Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурван жил тутамд нэг удаа зохион байгуулдаг “Монгол дархны урлал, түүх орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг наадмын өмнөхөн /2019.07.05/ Шинжлэх ухааны академийн хурлын танхимд зохион байгуулсан талаар бид мэдээлсэн.
Уг олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нэгэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатарын илтгэл юм. Монголчуудын дунд төмөр цоож нь түгжиж хамгаалахаас гадна балчир хүүхдийн сахиус хамгаалалтын бэлгэдлийн шинжтэй байжээ. Жижиг цоожийг хүүхдийн бариувч дээл, өлгийд зүүж өгснөөр тухайн хүүхдийн амь нас, эрүүл мэнд цул төмөр шиг бат бөх байхыг бэлгэдсэн байдаг тухай түүний яриа сонирхол татаж байв. Олон жилийн турш монгол дарханы ур ухаан шингэсэн, ховор, содон монгол цоож цуглуулж байгаа Р.Отгонбаатартай цуглуулгынх нь талаар ярилцсанаа хүргэе.
–Та сайхан наадав уу?
-Сайхан. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
-Та хэзээнээс монгол цоож цуглуулж эхэлсэн бэ? Энэ талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
-За тэгье. Миний бие 1955 онд Хөвсгөл аймагт төрсөн хүн. Би 1963-1973 онд дунд сургуульд сурч байхдаа нутгийн дархчуудыг дагаж монгол цоож хийлцэж, төмрөөр юм хийх дуртай хүүхэд байлаа. Тухайн үедээ нутгийнхаа хүмүүст хаясан, гээсэн түлхүүр нилээд олныг хийж өгч, тусалж байхдаа цөөхөн цоож, түлхүүрний цуглуулгатай болсон. Улмаар 1978 онд Монгол Улсын их сургуулийн оюутан болж ирээд, тэр үеийн хар зах дээгүүр сониучлан явахад цоожгүй түлхүүр нилээд элбэг, бас түлхүүргүй цоож цөөнгүй зардаг байлаа. Түүнээс шилж сонгон аль адармаатай, эрт цагийн бололтой хийцийн цоож түлхүүр бололцооны хэрээр цуглуулж эхэлсэн юм.
Цуглуулга маань миний хүүхэд наснаас сонирхон оролдож байсан зүйл, хоёрт монгол ур ухааны чухал дурсгал гэж бодоод идэрхэн үедээ арай эрч хүчтэй анхаарал хандуулж, нэгэнт цуглуулсан учир мянга орчим нэгжтэй иж бүрэн цуглуулга болгоё гэж хичээсээр өдийг хүрлээ. Ер нь бидний ярьж хэлдэгээр “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг мэргэн үгийн чухам бурхан ухаан нь оньс цоожны элдэв адармаатай өргөс түлхүүрүүдэд тусгалаа олсон байдаг.
-Таны олон жил цуглуулсан цуглуулгад одоо хэчнээн төрлийн цоож байна вэ?
-Миний хувьд өнгөрсөн хагас зуу орчим жилийн хугацаанд өөрийн цуглуулгадаа 400 гаруй цоож, 500 гаруй түлхүүртэй болжээ. Бас цөөн тооны даруулга, цүү, цуурга зэрэг дагалдах хэрэгсэл ч бий. Миний энэхүү цуглуулга нь дан ганц монгол нутгийн, монгол урчуудын хийцийн цоож гэдгээрээ онцлог юм. Одоо ч сонин цоож тааралдахгүй л бол худалдаж авахаа больсон. Хүн нас ахихаар сонирхол ч буурдаг юм байна. Миний хувьд зөвхөн монгол цоожоо л цуглуулдаг.
-Монгол дархчуудын ур ухаанаар бүтсэн цоожны онцлог гэвэл?
-Монгол цоож нь уран дархны ур ухаанаар бүтсэн энгийн, өөрийн ур хийцтэй байдаг. Монгол дархчууд кодтой, 12 жилийн дүрстэй, олон түлхүүртэй, олон өргөстэй, мөнгө, гууль, зэсээр бүтээсэн, хээлж чимсэн зэргээр цоожийг гайхамшигтай урласан байдгаараа онцлог.
-Та өнгөрсөн 2018 онд “Монгол цоож мартагдашгүй өв” үзэсгэлэнгийн үеэр өөрийн цуглуулгаасаа дэлгэсэн байна лээ. Цуглуулгаараа олон нийтэд хэр дэлгэн сонирхуулдаг вэ?
-Миний хувьд цуглуулгаа бие даасан хэлбэрээр болон өөр цуглуулгын хамт гадаад, дотоодын том, жижиг үзэсгэлэнд дэлгэж үзүүлдэг. Цуглуулгад маань байдаг зарим нэг цоож овоо хэдэн зууны өмнөх үеийн цоож байж болзошгүй цоож бий. Гэхдээ тэр болгоны цаг үеийг нарийн тодорхойлох ямар ч боломжгүй. Миний цуглуулгын ихэнх нь ард түмний хэрэглэж байсан энгийн хийцтэй, сүүлийн хэдэн жилд л хамаарагдах цоож, түлхүүр л дээ. Мөн хөрш зэргэлдээ орны цоож, түлхүүрээс ялгавартайг нь үзүүлэх зорилготой цөөн тооны Орос, Хятадын харьцангуй өмнө үеийн хийц бололтой цоож түлхүүр бий.
-Монголчууд хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрвөл “оньс зүүлгэх” ёс байдаг. Оньс зүүлгэхийг зарим газар цуургалах, цоожлох гэж нэрлэдэг. Таны цуглуулгад уг бэлгэдлээр хэрэглэж байсан энхрий хүүхдийн цоож цөөн тоогоор байдаг гэсэн үү?
-Ахмадууд сайн мэднэ. Дээхнэ үед монголчууд энхрий хүүхдийн цоож гээд монгол цоож хэрэглэдэг байсан. Дорно дахинд манай улсаас өөр газар ийм цоож хэрэглэдэг байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Монголчуудын хувьд өвчин ороодог, хүүхэд тогтдоггүй айлд хүүхэд төрвөл хүүхдийнхээ тоглоом онгонд нь юм уу, бариувч дээлэнд нь жижигхэн хөөрхөн цоож зүүж өгч, “Эрүүл энх өсөн бойжоорой” гэж амь нас, эрүүл мэндийг нь цоожилж, домын арга хэрэглэж байжээ.
Тухайн үед тийм жижиг цоожийг тусгайлан хийлгэж, хүүхдүүддээ дамжуулан хэрэглэдэг байсан. Ирсэн цоож ч бий. Зарим газар цоожийг онгойлгохгүй гээд түлхүүрийг нь эвдчихдэг, нуучихдаг байсан. Энхрий хүүхдийн цоожийг ихэвчлэн алт мөнгө, гууль, зэс, хүрэл, төмрөөр хийж, хүүхдэд 1-2 ойтойд нь оньс зүүлгэдэг. Мөн 3-5 нас хүрэхэд нь цоожийг авч, насан туршид нь хадгалуулдаг ёс байсан. Олон хүүхэдтэй айл бол тэр цоожоо дамжуулж хэрэглэнэ. Зарим нутагт оньсыг 13-ны жил орох хүртэл зүүдэг. Оньс зүүлгэсэн хүн нь оньсыг нээж “За, энэ хүүхэд тогтжээ, одоо энэ хүүхэд нэгэнтээ хүн болжээ” гэж бэлгэ дом хийдэг.
-Цуглуулгад тань тийм жижиг хэчнээн цоож байдаг вэ?
-Жижиг цоож болгоныг энхрий хүүхдийн цоож гэж хэлж болохгүй л дээ. Монголчууд жижиг цоожоор эрдэм номын шогол, эмэгтэй хүний гоёлын хайрцагаа түгждэг байсан. Ерөнхийдөө цуглуулгын маань тав, 10 хувийг жижиг хэмжээтэй цоож эзэлж байна. Тэр дунд яг энхрий хүүхдийн хоёр ширхэг цоож бий. Нэг нь битүү цул төмрөн цоож байдаг бол нөгөөх нь яг цоож шиг хийсэн гуулин цоож. Гэхдээ түлхүүргүй, дөрөн дээрээ сэнжтэй хүүхдэд зүүдэг цоож юм.
-Орчин цагт монгол цоожны хэрэглээ хумигдаж, урлах хэрэгцээ ч эрс багассан байна. Мэддэг хүн ч цөөрчээ?
-Монгол хүн дэлхийн хүн төрөлхтнөөс хамгийн сүүлд цоож цуургатай болсон байж магадгүй. Уламжлалт нүүдэлчин мал ахуйгаас үүдэлтэй цоожийг нэлээд хожуу хэрэглэдэг болсон. Малчин түмэн малдаа явахдаа гэрийнхээ хаалгыг нэг муу хөшүүрэг, гүжүүгээр түгждэг байсан. Одоо бол монгол цоож хэрэгцээнээс гарч, орчин цагт монгол цоож мэддэг, хэрэглэлэг хүн ч цөөн болжээ. Бараг түүхийн дурсгал болж байх шиг байна. Гэхдээ зарим нутгийн уран дархчууд урлаад, хэрэглэж байгааг үгүйсгэхгүй.
Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН