УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн ч нэр бүхий компанийн хувьцааны 10 хүртэл хувийг ажиллагсдад нь олгох гэсэн заалтыг дахин нягтлах ёстой гэж үзсэнээр энэ асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэхээр болж, хойшлууллаа.
Төрийн өмчит компанийн хувьцааны 10 хүртэл хувийг зөвхөн ажиллагсдад нь олгоно гэх нь хэт явцуу бусад нь хувьцаа авах боломжгүй болгоно гэдгийг зарим гишүүн хэлсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “УИХ өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх үеэр 10 хувийг хасъя, болъё гэсэн. УИХ-ын дарга чиглэл өгч, байнгын хорооны дарга тэр дагуу өөрчлөхөөр болтол хэвээр ороод ирдэг нь ямар учиртай юм бэ. Өмч хувьчлалыг эхлүүлж байсан 1990-1991 оны үед ийм арга зөв байсан байх. Ижил гараанаас гарч байх үед. Одоо бол ийм арга хэмжээ авч болохгүй гэсэн юм.
Тиймээс УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо маргааш үдээс өмнө хуралдаж, уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Г.ДАРЬ