, Хятад улс дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг. Мөн Япон улс ч бас палеонтологийн чиглэлд илүү анхаарч ажиллаж байх шиг. Эдгээр улс орнуудын хувьд үзэсгэлэнгийн үеэр ямар, ямар олдворуудыг сорчлон үзэгчдэд толилуулсан бэ?

Энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго нь үлэг гүрвэлийн судалгааны сүүлийн 50 жилийн ололт амжилтуудаас олон нийтэд танилцуулахыг зорилгоо болгосон. Гол үзэсгэлэнгийн агуулга ч энэ хүрээг хамарсан. Энэ хүрээнд Умард Америк, Хятад, Япон, Өмнөд Америкийн үлэг гүрвэлийн төлөөлөл болсон олдворуудыг дэлхий нийтэд сонирхуулж байна.

Умард Америк болон БНХАУ бол палеонтологийн салбарт, түүн дотроо үлэг гүрвэлийн судалгааны үр дүнгээрээ олон улсад дээгүүр байр суурь эзэлдэг. Эдгээр улс орнуудтай Монголын палеонтологийн шинжлэх ухаан мөр зэрэгцэн алхаж байдаг. Энэ утгаараа үзэсгэлэнд оролцож буй улс орнууд өөрийн улс орны нэрийг тахалсан олдвор, үзмэрүүдээ дэлгэн үзүүлж байна билээ. Жишээ нь, урд хөршийн тухайд орчин үеийн шувуудын өвөгтэй удам төрлийн нэлээд ойрын хамааралтай гэх өдөт үлэг гүрвэл археоптериксын олдворуудыг толилуулж байсан.

Мөн үзэсгэлэн дэлгэн танилцуулж байгаа Япон улсын олдворын бүрдэлд сүүлийн жилүүдэд палеонтологийн салбарт томоохон нээлтүүдийг хийсэн олдворуудаа танилцуулж байгаа юм. Тухайлбал, 2013 онд Японы Хоккайда мужаас олж тогтоогдсон 70 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн идэшт, нугасан хушуут үлэг гүрвэлд хамаарагдах, 90-95 хувийн ясны бүрэн бүтний бүрдэлтэй олдвор, “Мукава-рию” –ыг анх олон нийтэд танилцуулж байна. Уг олдворын онцлог нь одоогоор Япон орноос энэ бүлгийн үлэг гүрвэлд хамаарагдах хамгийн бүтэн олдвор юм. Энэхүү шинэ үлэг гүрвэлийн судалгааны ажилд миний бие бусад судлаачдын хамтаар ажилласан ба шинэ үлэг гүрвэлийн судалгааны ажил үндсэндээ хийгдээд, эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлүүлэх судалгааны эцсийн шатандаа явж байна.

Япон орон нь арлын орон учраас эртний далай, тэнгисийн амьтдын олдвороор баялаг. Монгол Улс их газрын орон учраас хуурай газрын үлэг гүрвэлийн бүрдлээрээ баялаг байдаг.

Манай улсад сүүлийн жилүүдэд хамтарсан экспедицийн хайгуул малтлага ажлын хүрээнд олдворын бүрдлээрээ бүтэн, энэхүү шинжлэх ухаанд дорвитой хувь нэмэр оруулах магадлал өндөр цөөнгүй олдворууд олдсоор байгаа бөгөөд, “Дино Экспо-2019” -д судалгаа, шинжилгээ хийгдсэн олдворуудаасаа толилуулж байна.

– Үзэсгэлэнд үлэг гүрвэлийн ямар ямар олдворуудыг Монголын “нэрийн хуудас” болгов. Ховор нандин үнэ цэнэтэй болон том хэмжээтэй олдвор цуглуулгаа хуулбарлан танилцуулсан уу?

Үзэсгэлэнд нийтдээ 14 олдворыг дэлгэсэн. Мэдээж, сүүлийн 50 жилийн хүрээнд дан ганц Монгол төдийгүй дэлхийд хамгийн сонирхол татаж байгаа олдвор бол Дейнохейрус үлэг гүрвэл юм. Тиймдээ ч, Дейнохейрусын олдвор нь энэ үзэсгэлэнгийн нүүр царай болж байгааг хамтран зохион байгуулж байгаа албаны хүмүүс үзэсгэлэнгийн нээлтийн үеэр илэрхийлж байсан.

Дейнохейрус үлэг гүрвэлийн олдворын дагалдах хэсэг болох толгой, гэдэсний чулуу /тухайн амьтны гэдэс орчимд чулуужсан хэсэг, идэш тэжээлийг нь тогтоох судалгаанд  хамгийн чухал байр суурь эзэлдэг/, сүүлний үзүүрийн хэсэг зэрэг олдворуудын жинхэнэ нь тавигдсан бол тухайн амьтны бүрэн бүтэн байдал, хүндийн жингээс шалтгаалан бүрэн эх хувилбарыг хуулбар хэв маягаар үзэгчдэд сонирхуулж байгаа юм. Уг хуулбар эх хувийг Японы энэ чиглэлээр мэргэшсэн “Гоби Суппортс” компанийн мэргэжилтнүүд болон манай хүрээлэнгийн энэ чиглэлээр мэргэшиж байгаа эрдэм шинжилгээний туслах ажилтнууд бүтээснийг энд онцолж хэлэх нь зүйтэй юм.

Түүнчлэн, судалгаа нь үргэлжилж байгаа холимог идэшт теризиннозавр үлэг гүрвэлд хамаарагдах олдворыг толилуулж байгаа. Энэхүү олдворыг анх 2012 онд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн судлаачид Өмнөговь аймагт Уул, уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Оюутолгой” компанийн талбайд хийсэн тандан судалгааны явцад олж илрүүлсэн юм. Олдворын онцлог нь теризиннозавр бүлгийн үлэг гүрвэлүүдийн хувьсал хөгжил нь голдуу сарвуундаа гурван хуруутай байдаг бол уг олдвор нь тэдгээрээс ялгарч сарвуундаа хоёр хуруутай болсон уг амьтны хувьсал хөгжлийн амьдралын хэв маягт шинэ мэдээлэл, өөрчлөлт гаргах олдворт тооцогдож байгаа юм.

Мөн 20 гаруй жилийн туршид Европын хотуудаар тойрон толилуулагдаж байсан Монголын үлэг гүрвэлийн олдворууд энэ үзэсгэлэнд тавигдсан байгаа. Тухайлбал, холимог идэшт, тэмээн хяруул төст үлэг гүрвэл, Ансеримимус. Нэгтгэн хэлэхэд, Монголоос танилцуулагдаж байгаа олдворуудын дийлэнх нь үлэг гүрвэлийн эриний сүүлийн цаг үед амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн төлөөллүүдийг дэлхий нийтэд сонирхуулж байна.

-Тун удахгүй манай улсад үлэг гүрвэл судлаачдын Олон Улсын чуулга уулзалт болох гэж байна. Үлэг гүрвэлийн өлгий нутагт энэ уулзалтыг зохион байгуулж байгаа нь их нэр төрийн хэрэг байх. Энэхүү  уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэх вэ, бэлтгэл ажил хангагдсан уу?

– Азийн Динозаврын Холбоо (Asian Dinosaur Association) -оос хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Олон Улсын үлэг гүрвэл, эртний шим ертөнцийн судалгааны чиг баримжаагаа болгодог судлаачдын чуулга уулзалтын IV дүгээр их хурлын үйл ажиллагаа долдугаар сарын 24-29 –ны хооронд манай улсад зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хийж байна. Хоёр өдөр хуралдаж, хээрийн экскурс зохион байгуулна. Хээрийн экскурсийг Өмнөговь аймгийн Баянзаг, Төгрөгийн ширээ, Алаг тээг зэрэг үлэг гүрвэлийн олдворт газрууд болон геологийн сонирхол татахуйц тогтоц бүхий Цагаан суварга байгалийн цогцолбор газруудыг уг хээрийн экскурсийнхээ маршрутаар сонгосон. Хуралд 14 орны нийт 100 гаруй төлөөлөгчид оролцох ба өөрсдийн судалгаа, шинжилгээний ажлаа танилцуулах, санал солилцох, туршлага судалсан нэлээд ажил хэрэгч уулзалт болно гэж зохион байгуулагч орны хувьд харж байгаа. Хурлын үеэр болж өнгөрөх бас нэг зохион байгуулалтын ажил бол тавдугаар их хурал болох орноо сонгох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж