Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд ес даван түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболдод цагдаагийн дэд хурандаа цол олгожээ.
Аварга Э.Оюунболд Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин бөгөөд түүнийг өчигдөр Цагдаагийн Ерөнхий газрын ёслол хүндэтгэлийн тэнхимд хүлээн авч уулзалт хийсэн байна.
2012 оноос эхлэн “Хүч” спорт хорооны тамирчин болсон Э.Оюунболдын хувьд цагдаагийн байгууллагатай ажил амьдралаа холбосон нэгэн юм. Тухайн жилээ “Аварга” дээд сургуульд улсын начин Б.Адьяахүүгийн удирдлага дор бөхийн эрдэмд суралцаж, Хэнтийн аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртэж байсан. Дараа жил нь буюу 2013 онд Улсын наадамд зургаа давж Улсын харцага цолонд хүрсэн удаатай.
20 насандаа Улсын харцага цолонд хүрч 22 насандаа ес даван түрүүлж, Улсын арслан цолд хүрч байсан аварга Э.Оюунболдыг энэ жилийн наадамд түрүүлэх бөхийн нэгээр олон бөхийн хорхойтнууд нэрлэж байсан билээ.
Бөхчүүд дундаас жин ихтэй бөхийн тоонд зүй ёсоор орох Э.Оюунболд ОХУ-ын Дагестанд сарын турш бэлтгэлд хамрагдаж, тэр хэрээр жин хассан гэдэг. Энэхүү бэлтгэлд хамруулахын тулд Монголын чөлөөт бөхийн холбооноос ихээхэн зүтгэл гаргаж явуулсан байдаг. Тиймээс түүний энэ жилийн наадмын бэлтгэлд олон талын дэмжлэг туслалцаа байснаас гадна дэлхийд чөлөөт бөхөөр дархлагдсан монгол багш нарын мэдлэг, ур чадвар нөлөөлжээ. Энэ талаар ч Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллийг олон нийтэд хүргэж байв.
Энэ жил 26 настай Э.Оюунболд аварга цолыг хамгийн залуудаа авсан бөхийн хоёрт бичигдэж байна. Түүний өмнө 1989 онд 25 насандаа аварга цолонд хүрч байсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ билээ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат хоёр бөхийн хувьд энэхүү амжилтыг тэргүүлж буй юм.
1989 онд Б.Бат-Эрдэнэ аваргаас хойш дахин Хэнтий аймгаас түрүү бөх тодроогүй бөгөөд энэхүү амжилтыг Э.Оюунболд хоёр удаа давтан харууллаа.
Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Э.Оюунболд түрүүлэхдээ тавын даваанд аймгийн арслан Н.Мустафаг, зургаагийн даваанд Улсын начин цолны болзол хангасан Б.Цэдэнсодномыг, долоогийн даваанд Улсын харцага цолны болзол хангасан Э.Анартай тунаж, давсан юм. Мөн наймын даваанд Улсын арслан Ц.Содномдоржтой тунан давж, есийн даваанд Улсын аварга Н.Батсуурийг даван, Улсын аварга цол хүртсэн билээ.
Гэрэл зургийг Н.ЭНХБАТ
Холбоотой мэдээ