“Хүннү” рок хэмээх цоо шинэ урсгалаар Монгол төдийгүй дэлхийг шуугиулж буй “The Hu” хамтлагийн АНУ-д хийх аялан тоглолтын хуваарь гарчээ. Тэд энэ удаа есдүгээр сарын 11-нээс эхлүүлэн арванхоёрдугаар сар хүртэл бүтэн дөрвөн сарын турш өдөр алгасахгүй аялан тоглохоор төлөвлөөд байгаа аж.
“The Hu” хамтлагийнхан Европыг байлдан дагуулсан аялан тоглолтоо дуусгаж, долдугаар сарын 8-нд эх орондоо ирж, хэсэг амраад авсан билээ. Хамтлагийнхан аялан тоглолтоороо Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулахын зэрэгцээ хамгийн их үзэгчтэй дэлхийн томоохон найман рок фестивальд оролцоод ирсэн тухайгаа ярьсан юм.
Энэ үеэр тус хамтлагийн тухай Европын орнуудын мэдээллийн сайтууд онцолж, тэдний бүтээлийг дэлхийн сая сая сонсогчид хүргэсэн талаар бид мэдээлсэн. "The Hunnu" хамтлагийн продюсер Б.Дашдондог “Бид ирэх есдүгээр сараас АНУ-д аялан тоглолттой. Латин америк орнуудаар одоогийн байдлаар 20 орчим тоглолт хийхээр төлөвлөсөн. Бид энэ удаагийн аялан тоглолтоор арванхоёрдугаар сар хүртэл явах байх. АНУ-д очихдоо есдүгээр сарын 13-нд анхны “Гэрэг” пянзныхаа албан ёсны нээлтийг хийнэ” хэмээн мэдээлсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ