Монгол Улсад анх удаа болж буй жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Бөхийн өргөөнд болж буй тэмцээнд 24 орны тамирчид өрсөлдөж байгаа билээ.
Өчигдөр болсон файтинг төрлийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд ОУХМ Б.Хулан аваргын алтан медаль хүртэж, Монголын багийн анхны алтан медалийг авчирлаа. Түүнээс гадна файтинг төрлийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Түвшинзаяа, дуо системийн эмэгтэйчүүдийн төрөлд Э.Түвшинзаяа, Д.Монголжингоо нар хүрэл медалийн эзэд болсон байна.
Тэмцээний эхний өдөр явагдсан эрэгтэйчүүдийн төрөлд Тайланд, БНСУ, Киргиз, АНЭУ, Йордан, Бахрайн, Киргизстан, Хонконг зэрэг орны тамирчид медалийн тавцанд зогсжээ.
Дуо системийн холимог төрөлд Тайландын хоёр баг эхний хоёр байрт орсон бол Бангладеш хүрэл медаль хүртэж, Монголын баг дөрөвдүгээр байрт шалгарсан байна.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр newaza төрлийн эрэгтэйчүүдийн 56, 62, 94 кг, контакт төрлийн эмэгтэйчүүд, файтинг төрлийн эрэгтэйчүүдийн 69, 77, 85, +94 кг-ын жингийн барилдаанууд болох хуваарьтай байна.
Казахстаны багийн бүрэлдэхүүнд 2016 онд дэлхийн аварга цолыг хүртэж байсан Молдир Мекенбаева хэмээх үзэсгэлэнтэй бүсгүй багтсан билээ. Тэрбээр маргааш тэмцээнтэй бөгөөд өнөөдөр манай улсад хүрэлцэн ирээд байна. Мөн түүнээс гадна дэлхийн олон шилдэг тамирчид Бөхийн өргөөнд өрөлдөж байна.
Энэ удаагийн тэмцээнийг сурвалжлахаар Арабын нэгдсэн Эмират улсаас гурав, Тайландаас медиа бүтэн баг хүрэлцэн ирж ажиллаж байгаа бол Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд Бөхийн өргөөнөөс шууд дамжуулан хүргэж буй юм.
Монгол Улсад анх удаа болж буй жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг http://mjjf.mn сайт болон Mongolian jiu jitsu фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэж эхэлжээ. Тэмцээн энэ сарын 21-нд өсвөрийн тэмцээнээр өндөрлөнө.
Холбоотой мэдээ