Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Польшийн шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Польшийн шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Польшийн шигшээ баг

Зүүн Европын Польш улс 1967 оноос хойш анх удаагаа сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцоно. Тэртээ 1967 онд Уругвайд болсон ДАШТ-д оролцож, тавдугаар байранд шалгарч байсан Польшийн шигшээ баг 52 жилийн дараа хоёр дахь удаагаа ДАШТ-д “тоос”-оо өргөх гэж байна.

Польшийн шигшээ баг 2019 оны сагсан бөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалтын Европын бүсийн С хэсэгт Литва, Унгар болон Косовогийн шигшээ багуудтай багтан, хэсгээс 3 хожил, 3 хожигдолтойгоор II шатанд шалгарч, Литва, Итали, Хорват, Унгар, Нидерландын шигшээ багуудтай өрсөлдөж, хэсгээс III-т шалгарч, дэлхийн аваргын эрхээ авсан.

Польшийн шигшээ багаас дэлхийн аваргын урьдчилсан шатанд Оросын Локомотив Кубан багийн тоглогч Т.Понитка болон К.Грущевски нарын залуус шилдэг байж, багийнхаа гол ажлыг нугалсан. Ялангуяа Европын хэсгийн II шатанд Хорватын хүчирхэг багийн эсрэг 77-69 харьцаатай ялалт байгуулсан тоглолтод Т.Понитка 20 оноо, 8 самбар авч багтаа маш том тус хүргэсэн.

Энэ ялалт бол Польшийн шигшээ багийг ДАШТ-д баттай орох болзлыг хангасан юм. Харин хэсгийн сүүлийн тоглолтод 85-76 харьцаатай Нидерландын шигшээ багийг хожиж, хэсгээсээ 3-рт шалгарснаар 52 жилийн дараа дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон. Мэдээж дан ганц багийн залуусаас гадна тэднийг нэгтгэн нэг баг болгож амжилттай тоглуулсан америк дасгалжуулагч М.Тайлорын амжилтыг мартаж болохгүй.

Польшийн шигшээ баг ДАШТ-д А хэсэгт зохион байгуулагч Хятад, Өмнөд Америкийн төлөөлөл Венесуэл болон Африк тивийн төлөөлөл Кот-д’Ивуар улсын шигшээ багуудтай багтсан. Зохион байгуулагч орон Хятад бол ямар нэгэн байдлаар дэмжлэг байхыг үгүйсгэхгүй. Польшийн шигшээ баг хасагдах шатны төлөө Венесуэлын шигшээ багтай гол өрсөлдөөн үзүүлж магадгүй. Ямартаа ч Польшийн шигшээ баг хэсгээс шалгарч, дараагийн шатанд өрсөлдөх эрх авах боломжтой.

Польш улсын шигшээ баг нь олимпийн наадамд зургаан удаа 1936 онд дөрөвдүгээр байранд шалгарсан нь хамгийн өндөр амжилт нь юм. Харин ДАШТ-д ердөө ганцхан удаа буюу 1967 онд оролцсоноос өөр дэлхийн аваргын “байнга”-ын зочин биш. Тивдээ бол тун боломжийн өрсөлддөг бөгөөд 1963 онд мөнгөн медаль, 1939, 1965, 1967 онуудад хүрэл медаль хүртэж байжээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж