Хоол идээд хордсоор байх уу? | News.MN

Хоол идээд хордсоор байх уу?

Хоол идээд хордсоор байх уу?

Хоол идээд хордсоор байх уу?

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Аав ээж, нутаг усандаа очих гэсэн иргэдийн аялал мянга гаруй километр үргэлжлэх нь бий. Энэ хугацаанд тэд зам дагуух хоолны газар, дэн буудал, гэр гуанзанд хооллодог. Гэвч эдгээр газрууд нь эрүүл ахуй, ариун цэврийн стандарт шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй.

Ил харагдах байдал, үйлчилгээ, орчин нөхцөлийг харахад наад захын ямар ч шаардлага хангаагүй байдаг талаар иргэд ярьсаар байдаг. Тухайлбал, цахим хэрэглэгч Б.Бат-Эрдэнэ өөрийн “Facebook” хуудастаа “Хөдөө зам зуур зоогийн газруудын хоол гэж хог болжээ, хордлого авах энүүхэнд” гэж бичжээ. Түүнтэй холбогдож энэ тухай тодрууллаа.

-Орон нутгийн зоогийн газруудаар үйлчлүүлээд сэтгэл их дундуур байгаа бололтой?

-Тэгэлгүй яах вэ, бухимдаад л пост оруулсан юм. Бид гэр бүлээрээ амралтаа аваад, Булган аймгийн Дашинчилэн сум явсан. Мэдээж нутагтаа очиж, амарч зугаалах гэж яваа улс баяр хөөртэй байлаа. Гэтэл эхний газар хоолонд ороод л бухимдаж, уур хүрч эхэлсэн. Зам дагуу байрлах “Номын булаг” нэртэй гэр буудалд ороход “тиймхэн” орчин нөхцөлтэй газар угтсан. За энэ яах вэ гээд хоолоо захиаллаа. Нарийн махан хуурга 8000 төгрөгөөр авахад шөлтэй хоолны мах буцалгаад, дээр нь даршилсан ногоо, том том хэрчсэн түүхий сонгино тавьчихсан хоол ирлээ. Амт ч гэж авах юм байсангүй. Би түүнийг идэж чадаагүй ээ, дотор муухайраад.

-Эрүүл ахуй, ариун цэвэр, нүдэнд ил харагдах байдал ямар байсан бэ?

-Хоол захиалаад хүлээх хооронд би нэлээн ажиглаж суусан. Тогооч нар нь гэрийнхээ хувцастай, малгай ч байхгүй, газ дээр хятад хар тогооны улыг аваад тавьчихсан, хоолоо аягалахдаа тогооныхоо ёроолыг хусаж гарсан. Хиртэй алчуураар аягаа арчиж байгаа юм. Ялаа батганы тухай яриад ч хэрэггүй. Бидний орсон бусад “Өлзийт”, “Арвай” гэсэн хоолны газрууд бас л ялгаагүй байсан даа.

Баруун аймгууд руу орон нутгийн үйлчилгээний автобус нэг шөнө хоёр өдөр явж байгаа. Энэ хугацаанд зорчигчид хоёр удаа хоолонд ордог аж. Саяхан нэг таваг хоол 5000 байсан бол одоо 6000 болж нэмэгджээ. Хоолны үнэ нэмэгдсэн боловч чанар нь муудсан талаар хот хоорондын зорчигч О.Бужаа ярихдаа “Цуйван захиалахад гурил голцуу хэдхэн ширхэг махтай, гэхдээ ихэнх нь бүлх, өөх байсан. Амтыг нь нэмэх гэж давсыг нь шорвог хийчихсэн, ер нь л идэх хэцүү, хаях ч хэцүү хоол авсан даа. Ингэж хий мөнгөөрөө “шатаж” байснаас хоосон явсан дээр гээд дараагийн хоолонд би ороогүй ээ. Зарим үед шөнө замд явах тохиолдолд гэр гуанзанд ороход айлын эхнэр унтаж байгаад босоод, гараа ч угаалгүй шууд л мах хэрчинэ шүү дээ” гэлээ.

Иргэн Т.Болорчимэгийн хувьд төрсөн нутаг Ховд аймаг руу хүүхдүүдтэйгээ явах замдаа Баянхонгороор дайрчээ. Аймгийн төв юм чинь гайгүй байх гэсэн бодлоор өндөгтэй хуурга авсан байна. Гэвч замдаа хордлогод орж, эмнэлэгт шингэн залгуулж, эмчилгээ хийлгэжээ. Орсон газрынхаа нэрийг мэдэхгүй, тэгээд ч замд явсан болохоор хэл ам хийлгүй орхисон байна.

-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЭНЭ АСУУДЛААР ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН ОЛДСОНГҮЙ-

Бид орон нутгийн зам дагуу байрлах зоогийн газар, гэр гуанзны эрүүл ахуй, ариун цэврийн стандарт, тавигдах хяналт шалгалтын талаар хариулт авахаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг зорьсон боловч хариулт өгөх хүн байсангүй. Холбогдох мэргэжилтэн, байцаагчид ээлжийн амралтаа авсан, томилолтоор явсан гэсэн хариултыг Олон нийттэй харилцах мэргэжилтэн өглөө.

Өдөр тутам ам руугаа халбагадаж буй хоол эргээд бидний эрүүл мэндтэй шууд холбоотой. Ялангуяа янз бүрийн халдварт өвчин, хеликобактер, В, С вирусын тархалт идэвхтэй байгаа өнөө цагт хоол хүнсний үйлчилгээний эрүүл ахуй, ариун цэврийн хяналт, шалгалтыг сайжруулах шаардлагатай байна. Ядаж хиртэй алчуураар аяга, халбага арчаад зогсмооргүй байгаа юм. Нөгөө талаас нэг алхаад л таарах энэ олон дэн буудал, зоогийн газар, гэр гуанзаа цөөлж, чанаржуулмаар байна. Ингэснээр хяналт, шалгалт тогтмол явуулж, хариуцлага тооцох систем илүү хялбар болох биз ээ.

 Ц.АРИУНЗАЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

purevkhuu 2019-07-18 202.126.88.64

Tiim shuu arai denduu. Zarim guanzni tsai uuhad ugaagch shingen amtagdag shuu. Ymarch hynaltgui munguni tuluuh har shunal. Der ni aash gadna OO asuudal bn

Avatar

Зочин 2019-07-18 172.105.229.250

Монголын гуанз, цайны газрууд шуналаасаа болоод хоолоо ч олигтой хийж чадахаа байсан. Бөөн тос, өөх, муу махаар хоол хутгасан болоод өгнө. Тэрийг нь тэгээд иргэд аваад идээд байх юм. Хийсэн тогооч нь хоолоо өөрөө иддэггүй болов уу гэмээр аймшгийн хоол өгөх юм даа. Гадаад хүн дагуулаад орвол бүр ичиж үхмээр юм болно. Та нар ийм балиар хог иддэг юм уу гэхээр л байдаг. Бас ядаж байхад үйлчлүүлэгчид хоолныхоо үнийг дийлэхгүй ээ. Үнэн тарчлаантай. Яана даа.

Avatar

Zochin 2019-07-18 202.55.180.106

Unuudur hool, hoolnii heregsliin ariun tsever ayulgui baidal 0 baidald bgaa, eruul huns mah geh met naidvargui taldaa bolson

Avatar

Зочин 2019-07-18 103.26.195.116

АЮУЛ АЮУЛ . АЯГА ТАВГАА УГААНА ГЭЖ МЭДЭХГҮЙ ЦАЙНЫ ШАВРУУ ШИГ УСААР ЗАЙЛСАН БОЛООД ХИРТЭЙ ХАР АЛЧУУРААРАА АРЧААД БОЛОО.

Avatar

Зочин 2019-07-18 103.229.176.130

за хотод ч гэсэн нэг их дээрдээд байх юм байхгүй дээ, эрүүл ахуйн шаардлага хангах цэвэрхэн хоол цайны газар ч ховор байхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж