Монголбанк мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2015.07.02-нд нийтлэгдсэн

Монголбанк мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2015 оны 6 дугаар сарын 9, 30-н болон 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд тус тус хуралдаж, мөнгөний бодлогын хүүг өөрчлөхгүй хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. 

Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляци 2015 оны 5 дугаар сарын эцэст 8.0 хувь, Улаанбаатар хотод 7.5 хувь болж бууран, суурь инфляци алгуур буурсаар 10.2 хувьд хүрээд байна. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн дарамт буурсан, эрэлтийн гаралтай инфляци ирэх саруудад нэмэгдэхээргүй байгаа тул 2015 оны инфляцийн зорилт хангагдахаар байна. 2015 оны эхнээс төлбөрийн нийт тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч, оны эхний хагаст алдагдалгүй гарах нөхцөл бүрдэж байна. 

Гэвч, гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 1 хувиас бага болж, улсын төсвийн зардал, алдагдал нэмэгдсэн хэвээр байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлэх чиглэлд өөрчлөх боломжийг хязгаарлаж байна. 

Бодлогын энэхүү шийдвэр нь төгрөгийн өгөөжийг хадгалж, макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг үргэлжлүүлэн дэмжинэ.

Хэрэв 2015 оны 2 дугаар хагаст гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын төсөвт эерэг өөрчлөлт гарвал мөнгөний бодлогыг зөөлрүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж