Хоол идээд хордсоор байх уу?

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Хоол идээд хордсоор байх уу?

Хоол идээд хордсоор байх уу?

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгддэг. Аав ээж, нутаг усандаа очих гэсэн иргэдийн аялал мянга гаруй километр үргэлжлэх нь бий. Энэ хугацаанд тэд зам дагуух хоолны газар, дэн буудал, гэр гуанзанд хооллодог. Гэвч эдгээр газрууд нь эрүүл ахуй, ариун цэврийн стандарт шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй.

Ил харагдах байдал, үйлчилгээ, орчин нөхцөлийг харахад наад захын ямар ч шаардлага хангаагүй байдаг талаар иргэд ярьсаар байдаг. Тухайлбал, цахим хэрэглэгч Б.Бат-Эрдэнэ өөрийн “Facebook” хуудастаа “Хөдөө зам зуур зоогийн газруудын хоол гэж хог болжээ, хордлого авах энүүхэнд” гэж бичжээ. Түүнтэй холбогдож энэ тухай тодрууллаа.

-Орон нутгийн зоогийн газруудаар үйлчлүүлээд сэтгэл их дундуур байгаа бололтой?

-Тэгэлгүй яах вэ, бухимдаад л пост оруулсан юм. Бид гэр бүлээрээ амралтаа аваад, Булган аймгийн Дашинчилэн сум явсан. Мэдээж нутагтаа очиж, амарч зугаалах гэж яваа улс баяр хөөртэй байлаа. Гэтэл эхний газар хоолонд ороод л бухимдаж, уур хүрч эхэлсэн. Зам дагуу байрлах “Номын булаг” нэртэй гэр буудалд ороход “тиймхэн” орчин нөхцөлтэй газар угтсан. За энэ яах вэ гээд хоолоо захиаллаа. Нарийн махан хуурга 8000 төгрөгөөр авахад шөлтэй хоолны мах буцалгаад, дээр нь даршилсан ногоо, том том хэрчсэн түүхий сонгино тавьчихсан хоол ирлээ. Амт ч гэж авах юм байсангүй. Би түүнийг идэж чадаагүй ээ, дотор муухайраад.

-Эрүүл ахуй, ариун цэвэр, нүдэнд ил харагдах байдал ямар байсан бэ?

-Хоол захиалаад хүлээх хооронд би нэлээн ажиглаж суусан. Тогооч нар нь гэрийнхээ хувцастай, малгай ч байхгүй, газ дээр хятад хар тогооны улыг аваад тавьчихсан, хоолоо аягалахдаа тогооныхоо ёроолыг хусаж гарсан. Хиртэй алчуураар аягаа арчиж байгаа юм. Ялаа батганы тухай яриад ч хэрэггүй. Бидний орсон бусад “Өлзийт”, “Арвай” гэсэн хоолны газрууд бас л ялгаагүй байсан даа.

Баруун аймгууд руу орон нутгийн үйлчилгээний автобус нэг шөнө хоёр өдөр явж байгаа. Энэ хугацаанд зорчигчид хоёр удаа хоолонд ордог аж. Саяхан нэг таваг хоол 5000 байсан бол одоо 6000 болж нэмэгджээ. Хоолны үнэ нэмэгдсэн боловч чанар нь муудсан талаар хот хоорондын зорчигч О.Бужаа ярихдаа “Цуйван захиалахад гурил голцуу хэдхэн ширхэг махтай, гэхдээ ихэнх нь бүлх, өөх байсан. Амтыг нь нэмэх гэж давсыг нь шорвог хийчихсэн, ер нь л идэх хэцүү, хаях ч хэцүү хоол авсан даа. Ингэж хий мөнгөөрөө “шатаж” байснаас хоосон явсан дээр гээд дараагийн хоолонд би ороогүй ээ. Зарим үед шөнө замд явах тохиолдолд гэр гуанзанд ороход айлын эхнэр унтаж байгаад босоод, гараа ч угаалгүй шууд л мах хэрчинэ шүү дээ” гэлээ.

Иргэн Т.Болорчимэгийн хувьд төрсөн нутаг Ховд аймаг руу хүүхдүүдтэйгээ явах замдаа Баянхонгороор дайрчээ. Аймгийн төв юм чинь гайгүй байх гэсэн бодлоор өндөгтэй хуурга авсан байна. Гэвч замдаа хордлогод орж, эмнэлэгт шингэн залгуулж, эмчилгээ хийлгэжээ. Орсон газрынхаа нэрийг мэдэхгүй, тэгээд ч замд явсан болохоор хэл ам хийлгүй орхисон байна.

-МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЭНЭ АСУУДЛААР ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН ОЛДСОНГҮЙ-

Бид орон нутгийн зам дагуу байрлах зоогийн газар, гэр гуанзны эрүүл ахуй, ариун цэврийн стандарт, тавигдах хяналт шалгалтын талаар хариулт авахаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг зорьсон боловч хариулт өгөх хүн байсангүй. Холбогдох мэргэжилтэн, байцаагчид ээлжийн амралтаа авсан, томилолтоор явсан гэсэн хариултыг Олон нийттэй харилцах мэргэжилтэн өглөө.

Өдөр тутам ам руугаа халбагадаж буй хоол эргээд бидний эрүүл мэндтэй шууд холбоотой. Ялангуяа янз бүрийн халдварт өвчин, хеликобактер, В, С вирусын тархалт идэвхтэй байгаа өнөө цагт хоол хүнсний үйлчилгээний эрүүл ахуй, ариун цэврийн хяналт, шалгалтыг сайжруулах шаардлагатай байна. Ядаж хиртэй алчуураар аяга, халбага арчаад зогсмооргүй байгаа юм. Нөгөө талаас нэг алхаад л таарах энэ олон дэн буудал, зоогийн газар, гэр гуанзаа цөөлж, чанаржуулмаар байна. Ингэснээр хяналт, шалгалт тогтмол явуулж, хариуцлага тооцох систем илүү хялбар болох биз ээ.

 Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж