Хар тамхины ертөнцийн хаан гэгддэг атигар буюу Эль Чапо хочит өдгөө 62 настай, Мексикийн иргэн Хоакин Гусманд АНУ-ын шүүх бүх насаар нь хоригдох ял оноосон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Гусманд бүх насаар хорих ял дээр дахин 30 жилийн хорих ял ногдуулсны зэрэгцээ 12,6 тэрбум ам.доллар төлөхийг шаардсан байна. Түүний өмгөөлөгчид энэ шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа мэдэгджээ.
“Хар тамхины хаан, загалмайлсан эцэг”, “Эль Чапо буюу Атигар”, “Робин Гүүд” зэрэг хочит тэрбээр Мексикийн хамгийн нэр нөлөө бүхий хүн юм.
Анх 1993 онд хар тамхи хууль бусаар борлуулсан, хүн амины хэргээр 20 жилийн хорих ял авч байсан ч торны цаанаас гэмт бүлэглэлээ удирдаж, гэртээ байгаа мэт тансагладаг байсан гэдэг. Улмаар 2011 онд шоронгийн хамгаалагчид авлига өгөн оргож, АНУ болон Мексикийн засгийн газар, Интерпол түүнийг дэлхий даяар эрэн сурвалжилсан билээ.
АНУ-ын засгийн газар түүний тухай мэдээллийг таван сая ам.доллараар худалдаж авахаа мэдэгдэж, Мексикийн засгийн газар ч мөн дутахааргүй шан харамж амлаад байв. 2014 оны хоёрдугаар сард түүнийг “Синалоа” бүлэглэлийн байрнаас олж, дахин хорьсон байдаг. Гэсэн ч 2015 онд дахин хүн байтугай шоргоолж ч гарч чадахааргүй шоронгоос газар доогуур 1,6 километр хонгил ухан оргосон нь Мексик улс даяар домог мэт яригддаг.
2016 онд Мексикийн тал түүнийг олж, 2017 онд АНУ-д шилжүүлэн өгсөн байна. Хууль бус аргаар хөрөнгөжсөн Эль Чапо 2009-2011 оны хооронд "Forbes" сэтгүүлийн дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтад багтаж байв. Тэрбээр онгоцны парктай, алтадсан, үнэт чулуун шигтгээтэй зэвсгүүдтэй, хувийн амьтны хүрээлэнтэйн дээр энэ хүрээлэнгийн нутаг дэвсгэрээр галт тэргээр зорчдог байсан гэх мэт домог мэт яриа хүртэл байдаг.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ