Мэргэжлийн талбайн теннисний Их Дуулга тэмцээний зургаан удаагийн аварга, Германы нэрт теннисчин асан Б.Бекер нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ “Р.Федерер бол Л.Месси, ЛеБрон болон К.Роналдо нараас илүү алдартай спортын тамирчин” гэжээ.
Б.Бекер Р.Федерерийг дэлхийн супер од гэж тодотгосны учир нь дээрх шилдэг тамирчдаас өмнө алдар нэрээ цуурайтуулсан, мөн Англи, Герман, Итали, Франц, Швейцарь зэрэг олон хэлээр ярьдаг гэсэн байна. Үнэхээр ч Р.Федерер өдгөө 38 нас хүрч байгаа ч 15, 16 жил тогтвортой, өндөр формтой тоглож, дараа дараагийн үеийн залуу теннисчиддээ үлгэрлэн байгаа билээ.
Магадгүй түүнийг 2012 оноос хойш харьж байгаа гэж үзэж байсан ч өнгөрсөн хоёр жил гайхалтай эргэн ирэлт хийсэн. Түүний хувьд теннисний спортод хайртай байхаас өөр шалтгаан байхгүй учир одоо ч тоглосоор байна. Р.Федерер бол дэлхийн элит спорт болох мэргэжлийн талбайн теннисний бүх цаг үеийн түүхэнд бичигдэх ноён оргил юм.
Тэр Их Дуулга тэмцээнд 31 удаа финалд шалгарахдаа 20 удаад нь түрүүлсэн байдаг. Өндөр боловсрол, олон жилийн хичээл зүтгэл, сахилга бат, бэлтгэл сургуулилалт энэ бүгд Р.Федерерийг дэлхийн спортын хамгийн шилдэг болгож буй юм. Харин таны хувьд? Уншигч танд ЛеБрон Жеймс, Кристанио Роналдо, Лионель Месси болон Р.Федерер нарын хэн нь хамгийн шилдэг вэ?
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ