Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Борнмут клуб
  • Цэнгэлд хүрээлэн: “Dean Court” 11,329 хүний суудалтай
  • Дасгалжуулагч: Эдди Хоу
  • Багийн ахлагч: Сэймон Фрэнсис
  • Лигийн аварга: 0
  • Цомын аварга: 0
  • Холбоодын цом: 0
  • Лига кап цом: 0
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: 0

Английн премьер лигийн “шинэхэн” багуудын нэг бол Борнмут. Тэртээ 1899 онд байгуулагдсан багийг “шинэхэн” гэж хэлсний учир нь Борнмут клуб Английн шат шатны дивизионыг даван туулсаар ердөө дөрвөн жилийн өмнө л дээд лиг болох премьер лигтээ дэвшин гарч ирсэн. Үүгээр нь тэднийг “шинэхэн” хэмээн тодотгож буй юм.

Английн премьер лигт дэвжээд, дөрвөн улирлыг үдсэн гэхэд муугүй амжилттай байна. Дээд лигтээ гарч ирсэн эхний буюу 2015-2016 оны улиралд лигийн хүснэгтийн 16-р байранд бичигдэж байсан бол дараагийн улиралд нь эхний 10-т багтаж, хүснэгтийн 9-р байранд бичигдсэн. Түүнээс хойш 12, 14-р байруудад бичигдээд байна.

Хэдийгээр чансаа доогуур баг ч гэлээ энэ багт Польшийн шигшээ багийн хаалгач асан А.Боруц, Босни-Герцеговина улсын хаалгач А.Бегович, Нидерландын шигшээ багийн хамгаалагч Н.Аке, авъяаслаг залуу довтлогч Ж.Айбэ гэсэн боломжийн тоглогчид бий. Өнгөрсөн улиралд Борнмут клуб лигийн 38 тоглолтоос 13 хожил, 6 тэнцээ авч 19 хожигдолтойгоор 45 оноо авч хүснэгтийн 14-р байранд бичигдсэн. Дээрх 13 хожил дунд 1-0 харьцаагаар Тоттенхэм Хотспурыг, 4-0 харьцаатай Челси клубыг буулгаж авсан “амт”-тай хожлууд байгааг мартаж болохгүй.

Премьер лигт гарч ирээд доош уналгүй амжилтаа хадгалж чадсан Э.Хоугаар удирдуулсан Борнмут клуб ирэх улиралд амжилтаа давтаж, дээд лигтээ үлдэхийн төлөө тоглоно. Солилцооны цонх хаагдаагүй энэ өдрүүдэд Т.Мингсийг 20 саяар Астон Вилла руу явуулж Л.Келлиг 13 саяар, Ж.Стасейг 4 саяар эгнээндээ нэгтгээд байна. Багт ирсэн тоглогчид хоёулаа жигүүрийн хамгаалагчид юм. Одоогийн байдлаар зөвхөн хамгаалалтанд чиглэсэн солилцоог л хийгээд байна.

Солилцооны цонх хаагдах хүртэл хугацаа байгаа. Борнмут клуб улирлын эхлэлийг тун аятайхан хоёр багийн эсрэг тоглосноор эхлүүлнэ. Тэдний эхний 2 өрсөлдөгчид нь дээд лигт дэвшин гарч ирсэн Шейффилд Юнайтед болон Астон Вилла клубууд байх бол дараагийн өрсөлдөгч нь аваргууд байх юм. Иймд эхний хоёр тоглолтдоо заавал хожил авах шаардлагатай билээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж