Эмми авардс: Хаадын тоглоом VS Чернобыль

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Эмми авардс: Хаадын тоглоом VS Чернобыль

АНУ-ын телевизийн шилдгүүдийг тодруулдаг “Эмми авардс"-т нэр дэвшигчид тодорчээ. Энэ удаагийн “Эмми”-гийн шагналд “The Game of Thrones”, “Chernobyl”, “Killing Eve”, "Bodyguard" зэрэг өнгөрсөн онд олон нийтийн хүртээл болсон олон кинон өрсөлдөх ажээ. Гэхдээ нэр дэвшиж буй кинонуудын ихэнх нь “Эмми”-гийн шагналыг өмнө нь хүртэж байсан удаатай.

“THE GAME OF THRONES”

“Хаадын тоглоом” киноны наймдугаар бүлэг буюу төгсгөлийн бүлгийг дэлхий нийтээрээ хүлээж байсан. Олон нийтэд хүлээлт үүсгэсэн тус киноны уран бүтээлчид эцэс сүүлд нь шөнийн хаантай тулалдаж, Дейнерис Таргариен болон түүний луу Серсей Ланнистертай тулалдаж, хэн долоон хаант улсын "Хаан" байх вэ гэдэг нь тодорхой болсон.

Харамсалтай нь, "Хаадын тоглоом" киноны шүтэн бишрэгчид төгсгөлийн бүлэгт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, киног дахин бүтээхийг шаардаж, өргөдөл гаргаж байсан удаатай. Гэсэн хэдий ч тус кино нь телевизийн салбарт маш том хувь нэмрээ оруулсан ажээ.

“Хаадын тоглоом” кино нь өнгөрсөн хугацаанд “Эмми”, “Алтан бөмбөрцөг”, “Хьюго” зэрэг маш олон нэр хүндтэй шагнал хүртэж байсан бүтээл юм.

“CHERNOBYL”

Тавдугаар сард нээлтээ хийсэн “Chernobyl” кино Internet Movie Database (IMDB) сайтын судалгааны дүгнэлтээр телевизийн шоуны түүхэн дэх хамгийн их хэлэлцүүлэг өрнүүлсэн, маш сайн хийгдсэн уран бүтээлээр тодорчээ.

Таван ангит тус кино нь 1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан дэлбэрэлт, түүний хор уршиг, дэлбэрэлтийн шалтгаан, эрэн сурвалжлага зэргийн тухай өгүүлнэ.

Барууныхны бүтээсэн тус киног оросууд хүртэл сайшаасан ажээ. “Chernobyl” киногоор хэний зөв, хэний буруу байсан, уран бүтээлчдийн өгүүлж буй түүх үнэн эсэх зэргийг шүүхийг оролдоогүй энэ кино бол Стеллана Скарсгарда, Жареда Харриса, Эмили Уотсон зэрэг авьяаслаг уран бүтээлчид тоглосон, Зөвлөлт холбоот улсын аж амьдралыг харуулж чадсан шилдэг бүтээл болсон гэж кино шүүмжлэгчид тодорхойлжээ.

“KILLING EVE”

Эхний бүлгээсээ л дэлхий нийтийн анхаарлыг татаж чадсан кино бол "Killing Eve". Тус кино нь шинжээч MI5 Ева Поластри болон орос гаралтай алуурчин Вилланелийн хооронд өрнөх үйл явдлын тухай өгүүлнэ.

Энэ удаад “Эмми”-гийн шагналд тус киноны үргэлжлэл буюу хоёрдугаар бүлэг нь нэр дэвшиж байна. Энэ киног Жон Ле Карре ном болон Жеймс Бонд киноны зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

"BODYGUARD"

Цагдаагийн түрүүч Дэвид Бадд бол дайны дараах сэтгэлзүйн дарамтад орсон ахмад дайчин. Тэрбээр хааны гэр бүл болон Засгийн газрын гишүүдийг хамгаалах үүрэгтэй. Нэг удаа түүнд Дотоод хэргийн сайд Жулия Монтегю хамгаалах үүрэг оногддог. Гэвч тэдний улс төрийн үзэл бодол таардаггүйгээс үйл явдал өрнөх болно.

Bodyguard нь 2018 онд Английн хамгийн рейтинг өндөртэй киногоор нэрлэгдэж байв.

"БАРРИ"

Тус киноны гол дүр болох Барри өмнө нь далайчин байсан бөгөөд өдрийг хийх зүйлгүй өнгөрөөж, алуурчин болохыг оролддог байв. Харамсалтай нь, ямар ч амжилт олохгүй. Нэг өдөр түүнд шинэ захиалга орж ирснээр тэрбээр Лос-Анжелесийг зорьж, санаандгүй жүжигчний дамжаанд суралцсанаар шинэ мэргэжилтэй болдог билээ.

“Барри” киноны эхний бүлэг “Эмми”-гийн шилдэг жүжигчин болон найруулагч, зохиолч, телевизийн шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч, шагнал хүртэж байсан. Мөн АНУ-ын кино урлагийн хүрээлэнгийн шагнал ч хүртсэн аж.

"SHARP OBJECTS"

Хэрцгийгээр амиа алдсан охины тухай нийтлэл бичихээр төрсөн нутгаа зорьж буй сэтгүүлчийн тухай тус кино өгүүлнэ. Тус кино нь 2018 оны зургадугаар сард олон нийтийн хүртээл болсон тул өнгөрсөн жил “Эмми”-д нэр дэвшиж амжаагүй билээ. Гэсэн хэдий “Алтан бөмбөрцөг” болон телевизийн шүүмжлэгчдийн шагналууд хүртэж байв.

"HOMECOMING"

Энэхүү кинонд та бидний сайн мэдэх хөөрхөн хүүхэн буюу Жулия Робертс тогложээ. Тэрбээр дайнаас буцаж ирсэн дайчдад сэтгэлзүйн тусламж үзүүлж, эргээд нийгэмтэйгээ хөл нийлүүлэхэд нь тусалдаг төвийн нийгмийн ажилтны дүрд хувирсан байна.

"THE GOOD DOCTOR"

Гол дүр – залуу мэс засалч, оношилгооны эмч Шон Мерфи. Тэрбээр жижигхэн хотоос ирсэн бөгөөд Сан-Хосен хамгийн том эмнэлэгт ажилд орно. Шон Мерфи эмч аутизмтай бөгөөд хамт олон болон өвчтөнүүдтэйгээ харилцахдаа бэрхшээлтэй тулгардаг. Гэхдээ тэр нийгэмтэйгээ ойр дотно харилцахын тулд өвчинтэйгөө тэмцэж, аажим аажмаар “том” болж буй түүхийг өгүүлнэ. Энэхүү кино нь аутизтай хүмүүсийг ойлгох, тэднийг өөр нүдээр харахад тань тусална.

"Эмми" шагнал гардуулах ёслол ирэх есдүгээр сарын 22-нд Лос-Анжелес хотноо болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж