Изинис Эйрвэйз компани тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлгүүд худалдан авна.

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

Изинис Эйрвэйз компани тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлгүүд худалдан авна.

Изинис Эйрвэйз ХХК нь Монгол улсын
хэмжээнд хуваарьт болон захиалгат нислэг үйлддэг, дотоодын 100%-ийн
хөрөнгө оруулалт бүхий үндэсний тээвэрлэгч, Иргэний Агаарын тээврийн
томоохон компаниудын нэг юм. Тус компани нь орон нутгийн чиглэлүүдэд
нислэг үйлдэхийн зэрэгцээ БНХАУ, ОХУ, Казахстан зэрэг улсууд руу олон
улсын захиалгат нислэг үйлдэн ажиллаж байна.

Изинис Эйрвэйз нь үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээ,
нислэгийн сүлжээний өргөжилттэйгөө уялдуулан агаарын хөлгийн паркаа
өргөтгөх, бүс нутгийн хэмжээнд өөрийн компанийн үйлчилгээг тэлэх
зорилготойгоор ажиллаж байгаа бөгөөд энэ зорилгынхоо хүрээнд тус
компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2008 оны 10 дугаар сарын 23-нд
Улаанбаатар хотноо болсон хурлаараа 46-66 хүний суудалтай,
сэнст-тийрэлтэт хөдөлгүүртэй 5 хүртэлх агаарын хөлгийг худалдан авах
шийдвэрийг гаргалаа. Эхний 2 агаарын хөлгийг 2009 оны 1-р хагаст
худалдан авч, үйлчилгээнд  ашиглаж эхлэх болно.

Үүний зэрэгцээ тус компани нь 100-аас дээш хүний
суудалтай 7 хүртэлхи тооны дундын зайн тийрэлтэт хөдөлгүүр бүхий
агаарын хөлгүүдийг (regional jet) худалдан авах санамж бичигт гарын
үсэг зурлаа.

Түүнчлэн Изинис Эйрвэйз компани нь дээрх шийдвэртэйгээ
холбогдуулан агаарын хөлгүүдийг хадгалах, инженер техникийн болон
нислэг үйлдвэрлэлийн ажилтнуудын оффисын үүргийг гүйцэтгэх, техник
үйлчилгээний иж бүрэн тоноглол бүхий ангар буюу агаарын хөлгийн
“гараашийг” 2009 онд шинээр барьж ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Изинис Эйрвэйз ХХК нь Монгол улсын хэмжээнд болон Евро
Азийн бүс нутгийн чиглэлүүдэд зорчих Таны тэргүүн зэргийн сонголт байх
зорилготой ба энэхүү завшааныг ашиглан бүх үйлчлүүлэгчид болон хамтран
ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж