2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлав

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлав

2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.10.4-т “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлана” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлагыг тусгаснаар 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тайланг боловсруулсан. Тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвийн 2014 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашиг, алдагдлыг тодорхойлох боломжтой юм.

867.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ

Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсөв 867.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан гэнэ. Мөн төсвийн гүйцэтгэл төлөвлөсөн хэмжээнээс бага гарч, улмаар 495.8 тэрбум төгрөгийн төлөвлөгөөт арга хэмжээг санхүүжүүлэх боломжгүй болжээ. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл тухайн төсвийн жилийн ДНБ-ий хоёр хувиас бага байх ёстой. Гэтэл 2014 оны гүйцэтгэлээр дөрвөн хувьд хүрчээ. Түүнчлэн Засгийн газрын өрийн үлдэгдэл өмнөх оныхоосоо 35.5 хувиар өсч, ДНБ-ны 54.1 хувьд хүрсэн байна. Нэгдсэн төсвийн алдагдал нь төлөвлөсөн хэмжээнээс 36.2 хувь буюу 231.6 тэрбум төгрөгөөр, урьд оны гүйцэтгэлээс 3.8 дахин их буюу 543.3 тэрбум төгрөгөөр хэтэрсэн аж. Энэ нь орлогын бүрдүүлэлттэй уялдуулан зарлагын талаар оновчтой бодлого хэрэгжүүлээгүйтэй холбоотой болохыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг танилцуулах үеэрээ онцолсон юм.

Энэ үеэр хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд дараах асуудлтыг асуусан юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “400 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасарчээ. Өнгөрсөн онд ажлаа хийсэн хэдэн компани санхүүжилтээ авч чадаагүй байна вэ” гэж асуусан юм. Энэхүү асуултад Сангийн сайд Ж.Эрдэнэбат, 2014 оны төсвийн гүйцэтгэл 80 хувьтай байгаа. Концессийн гэрээгээр авсан ажлынхаа бүтээн байгуулалтыг 80 хувиас дээш гаргасан бол тухайн аж ахуйн нэгжүүдийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх талаар ярьж байгаа. Тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болно. Ойролцоогоор 160 тэрбум гаруй төгрөгийн асуудал бий” гэсэн юм.
Ийнхүү хэлэлцсэний дараа  тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.6 хувь дэмжлээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын хэмжээг дөрвөн их наяд 204 тэрбум 360 сая 500 мянган төгрөгөөр, төсвийн гүйцэтгэлийн зарлагын хэмжээг таван их наяд 229 тэрбум, 168 сая 500 мянган төгрөгөөр баталлаа.

Ийнхүү баталсны дараагаар УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудал цөөнгүй байгаа тул чуулганы хуралдааны цагийг сунгаж хуралдуулах болсныг мэдэгдлээ

Д.ЖАРГАЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж