Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС
Солонгос “Халк”

NEWS” агентлаг энэ удаагийн “ХҮМҮҮС” буландаа Солонгос “Халк” гэгдэх болсон жүжигчин Ма Дун Согийг онцолж байна. Түүнийг бид “Бусанд хүрэх галт тэрэг” киногоор нь илүүтэй мэдэх болсон билээ.

БЛИЦ

НЭР: Ма Дун Сог /И Дун Сог, америк нэр нь Дон И/

НАС: 48 /1971 оны гуравдугаар сарын 1/

ТӨРСӨН: Өмнөд Солонгос

ӨНДӨР: 180 cm

“TWITTER” ХАЯГ: @madongseok12 /20 мянган дагагчтай/

Жүжигчний карьераа эхлүүлэхийн өмнө түүнийг И Дун Сог гэдэг байсан. Ма Дун Сог АНУ-д өссөн ба Колумбын их сургуульд суралцсан. Өмнөд Солонгост ирээд л кинонд дүр бүтээж эхэлжээ. Голдуу жижиг туслах дүр бүтээдэг байсан Ма Дун Сог 2016 онд “Бусанд хүрэх галт тэрэг” киногоор өөрийгөө дэлхийд таниулж, Холливудад хөл тавих гараагаа эхлүүлсэн юм. Түүнд “Марвел”-аас удахгүй дэлгэцийн бүтээл болохоор яригдаж буй “The Eternals” кинонд тоглох саналыг өнгөрсөн дөрөвдүгээр сард тавьсан байна. Мөн тэрбээр “Бусан хүрэх галт тэрэг” киноныхоо дүрээр Өмнөд Солонгосын “Хөх луу” кино наадмаас шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэн юм.

Өмнө нь тэрбээр “Сайн, муу, хачин”, “Шударга бус”, “Хайр 911” зэрэг Өмнөд Солонгосын дэлгэцийн бүтээлүүдээс гадна “Netflix”-ийн “Найм дахь мэдрэхүй” цувралд дүр бүтээж байжээ. Булчинлаг бие, ширүүн харцтай болохоороо тэрбээр голдуу триллер уран бүтээлд дүр бүтээдэг байна.

Ма Дун Сог кинонд дүр бүтээж эхлэхийнхээ өмнө хувийн дасгалжуулагчаар ажилладаг байсан ба Марк Колемэн, Кэвин Ранделмэн зэрэг холимог тулааны тамирчдыг дасгалжуулж байв. Одоогоор тэрбээр кино уран бүтээлчидтэй хамтран кино зохиол бичих төсөл дээр ажиллаж байна. Тэрбээр өмнө нь “Гүн хавх” киноны зохиол дээр хамтарч ажилласны дээр өөрөө дүр ч бүтээсэн аж.

ГЭРЛЭХ БОДОЛГҮЙ

Залуу жүжигчин И Ду А ба Ма Дун Сог

2011 онд тэрбээр загвар өмсөгч бүсгүйтэй үерхээд гурван жил болж байгаагаа “E Daily Star” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байв. Тухайн үед тэрбээр найз бүсгүй нь насны зөрүү ихтэй тул олон нийтэд зарлахгүй гэж мэдэгджээ. Гэтэл үүнээс нэг жилийн дараа Ма Дун Сог 15 насаар дүү залуу жүжигчин И Ду Атай болздог гэх цуурхал гарсан юм. Тэд хамтдаа 2013 онд Норигэ гэх кинонд тоглосон аж. Гэхдээ Ма Дун Сог үүнийг үгүйсгэж, өөрөөсөө 10 насаар дүү энгийн бүсгүйтэй таван жил үерхэж байгаа хэмээн мэдэгдэж байв.

Тухайн үед түүнээс гэрлэх бодолтой эсэхийг асуухад энэ талаар хараахан ярилцаагүй хэмээсэн аж. Харин 2016 онд тэрбээр эрүүл мэндийн дасгалжуулагч Ей Жун Хуа гэгч бүсгүйтэй үерхээд гурван сар болж буйгаа нийтэд зарлажээ. Тэд хамтдаа англи хэлээ давтаж, бэлтгэл хийдэг тул ойр дотно болсон хэмээн Ма Дун Сог ярьсан байв. Үүнээс хойш 2017 оны аравдугаар сард тэд үерхсэн хэвээр байгаа ч хараахан гэрлэх бодолгүй буйгаа тэрбээр “Sports Chosun” сонинд ярьжээ.

ГЭР БҮЛИЙНХНЭЭ НУУЦАЛДАГ

Ма Дун Согийн хувийн амьдрал, гэр бүлийн мэдээлэл маш нууцлаг. Гэхдээ Ким овогт иргэн 2010 онд Ма Дун Согийн эцгийг залилан хийсэн хэргээр шүүхэд өгч байжээ. Ким овогтын мэдүүлгээр Ма Дун Согийн эцэг түүнээс бизнесийн хөрөнгө оруулалтын зорилгоор 500 сая воныг тэтгэврийн сангаас нь зээлж авсан ч буцааж төлөлгүй алга болсон аж. Сөүлийн шүүхээс Ма Дун Согийн эцгийг 300 сая вон залилан авсан хэрэгт буруутай болохыг тогтоожээ. Энэ хэргийн дараа Ма Дун Сог эцгийнхээ өмнөөс олон нийтээс уучлал гуйж, өрийг нь төлсөн байна. Энэ он гарсаар Ма Дун Согийн орлого огцом өсч, 10 сая ам.долларт хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж