Чингисийн баримлыг татвараас чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Чингисийн баримлыг татвараас чөлөөллөө

УИХ чуулганы үдээс хойшхи хуралдаанаараа Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Ингэснээр “Чингис хаан” бүтээлийг Монголд ирэхэд дээрх төрлийн татвараас чөлөөлөх болж байгаа юм.

Англи улсад байсан уг бүтээлийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ 3 сая еврогоор худалдан авч, эх орондоо авчирч байгаа аж. Дэлхийн хосгүй бүтээлд тооцогдож байгаа энэхүү бүтээлийг дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаков урлажээ.

Өнгөрсөн өдрүүдэд дээрх бүтээлийг хаана байршуулах талаар нэлээд маргаан өрнөсөн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тайлбарласнаар бол нийслэлчүүдийн хамгийн олноороо цугладаг газарт байршуулна. Тэр нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болж мэдэхээр байгаа.

Жолоочийн зөрчлийн мэдээллийг Лицензийн төв бүртгэнэ

УИХ-аар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр жолоочийн зөрчлийн мэдээллийг Лицензийн төвд бүртгэдэг байх санал гишүүдийн 75.5 хувийн дэмжлэг хүлээж төсөлд суулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тайлбарласнаар энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх шатанд гишүүд тал бүрээс нь ярилцсаны эцэст Лицензийн төв жолоочийн зөрчлийг цаг тухай бүрт нь бүртгээд явах нь зохистой гэж үзсэн байна.

Мөн 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүй зам хөндлөн гаргаж болохгүй гэсэн санал,

Жолоочийн болон олон улсын жолоочийн үнэмлэхийг олгох, бүртгэх ажлыг жолоодох эрхийн шалгалтын төв хариуцан гүйцэтгэнэ,

Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоочийн үнэмлэх олгох журам, жолоочийн үнэмлэхийн загвар, үнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална гэх саналууд тус бүр гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээж төсөлд суулаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг баталснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа жолооч нарт ногдуулах хариуцлага илүү чангарч байгаа юм. Тодруулбал, сог­туугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад жолоо барих эрхийг хоёр жи­лээр хасна.  Энэ үйлдлээ дахин давтвал жолоо барих эрхийг нь гурван жилээр хасахаар заагаад байгаа юм.

Энэ өдрийн чуулганы хуралдаанаар Нийтийн сонсголын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч зарчмын зөрүүтэй саналын томъёолол олон байгаа тул цаг тавиу хэлэлцэх ёстой гэж үзсэнээр маргааш өдөрт шилжүүллээ.

Хувьцааны асуудлыг дахин хэлэлцэхээр болов

УИХ энэ өдрийн хуралдаанаараа Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч нэр бүхий компанийн хувьцааны 10 хүртэл хувийг ажиллагсдад нь олгох гэсэн заалтыг дахин нягтлах ёстой гэж үзсэнээр энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэхээр болж, хойшлууллаа.

Төрийн өмчит компанийн хувьцааны 10 хүртэл хувийг зөвхөн ажиллагсдад нь олгоно гэх нь хэт явцуу бусад нь хувьцаа авах боломжгүй болгоно гэдгийг зарим гишүүн хэлсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “УИХ өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх үеэр 10 хувийг хасъя, болъё гэсэн. УИХ-ын дарга чиглэл өгч, байнгын хорооны дарга тэр дагуу өөрчлөхөөр болж тал талдаа ойлголцсон. Ийм байтал саналын томъёоллыг нь засаагүй, хэвээр нь оруулаад ирдэг нь ямар учиртай юм бэ. Өмч хувьчлалыг эхлүүлж байсан 1990-1991 оны үед ижил гараанаас гарч байх үед ийм арга зөв байсан байх. Одоо бол ийм арга хэмжээ авч болохгүй гэсэн юм.

Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо маргааш үдээс өмнө хуралдаж, уг хуулийн төслийг хэлэлцэн, маргаан дагуулсан энэ асуудлыг цэгцэлж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж ирэх даалгавар аваад байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж