Намрын чуулганаар 24 асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Намрын чуулганаар 24 асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 24 асуудлын жагсаалтыг авч хэлэлцээд 86 хувийн саналаар дэмжлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулахдаа “Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 17, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 3, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо гурав, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 4, Төрийн байгуулалтын байнгын хороо дөрөв, Төсвийн байнгын хороо зургаан санал ирүүлсэн. Мөн Хууль зүйн байнгын хороо 12, Эдийн засгийн байнгын хороо тав, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг 10, МАН-ын бүлэг 27, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг тав, Монгол Улсын Засгийн газар 39 төслийн санал ирүүлжээ. Мөн Улсын ИХ Хурлын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, С.Оюун нар 11 саналыг тусгайлан ирүүлсэн. Үүнээс 24 асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцэх саналд  батгаасан” гэж танилцуулсан юм.

Татварын багц хуулийг энэ ондоо амжиж батална

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ард иргэдийн хүлээж байгаа хэд хэдэн хууль байгаа.  Жижиг дунд бизнесийн эрхлэгчдийг татвараас чөлөөлөх тухай, малчдын тэтгэврийн насыг наашлуулах асуудал байгаа гэтэл жагсаалтад орж ирэхгүй байна. Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх хуулийг оруулж ирж болохгүй юу. МАН-ын бүлгээс гаргасан саналаас хэдийг нь хэлэлцэх юм” гэж асуусан юм.

Энэхүү асуултад УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Жагсаалтад тусгуулахаар МАН-ын бүлгээс нийт 27 санал ирүүлсэн. Үүнээс бид дөрвөн саналыг л тусгасан. Татвартай холбогдолтой хоёр ч хуулийн төслийг холбогдох байнгын хорооноос намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгая гэсэн санал ирүүлээгүй. Төсвийн байнгын хорооноос УИХ-ын даргын захирамжаар Р.Амаржаргал гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн хүрээнд эдгээр хуулийн холбогдох санаа, үзэл баримтлалыг авч тусгая гээд оруулаагүй. Харин Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх төсөл өргөн мэдүүлэгдээгүй учраас жагсаалтад оруулаагүй” гэж хариуллаа.

УИХ-ын дарга З.Энхболд “Татвартай холбоотой хуулиудыг энэ ондоо амжиж батална” гэж онцоллоо.

Мөн энэ үеэр “Аливаа хуулийг хэлэлцэх гэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа гэдгээр нэрийдэж саад хийхээ болих хэрэгтэй. Ажлын хэсэг нь ажлаа хийсэн шиг хийж, дүгнэлтээ яаралтай гаргадаг байхад анхаарах нь зүйтэй. Тэгэхгүй бол чухал хуулиуд гацаанд ороод байна” гэх саналыг цөөнгүй гишүүд хэлж байлаа.

Малчны тэтгэврийн насыг наашлуулах хуулийг хойшлууллаа

Харин Малчны тэтгэврийн насыг наашлуулах хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулахаар болсон байна. Учир нь Монгол Улсын эдийн засгийн байдал хэцүүхэн байгаа энэ үед малчдын тэтгэврийн насыг наашлуулж тэтгэвэр өгөөд эхэлбэл улсын төсөвт 33 тэрбум төгрөгийн дарамт учрах гэнэ. Иймээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэж Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд үзжээ.

Энэ намрын чуулганаар Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батлах юм байна. Харин Өршөөлийн тухай хуулийг Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хуулийг хянан шийдвэрлэх хуулиудыг хэлэлцэж баталсны дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд:

1/Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

2/Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;

З/Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл; 4/“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

6/Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

7/Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

8/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

9/Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;

10/Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

11/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

12/Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

13/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

14/Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд;

15/Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

16/“Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Халх гол чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

17/Органик хүнсний тухай хуулийн төсөл;

18/Хог хаягдлын тухай хуулийн төсөл;

19/Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

20/Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд;

22/Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

23/Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24/Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

25/бусад.

Эдгээрээс бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэж байхаар тусгажээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж