Их зохиолч Бямбын Ренчингийн хүү, Монгол Улсын Төрийн соёрхолт, академич Р.Барсболдын гэрт зэвсэгт этгээдүүд халдаж, дээрэм хийсэн хэрэг гарчээ. Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу энэ сарын 10-нд хоёр этгээд академич Р.Барсболдыг эхнэрийнх нь хамт хутга тулган сүрдүүлж, гэрээс нь үнэт зүйл хайж эхэлжээ.
Академич Р.Барсболд дээрмийн халдлагад өртсөн талаараа энэ сарын 14-нд Цагдаагийн ерөнхий газарт хандан өргөдөл гаргасан байна. Тэрбээр өргөдөлдөө “Энэ сарын 10-ны оройн 20.00 цагийн орчимд түр хоёр хоног амьдарч байсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах хүүгийн маань амины орон сууцанд хоёр багтай залуу орж ирсэн. Дээрэмчид доод давхрын гал тогооноос том хутга авч, эхнэр бид хоёрт тулган, багахан өрөөнд оруулж, нэг нь биднийг сахисан. Нөгөөх нь дээд давхарт гарч, унтлагын өрөөний шүүгээгээр юм хайж эхэлсэн.
Намайг унтлагын өрөөнд дагуулан орж, түрүүвчинд байсан 100 мянга хүрэхгүй төгрөг болон миний бугуйн цагийг авсан. Миний ажлаа хийдэг компьютер болон шүүгээнд байсан мөнгөн аягыг уутанд хийгээд аваад явах гэхэд нь би компьютероо өгөхгүй гэсэн. Тэгсэн гартаа зүүж байсан алтан бөгжөө өг гэсэн юм. Би уламжилж ирсэн бөгжөө өгч чадахгүй гэхэд хэсэг зогсож байгаад, аль алиныг нь үлдээгээд явсан. Уг хэрэг явдлыг зэвсэг хэрэглэсэн, бүлэглэсэн, дээрэм гэж үзэхээс өөр аргагүй. Зэвсэг хэрэглэсэн дээрэм бол ердийн хулгай биш.
Дээрмийн хэргийн учир явдлыг олж, дээрэмчдийг илрүүлэх холбогдох арга хэмжээг авч, ажиллагаа явуулахыг Монгол Улсын иргэний хувьд хүсэлт гаргаж байна. Өндөр настай хоёр хүн байрандаа байсныг урьдаас ажиж, гэрт нь нэвтрэн орж, хутга тулган дээрэм хийсэн нь санамсаргүй хэрэг биш болов уу. Уг дээрмийн хэргийг олноос нуухгүй, олон нийтэд сэрэмжлүүлэх шаардлагатай байна. Зүүн хойд талын өөр байшинд суудаг оршин суугч нэг нь улаан шорттой хоёр хүн манайхаас гараад явж байхыг цонхоороо харсан гэсэн” гэжээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ