УИХ-ын гишүүн Д.Ганбатын өргөн мэдүүлсэн “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд прокурорын бүтцэд өөрчлөлт оруулж, зохион байгуулалтыг өөрчилснөөр дахин төсөв мөнгө хэрэгтэй эсэхийг лавласан юм. Энэхүү асуултад Улсын щрөнхий прокурор М.Энх-Амгалан “санхүүгийн хувьд асуудал үүсэхгүй. Тав орчим туслах ажилтны орон тоог л хэлэлцэнэ. Тэрнээс өөр өөрчлөлт орохгүй” гэсэн юм.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд “Гадаа өлгөдөг хаяг өөрчлөгдөнө. Тэмдэг баланк өөрчлөгдөнө гэсэн үг шүү дээ” гэж нэмж тайлбарлалаа. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гарч, гишүүдийн дийлэнх нь дэмжсэн. Иймээс тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах эсэх дээр санал хураалт явуулж, гишүүд дэмжсэн юм. Мөн тогтоолын төслийг бүхэлд батлах тухай санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар боллоо.
Д.ЖАРГАЛ