Ноос үнэгүйдсээр байна

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Ноос үнэгүйдсээр байна

Хэдхэн жилийн өмнө ноосны үнэ 500 төгрөгт хүрч хэнд ч хэрэггүй болж байсан түүх энэ жил дахин давтагдлаа. Өнгөрсөн жил нэг кг нь 3500-4000 төгрөгт хүрсэн ноосны үнэ энэ жил кг нь 500 төгрөг болжээ. Үнэ нь дэлхийн зах зээлээс гадна урд хөршөөс бүрэн хамааралтай болохыг Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбооны гүйцэтгэх захирал М.Эрдэнэбат тайлбарлаж байв. Түүний хэлснээр, ноосны үнэ хэлбэлзэж буй нь дэлхийн зах зээлээс хамаарч буй ч манай улс ноосны үнийн нэгдсэн бодлогогүй, ноос самнах үйлдвэргүй зэрэг шалтгаанаас болж хятадууд ноосны үнээ дуртай үедээ өсгөж, бас унагадаг аж.

Тэрбээр “Манай улсад өөрийн гэсэн түүхий эдийн үнийн тогтсон ханш байхгүй. Ноосны үнэ өсч буурах нь хятадуудаас хамааралтай. Тэд манай ноосыг маш хямд үнээр авч, боловсруулан цааш нь Европын орнууд руу өндөр үнээр худалддаг. Европын орнууд манай улсаас түүхий эдээ авах сонирхолтой байгаа ч манай улсад тодорхой хөгжлийн бодлого байхгүй, тогтсон үнийн бодлого баримталдаггүй зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас одоогоор шууд нийлүүлэх боломж алга.

Хэрэв түүхий эдийн үнийг төрөөс бодлогоор зохицуулж, дотооддоо ноос самнах үйлдвэртэй болбол бид бүхэн хятадуудаас хамааралгүй, шууд Европын орнууд руу буюу эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжтой. Үүнийг эрх баригчид мэдэхгүй биш мэдэж байгаа. Ердөө төрийн бодлого үгүйлэгдэж байна. Ноосны үнэ өсч, буурч байгаа нь махны үнийн өсөлттэй л адилхан шүү дээ. Махны үнэ эрс өсөхөд хятадууд ченжүүдээс махыг нь их хэмжээгээр худалдан авч, өөрсдөө боловсруулан гаргах болсонтой холбоотой” гэлээ.

Монгол Улс хүн амынхаа тооноос хэд дахин давсан 66.2 сая гаруй толгой малтай. Тодруулбал, 30 сая гаруй хонь, 27 сая ямаа, 1.2 сая сарлаг, тэмээтэй бөгөөд жилд 33 орчим мянган тонн ноос авдаг. Үүний дийлэнхийг хонины ноос эзэлдэг ба 60 гаруй хувийг нь угаах болон дараагийн боловсруулалтад оруулан Хятад, Орос руу экспортолдог. Үлдсэн ноос нь дотоодын үйлдвэрлэгчдэд ногдож байна.

Дэлхийн ноос, ноолууран бүтээгдэхүүний зах зээлд 3.2 тэрбум “ногоон” эргэлддэг ч ноолуурын нийлүүлэлтийн 40 хувийг дангаар бүрдүүлэгч манай улсад нийт хөрөнгийн найм орчим хувь нь ногддог аж. Энэ тоо үнэхээр чамлалттай бөгөөд манайх дэлхийн зах зээлд түүхий эд бэлтгэн нийлүүлэгч төдийгөөр л оролцож буйн жишээ юм.

Уг нь монголчууд ноос, ноолуураар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, дэлхийн зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтой ч одоогоор үйлдвэрлэл хөгжөөгүй, түүхий эдээ бүрэн ашиглаж чадахгүй байгаатай юм. Түүхий эдийн үнэ ханшийг хэрхэн “барих” болон цаашид ямар бодлого баримтлах бол?

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас ноосны үнийг тодорхойлох, тогтоох боломжгүй, харин ноосны урамшууллыг тодорхой бодлогоор дэмжинэ гэдгээ илэрхийлээд байна. Хэдийгээр Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор “Ноолуур” хөтөлбөр баталж, эл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажлын байрыг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх, ноолуурыг чанараар нь ангилж бэлтгэдэг болгох, түүхий эдийн бэлтгэлд зориулсан эргэлтийн хөрөнгийн, техникийн шинэчлэлт болон үйлдвэрлэлийн өргөтгөлд зориулсан хөрөнгө оруулалтын зээлийн нөхцөлийг илүү таатай болгож эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспортыг нэмэгдүүлнэ гэсэн эерэг төсөөлөлтэй байгаа ч бодит амьдрал дээр дэлхийн тансаг хэрэглээнийх нь түүхий эд болсон ноосны үнэ унаж, хогноос ялгарахгүй үнэгүйдэж байхад салбарын сайд Ч.Улаан та юу хийж байна вэ?

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж