Азийн хоёр том гүрний харилцаа хурцадлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Азийн хоёр том гүрний харилцаа хурцадлаа

Азийн хоёр том гүрний харилцаа хурцадлаа

АНУ-ын хамгийн ойрын түншүүд болох Азийн хоёр улсын эдийн засгийн харилцаа энэ сарын эхээр Япон улс Өмнөд Солонгост экспортын хязгаарлалт хийж байгаагаа зарласнаар эрс муудсан. Яг л АНУ-Хятадын худалдааны дайн шиг. АНУ Хятадын технологийн “Huawei” компанийг бойкотлосон шиг Япон дэлхийн хамгийн том ухаалаг утас үйлдвэрлэгч Өмнөд Солонгосын “Samsung” компанийг түүхий эдээр нь хязгаарлаж байна.

Чухам юу болсныг тодруулбал, Японы засгийн газар Өмнөд Солонгос руу хагас дамжуулагчид болон ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг маш ховор өндөр технологийн химийн бодис экспортлох дүрэм журамдаа маш хатуу өөрчлөлт оруулж байгаагаа энэ сарын 1-ний өдөр зарласан юм.

Энэхүү шийдвэр нь Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниудаар нөхөн олговор төлүүлэх шийдвэрийн хариу үйлдэл гэж Өмнөд Солонгосын тал үзэж байгаа ч Япон үүнийг няцаасаар буй юм. Мөн Японы зүгээс Өмнөд Солонгос нь дээрх түүхий эд, материалуудыг Хойд Солонгос руу нууцаар нийлүүлж байж магадгүй гэж сэжиглэж байгаа билээ.

Япон, Өмнөд Солонгос улсуудын хооронд 1910-1945 оны колоничлолын үеийн түүхээс улбаатай маргаан зөрчил одоо болтол үргэлжилдэг. Ийнхүү дипломат маргаан худалдааны салбар луу хальж, хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлсөөр байна.

Шинэ журмын дагуу энэ сарын 4-нөөс эхлэн гурван төрлийн химийн бүтээгдэхүүн, мөн зарим аж үйлдвэрийн технологийг Өмнөд Солонгост экспортлоход Японы үйлдвэрлэгчид засгийн газраас зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөл өгөх хугацаа дунджаар 90 хоног байх аж. Энэ нь худалдааны шууд хориг тавиагүй ч экспортыг удаашруулах, төвөгтэй болгох арга хэмжээ авсан гэсэн үг юм. Дээрх зөвшөөрлийг нэг удаа аваад болох биш, бүр бараа бүтээгдэхүүн экспортлох бүртээ авахаар шийдвэрлэсэн нь аль аль талыг ихэд бухимдуулсан шийдвэр болжээ.

Шинэ журамд багтаж буй химийн бодисуудыг ухаалаг гар утасны бичил чип, дэлгэц гэх мэт электроникийн эд ангиудыг үйлдвэрлэлд ашигладаг байна. Үүнээс гадна Өмнөд Солонгосыг үйлдвэрлэлийн технологи шилжүүлж авах эрхтэй орнуудын “цагаан жагсаалт”-аас хасах эсэх талаар олон нийтийн санал асуулга явуулах болсноо Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам мэдээлсэн юм. Японы засгийн газрын шийдвэрийг зарласны дараа Өмнөд Солонгосын ухаалаг утасны үйлдвэрлэлийн зах зээлд хэлбэлзэл үүсч “Samsung”, “LG Electronics”-ийн хувьцааны үнэд хэлбэлзэл үүсч эхэлсэн.

Нөхцөл байдал ийм болсны дараагаар Өмнөд Солонгосын худалдаачид жагсаж Японд хариу арга хэмжээ авахыг шаардан, улсынхаа ард иргэдийг Япон руу аялахгүй байх, Токиогийн олимпийг үзэхгүй байх, Японоос экспортолсон бараа бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг уриалсан байна.

БНСУ-ын Сангийн сайд Хон Нам Ги Японы уг шийдвэр дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг анхааруулсан мэдэгдлийг өчигдөр /2019.07.17/ хийж, экспортын хязгаарлалтаа цуцалж, дипломат яриа хэлэлцээ хийхийг Японы эрх баригчдад уриалжээ.

Тэрбээр мэдэлдэлдээ “Японы Засгийн газрын авсан арга хэмжээ нь дэлхийн нийлүүлэлтийн гинжин холбооны бүтцийг сулруулж болзошгүй юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж магадгүй гэх болгоомжлол төрүүлж байна” хэмээн дурдсан байна.

Харин Хон Нам Гигийн уг мэдэгдлийн дараагаар Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн яамнаас тус улсын яриа хэлэлцээ хийх саналыг хүлээж авахгүй гэж хариу мэдэгдэв. Уг шийдвэрээ тэд Өмнөд Солонгосын тал итгэлцлийн гүүрийг өөрсдөө нураасан хэмээн тайлбарлаад энэ сарын 24-нд болж магадгүй байсан уулзалт хэлэлцээнд оролцохгүй хэмээн хэлжээ.

Өмнөд Солонгосын чипний экспорт зургадугаар сарын үзүүлэлт өмнөх оныхоос даруй 25,5 хувиар буурч, 8,31 тэрбум ам.доллар болжээ. Энэ бууралт нь дэлхийн өнцөг булан бүрт ухаалаг гар утасны эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой гэж тус улсын Аж үйлдвэрийн сайд мэдэгдсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж