Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа болж байна. Бөхийн өргөөнд эдгээр өдрүүдэд болж буй тэмцээнд 24 орны баг тамирчид оролцож, шилдгүүдээ тодруулж эхлэв.
Энэ удаа Казахстаны багийн бүрэлдэхүүнд 2016 онд 49 кг-ын жинд дэлхийн аварга цолыг хүртэж байсан Молдир Мекенбаева багтсан юм. Тэрбээр өнөө өглөө Нурсултан-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр буулаа. Түүнтэй Монголд ирсэн даруйд нь ярилцсанаа хүргэе.
-Монголд тавтай морил. Анх удаа манай улсад ирж байгаа гэж сонслоо. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-Онгоцноос буугаад удаагүй ч агаар нь цэвэрхэн сайхан санагдлаа. Монголд анх удаа ирж байгаа болоод ч тэрүү сандарч байна шүү. Гэхдээ уулзсан эхний хүмүүсээс эхлээд сайхан сэтгэгдэл төрүүлж байна. Та бүхэнд баярлалаа. Миний хувьд гэнэтийн зүйл болж байна.
-Яагаад Жюү жицү бөхийн төрөл сонгох болсон бэ. Энэ талаар сонирхмоор байна?
-Энэ спортыг сонгоход манай гэр бүлийнхэн нөлөөлсөн. Миний эгчийн нөхөр жюү жицүгээр барилддаг байсан. Тиймээс надад энэ төрлийг сонгоход ойр байлаа.
-Монголд болж байгаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ хэрхэн авсан бэ?
-Дотоодын өрсөлдөөн их. Гэхдээ мэдээж жиндээ нэг, хоёрдугаар байранд орсон нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд явдаг. Энэ шалгуурын дагуу өнөөдөр Монголд ирлээ.
-Тэмцээний бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-Саяхан “Нурсултан 2019” тэмцээнд амжилттай оролцсон. Миний хувьд бэлтгэл сайн байгаа. Тусгай бэлтгэл хийсэн учраас сайн хангагдсан гэж үзэж байна.
-Монголын тамирчдыг судалж чадсан уу?
-Тийм ээ, бага зэрэг судалсан. Олон улсын тэмцээний үеэр Монголын тамирчдыг маш их харж байсан. Гэхдээ яг одоо нэрийг нь санахгүй байна. Монгол, Казахстан ойрхон болохоор жюү жицүгийн спортоор дамжуулан улам ойртож байгаа нь сайхан байна. Жюү жицүгээр дамжуулаад Монголын тухай болон тамирчдын мэдээллийг авдаг.
-Таны хувьд дэлхийн аварга болж байсан. Тэгэхээр энэ удаагийн тивийн тэмцээнд маш өндөр ач холбогдол өгч ирсэн байх?
-Үнэхээр их баярлалаа. Монголд ирсэн бүхий л тамирчдад амжилт хүсье. Мэдээж бүгд түрүүлэх зорилготой ирж байгаа шүү дээ.
-Их сургуульд сурахын хажуугаар жюү жицүгийн бэлтгэл хийнэ. Бас кинонд тоглох гээд завгүй ажиллаж байгааг сонслоо. Энэ бүгдийг хэрхэн амжуулж байна вэ?
-/Инээв/ Би дээд сургуульд математикийн чиглэлээр суралцаж байгаа. Гэхдээ өөрийн сонирхлоор кинонд дүр бүтээдэг. Би хэд хэдэн кинонд тоглосон. Чөлөөт цагаараа шатар тоглож, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Манай найз Чэйкмак мөн сайн тоглодог. Жюү жицү тоглодог шигээ шатар тоглох сонирхолтой.
-Танд миссийн тэмцээнд оролцох бодол байдаг уу?
-Би загвар өмсөж, модель болохыг хааяа боддог. Гэхдээ надад жюү жицүгээр хичээллэх сонирхол илүү их байна. Мэдээж одоо би оюутан, мөн тамирчин. Энэ бол миний сонголт.
Гэрэл зургийг: Г.БИЛГҮҮН
Холбоотой мэдээ