Нүхэн гарцын хананд муухай зураг өлгөх шаардлагатай гэж үү!

Хуучирсан мэдээ: 2019.07.18-нд нийтлэгдсэн

Нүхэн гарцын хананд муухай зураг өлгөх шаардлагатай гэж үү!

Нүхэн гарцын хананд муухай зураг өлгөх шаардлагатай гэж үү!

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалттай гурван нүхэн гарц, таван гүүрэн гарц ажиллаж байна. Үүнээс хамгийн анхны гүүрэн гарц болох Мөнгөн завьяагийн урд байрлах “Хүнсний 20”-ийн нүхэн гарцыг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас саяхан засварлан шинэчилсэн билээ.

Нээлтээ хийсэн өдрөөс л ямар ч өнгө үзэмжгүй, дөрвөлжин амбаарыг 130 саяар заслаа гэсэн иргэдийн шүүмжлэлд өртсөн. Ялангуяа гадаадын жуулчид ихээр зорчдог энэ хэсэгт нүхэн гарцын хуучин зургуудыг том жаазанд хийж өлгөсөнд тэд гайхаж, дургүйцэж байна.

Б.Энхцэцэг: -Энэ зургуудыг энд яах гэж өлгөсөн юм бэ. Ийм муухай байсныг бид ийм болголоо гэж “ажлаа тайлагнаж” байгаа юм уу. Үүнийг ядарсан ард түмэн, гадаадын жуулчид л үзнэ. Лав л төрийн өндөрлөгүүд энэ “тайлан”-г чинь үзэхгүй. Эсвэл монголчууд хийгээд өгсөн гарцыг ингэж муухай ашигласан гэж харуулж байгаа юм уу, ямар зорилготойг ойлгохгүй л байна. Шинэ, цэвэрхэн гарц руу ороход урдаас ийм зургууд угтахаар эвгүй юм.

Б.Батжаргал: -Урьд нь муухай байсныг бид ийм сайхан болголоо гэж харьцуулж байгаа юм шиг байна. Манай гадаад найзууд өчигдөр энэ гарцаар явсан. Тэд үүнийг үзэсгэлэнд тавьсан авангард маягийн зураг байна гэсэн. Тэгэхээр найзуудад маань таалагдсан юм болов уу. Уг нь орчин үеийн техникийн шийдэл, хэв маягийг ашиглаад илүү өнгө үзэмжтэй засах боломжтой байсан. Нэг анзаарсан зүйл гэвэл урьд нь энд жижиглэнгийн бараа зардаг хүмүүс алга болчихсон байна. Тэд энд ажиллаж, амьдралаа залгуулдаг байсан байх даа.

Р.Гэрлээ: -Энэ гарцын хананд хуучин зургууд өлгөх шаардлага байгаа юм уу? Эргээд хуучныг дурсаж яах юм бэ, ач холбогдол байгаа гэж үү? Үүний оронд Монгол орныхоо үзэсгэлэнт байгалийн зураг, мэдээ мэдээлэл өлгөвөл ядаж нүд баясна шүү дээ.

Иргэдийн энэ асуултад хариулт авахаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Билгүүнтэй уулзлаа. Тэрбээр ярихдаа “Энэ нүхэн гарц урьд нь мөөгөнцөртэй, ус гоождог байсан. Засвар үйлчилгээ хийлгүй удсан учраас бид хувийн хэвшлийн компанитай хамтран шинэчилсэн. Тиймээс хувийн хэвшил ч гэсэн өөрийн тодорхой хөрөнгөөр нийгмийн хариуцлагын хүрээнд ажил гүйцэтгэж болдог юм байна гэдгийг харуулах, нөгөө талаар урьд нь байсан гарцыг бид ингэж шинэчилсэн гэдгийг харьцуулж харуулах зорилготой. Уг компани засварын төсвийн талыг гаргасан учир реклам, зар сурталчилгаа байрлуулж, хөрөнгө оруулсан мөнгөө буцааж олох боломжтой байгаа юм. Тиймээс цаашид нүхэн гарц доторх арчлалт хамгаалалт, камер, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ бүгдийг нь хариуцаж явна гэсэн үг. Бид ч бас хананд өлгөсөн зургаа соль гэсэн шаардлага тавиад байгаа” гэсэн юм.

Үүнээс гадна гүүрэн гарцын лифттэй холбоотой иргэдийн гомдол их байсан юм. Нийслэлд таван гүүрэн гарц байгаагийн дөрөв нь лифттэй. Гэвч энэ жил эдгээр лифтүүд огт ажиллаагүй ажээ. Үүний шалтгааныг Нийслэлийн авто замын газрын гүүрний хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс лавлахад  тэрбээр “Лифт ажиллахгүй байгаа шалтгаан нь гүйцэтгэгч байгууллагыг шалгаруулах Засаг даргын Захирамж нэг сард гарахгүй, хойшилсонтой холбоотой. Уг захирамж өнгөрсөн зургадугаар сарын 13-нд гарсан тул одоо бид үнэлгээний хороо байгуулна. Тендерээ зарлаж, сар хүлээгээд нээлтээ хийнэ. Үүний дараа дахин сар хүлээгээд гүүрэн гарцын үйлчилгээ эхэлнэ” гэв.

Нийслэлд буй эдгээр нүхэн, гүүрэн гарцын арчилгаа засвар, тог цахилгаан, засвар үйлчилгээнд жилдээ нийт 230 сая төгрөг төсөвлөдөг байна. Гэвч энэ мөнгө хаанаа ч хүрдэггүй талаар албаны хүн мэдээлж байсан юм. Гэлээ ч эхний ээлжинд шинэчилж зассан нүхэн гарцынхаа хананд өлгөөтэй “муухай” зургуудаа буулгамаар байна.

Гадаадын орнуудад энэ ханыг олон янзаар ашигласан байдаг. Тухайлбал, Оросын Санкт-Петербург хотын нүхэн гарцын хананд тухайн хотын замын маршрут, схемийг өлгөсөн байдаг. Эндээс иргэд болон жуулчид хаана байгаа, хаагуур явж болохоо харж болдог. Үүнээс гадна хүнд хэрэгтэй мэдээ, мэдээлэл, нүд баясгах зургууд ч өлгөсөн байх нь олонтаа. Эдгээр зүйлийг яагаад энэ хананд байрлуулж болохгүй гэж!

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж