Монгол Улс Хог хаягдлын тухай хуулийг батлаад чамгүй олон жил өнгөрсөн ч өнөөдөр энэ хууль хэрэгжиж чадахгүй л явж байгаа. Нийслэлийн хүн ам улам бүр ихэсч, түүнийг дагаад хог хаягдлын хэмжээнд хэрээс хэтэрсэн. Энэ асуудлыг цэгцлэх талаар төр засаг сүүлийн жилүүдэд олон ажил хийсэн.
Гэвч нүдэнд баригдаж, гарт баригдахуйц зүйл хийсэн нь тун ховор. Нийслэлийн төвлөрсөн хоёр хогийн цэгийн асуудлыг ч шийдэж чадахгүй өдийг хүрлээ. Төв гудамжаар л хоггүй байвал уулын цаагуур хаях нь л хотоо хоггүй байлгаж байгаа нэг хэлбэр хэмээн сэтгэдэг удирдлага олон болсон нь гачлантай. Гэтэл манайхаас бусад орнууд хог хаягдлын асуудлаа хэдийнэ цэгцэлж орхижээ. Хогоо ашиглан гэрэл цахилгаан гаргаж, бүр болоогүй хувцас хүртэл хийгээд өмсчихөж байна.
Манайх тэртээ 10 гаруй жилийн өмнө баталсан хуучин хуультай, дахин боловсруулаад асар их үнэ хүргэх хуванцар сав, лаазаа зүгээр шахуу хятадын хилээр гаргасаар. Нохойн нядалгааг эрчимтэй явуулдаг ч арьсыг нь эргэж ашиглаад нохойн арьсан гутал үйлдвэрлэх ч бодолгүй сууж байна. Төр энэ алдаагаа засахын тулд дахивар бүтээгдэхүүн ашиглах, улмаар хог хаягдлыг эргэж ашиглах хуулийн төслөө шинэчлэхээр болжээ.
Хуулийн төслийг ч нэр бүхий гишүүд боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа аж. Хууль хурдан батлагдаасай хэмээн хүлээх, батлагдаад үр дүн гаргаасай гэж залбирах л үлдлээ. Энэ асуудлыг түр орхиод өнөөдөр манайд ашиглаж болох ямар хог хаягдлууд байгаа, гадны орнууд хогоо хэрхэн мөнгө болгож байгааг энэхүү нийтлэлээрээ хөндөхийг зорилоо.
Хог дахин боловсруулдаг хэдэн том үйлдвэртэй болохсон
1,5 сая ам.долларын хог боловсруулах үйлдвэр "хог дээр" гарчээ
Ингэж бичихээр гайхах хүн гарах нь дамжиггүй. Манайд хог боловсруулах үйлдвэр бишгүй олон ашиглалтад орсон. Өнгөрөгч онд л гэхэд Улаанчулуутын хогийн цэг дээр БНСУ, Монгол Улс хоорондын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хамтын нийгэмлэг “Койка”-ийн дэмжлэгтэйгээр хог дахин боловсруулах үйлдвэр боссон. Барилгын хог хаягдлыг дахин боловсруулж замын бордюр, замын хавтан, блок гарган авах энэхүү үйлд¬вэ¬рийг иргэд нэн таатай хүлээж билээ.
Үйлдвэр нь жин хэмжих өрөө, ажилчдын оффис, дахин боловсруулах хайрга чулуу бэлдэх үйлдвэр, дахин боловсруулах бүтээгдэхүүний үйлдвэр, дахин боловсруулах боломжтой хайрга чулууны газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг тавих газар, дахин боловсруулах боломжгүй хайрга чулууг булах газар, тоног төхөөрөмжийн хяналтын өрөө, агуулах, машины зогсоол, буудал, цайны газар амралтын өрөөтэй байхаар төлөвлөгдөж улмаар 2015 онд ашиглалтад орж байв.
Одоогоос дөрвөн жилийн өмнө мөн л Нарангийн энгэрт мөн “Койка”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай хог дахин боловсруулж хатуу түлш үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсон бөгөөд энэ үйлдвэрийн ажил зогсонги байдалд ч ороогүй ч төдийлөн өндөр ач холбогдолтой ажиллаж чадаагүй өнөө хэр үлгэн салган мөлхсөөр. Нийслэлийн хүн ам ихээр төвлөрөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ улам нэмэгдэж байгаа бөгөөд эдгээрийг хангалттай хэмжээнд дахин боловсруулах хүртэл нэлээдгүй олон үйлдвэр нэг биш нэлээд хэдэн газарт хэрэгтэй байгаа.
Боловсруулсан хуванцар нь зах зээлгүйгээс хог болон хэвтэж байна
Эсвэл хүчин чадал нь өндөр томхон хоёр, гурван үйлдвэр барих шаардлага ч тулгарч байгаа. Нийслэлийн удирдлагууд түнэр харанхуйг зүхэх бус нэг ч гэсэн лаа асаасан нь сайшаалтай ч боловсруулсан хог хаягдлыг хэрхэн ашиглах талаар учир дутагдалтай ажилласан гэдгийг Улаанчулуутын дахин боловсруулах үйлдвэр бэлхнээ батлан харуулж байгаа юм. 1.5 сая ам.долларын хөрөнгө оруулалттай боссон энэхүү үйлдвэр дулаанд холбогдоогүй, тоног төхөөрөмжүүд нь Монголын орчинд ажиллах боломжгүй учраас тав зургаахан сар ажиллаад үйлдвэрээ хаасан байдалтай өнөө хэр хаалгаа барьсан хэвээр.
Улаанчулуутын хогийн цэгт өдөрт дунджаар 390 орчим машин хог ирдэг. Шөнө орой хулгайгаар хэн асгасныг мэдэх аргагүй барилга, элдэв химийн аюултай хог хаягдлыг тооцвол түүнээс ч их тоо гарна. Тус үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулчихвал өдөр 100 гаруй тонн хогийг дахин боловсруулах хүчин чадалтай юм билээ. Харамсалтай нь халаалтгүй, тоног төхөөрөмж нь өөр зэргээс шалтгаалан дахиад нэг сая гаруй ам.долларын хөрөнгө хараад хэвтчихжээ. Барьсан хэдэн үйлдвэр нь ийм байдалтай байхад үйлдвэртэй болохсон гэж бичихгүй гээд яах вэ.
Хогоор мөнгө үйлдвэрлэдэг гэвэл та итгэх үү
БНСУ-ын хогийг дахин боловсруулж мөнгө үйлдвэрлэдэг үйлдвэр
Манай улсад 100 хувийн хөрөнгө оруулалтаар хог дахин боловсруулах үйлдвэр барьж өгөөд байгаа Солонгос улсын хувьд хог хаягдлын асуудлаа 100 хувь шийдэж чадсан туршлагатай улс. Бүр үндэсний мөнгөн тэмдэгтээ хогоо дахин боловсруулж хийдэг гэвэл та итгэх үү. БНСУ-ын мөнгөн тэмдэгт нь 1000 воноос эхлээд цаасан байдаг.
Тэгвэл энэхүү мөнгөн тэмдэгтээ хогоо дахин боловсруулж хийдэг бөгөөд ингэснээр ой модоо хамгаалах, хоггүй орчныг бүрдүүлэхэд нэг том алхам хийжээ. Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр нь хүртэл тусдаа ажилладаг. Тэндээс үйлдвэрлэж гаргасан мөнгөн тэмдэгт хэрвээ хаягдалтай, эсвэл хуучирч муудчихвал буцааж татаад дахиад л юу ч үгүй болтол жижиглээд эргүүлээд шинэ мөнгө болгоод хэвлээд гаргачихдаг.
Төв банк нь энэ ажлыг гардан хийж, хог хаягдлаа мөнгө болгож чадсан тэр туршлагаас бид яагаад хуулж болохгүй байна вэ. Манайд энэ орон зай өнөө хэр үгүйлэгдсээр байна. Хуванцар саваа ч дахин боловсруулж чадахгүй сууж байна шүү дээ.
Хаягдал мөнгийг устгалд оруулж дахин мөнгө болгосон
Хог ашиглаж үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгт
Мөнгө үйлдвэрлэхэд ашигласан хог хаягдалууд
Хуванцар савны бизнесээс асар их мөнгө гадагшаа алдаж байна
Бид хог хаягдлын зах зээлээс асар их мөнгө гадагшаа урсгаж байгаа. Хэдхэн ченжийн гарт орчихсон энэ бизнесээс бараг л ашиг олох боломжгүй аж. Хятадын тавхан ченж Монгол Улсад дахивар бүтээгдэхүүнийг хэдэн төгрөгөөр худалдаж авах вэ гэдгийг ярьж, үнэ ханшийг тогтоодог гээд боддоо.
Тэгээд ч дахин боловсруулсан бүтээгдэхүүнээ өөрсдөө Хятад руу гаргах боломжгүй учраас манайд олон арван үйлдвэр байгаад ямар ч ашиггүй юм билээ. Хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилчдаа цалинжуулахын тулд ашигтай байдлаар дахин боловсруулсан бүтээгдэхүүнээ өмнөд хөрш рүү гаргахыг хүсдэг ч Монголд байгаа хятад ченжүүдээсээ авна гээд халгаадаггүй талаар боловсруулах үйлдвэрийн захирал хуучилсан юм. Өнөөх таван хятад ченжид өгөх гэхээр дамын үнээр авдаг. Тэгэхээр үйлдвэрт боловсруулсны ашиг тус гарахгүй байгаа юм. Манайх бүрэн хүчин чадлаараа ажиллах бага оврын үйлдвэр хогийн цэг бүрт хамгийн багадаа тавыг барьчихмаар байна. Тэгээд өөрсдөө хогоо боловсруулаад Хятадын зах зээлд гарах гарцаа төрөөс нээлгээд авчих боломжтой. Шинэ хуульд тусгаж, салбар яам багахан анхаараад хятадын ченжээс хамааралтай хог хаягдлын бизнесийг чөлөөтэй болгочихвол асар их мөнгө энэ салбараас орж ирэх боломжтой юм.
Хятадуудын гараар дамжихад нэг тонн нь 200 мянган төгрөгөөр үнэлэгдэнэ. Цаашаа хятадын зах зээлд гараад Бээжинд 1000-2000 ам.доллар болдог учраас хуванцар эдлэлийн дахин боловсруулалтын бизнесээс бид асар их мөнгө гадагшаа алдаж байгаа хэрэг юм. Өмссөн хувцас болгонд минь ордог хуванцар эдлэлийн бизнесийг бүрэн утгаар нь хөгжүүлэх боломж Монголд байна. Харин үүнийг хэн олж харж, төр түүнийг дэмжих үү гэдэг цаг хугацааны л асуудал болчихоод байна.
Б.ӨНӨРТОГТОХ
Эх сурвалж: www.mminfo.mn