Монгол оронд хаврын улирал, заримдаа хуурайшилт ихтэй зуны улиралд ой, хээрийн түймэр их, бага хэмжээгээр байнга тохиолдож байна. Тухайлбал, улсын хэмжээнд долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, нийт 300433 га талбай түймэрт шатжээ.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан дөрвөн түймрийн гурвыг бүрэн унтраасан бол Мандал суманд гарсан түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна. Ой хээрийн түймрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг багцлан хүргэе.
ТҮЙМЭРТ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 15 ГА ТАЛБАЙ ШАТЖЭЭ
Ерөө сумын Буургачин багийн “Халуун рашаан” гэдэг газрын урд уулын энгэрт энэ сарын 11-ний өдөр ой, хээрийн түймэр гарчээ. Түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатсан байна. Өнөөдрийн байдлаар түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 25 алба хаагч унтраахаар ажиллаж буй аж. Уржигдрын байдлаар алба хаагчид гурван бүлэгт хуваагдан түймрийн баруун, зүүн, урд талд ажиллаж түймрийг хяналтад авчээ.
УСАРХАГ БОРОО ОРЖ, АЯНГА БУУСНЫ УЛМААС ОЙН ТҮЙМЭР ГАРЧЭЭ
Ерөө сумын Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар энэ сарын 11-ний өдөр усархаг бороо орж, аянга буусны улмаас ойн түймэр гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 27 иргэн, нийт 52 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж байгаа бөгөөд уржигдар цурманд оруулж өчигдөр /2019.07.17/ түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 130 га талбай шатсан байна.
ЦУРМАНД ОРУУЛЖ, ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААЖЭЭ
Ерөө сумын Буурагчин багийн “Угтаал гол” гэдэг газар долдугаар сарын 13-ны өдөр ойн түймэр гарч, урьдчилсан байдлаар 15 га талбай шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 19 хүн, 2 автомашинтай ажиллаж, энэ сарын 16-ны өдрийн 16:04 цагт түймрийг цурманд оруулж, өчигдөр /2019.07.17/ 16.00 цагт бүрэн унтраажээ. Мөн Ерөө суманд долдугаар сарын 15-ны өдөр гарсан түймрийг 17-ны өдөр цурманд оруулж, мөн өдрийн 21.00 цагт унтраасан байна.
АЛБА ХААГЧДЫГ УЛААНБААТАР ХОТООС НЭМЭЛТЭЭР ТҮЙМРИЙН ГОЛОМТОД АВААЧИВ
Мандал сумын Тарни багийн “Атаа” хэмээх ууланд энэ сарын 12-ны өдөр ойн түймэр гарч, урьдчилсан байдлаар 27 га талбай шатсан байна. Энэ сарын 16-ны өдрийн байдлаар түймрийн нөхцөл байдалтай танилцах, хүч нэмэгдүүлэн ажилуулах зорилгоор 24 алба хаагчдыг Улаанбаатар хотоос Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод аваачжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ