Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхаарал татсан асуудлуудыг хэлэлцсэний дотор гэр хорооллын 120 мянган айлыг хийгээр хангаж, халаалтыг шийдвэрлэх төсөл байлаа. Уул уурхайн яамны дэргэд байгуулагдсан “Улаанбаатар хотын Гэр хорооллыг нүүрсний хийгээр хангах төсөл”-ийн багийнхан хэрхэн айлуудыг нүүрсээр бус хийгээр халаахаар төлөвлөж байгаагаа хурлын эхэнд танилцуулсан юм. Юуны түрүүнд БНХАУ-аас авч буй 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 168 сая ам.долларыг нүүрсийг хий болгох үйлдвэрт зарцуулах гэнэ. “Дулааны цахилгаан станц 2”-ийн дэргэд нүүрсийг боловсруулж улмаар шатдаг хий гаргадаг үйлдвэрийг ирэх есдүгээр сараас барьж эхлэхээр төлөвлөжээ. Ийнхүү хийгээ үйлдвэрлээд 30 километр урттай магистрал шугам, 1200 километр урттай трубогаар хийг гэр хорооллын айлуудад түгээхээр төлөвлөсөн тухайгаа байнгын хорооны гишүүдэд танилцууллаа.
“Үйлдвэрийг барих компанийг БНХАУ-ын талаас тодруулахыг хүлээж байна. Энэ есдүгээр сараас үйлдвэрийг барьж эхэлвэл 2016 ондоо ашиглалтад орж, эхний айлууд хийг хэрэглээд эхэлнэ. Одоо хэрэглэж байгаа зуух, пийшин, төслийн зуухыг ашиглан хийгээр гэрээ халаах боломжтой. Трубогоор хийг оруулж зуух, пийшинтэй холбоно. Тэгээд түлээ, нүүрс шатдаг хэсэгт хий шатаад дулаан ялгаруулах юм” гэж төслийн дэд захирал Б.Баярсайхан мэдээлсэн юм.
Мөн хий тэсэрч дэлбэрэх аюултай гэж үздэг тул энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар байнгын хорооны гишүүд сонирхсон юм. Энэ эрсдэлийг тусгай мэдрэгч, тоолуурыг айлуудад тавьж эрсдэл үүсвэл мэдрэгч ажиллаж автоматаар хийг хаагдах аргаар зохицуулж өгсөн гэж төслийн удирдагч хариуллаа. Хий ашиглаж халаалтаа шийдсэн айлууд жилд дунджаар 650 мянга орчим төгрөгийн төлөх аж. Төслийн болоод Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд “Айлууд өвлийн улиралд угаасаа дунджаар 650 орчим мянган төгрөгөөр түлээ нүүрс худалдан авдаг. Тиймээс энэхүү төлбөр өндөрт тооцогдохгүй” гэж үзэж байгаа аж.
Хурлын үеэр Байнгын хорооны гишүүдийн зүгээс цөөнгүй хэлж байсан шүүмжлэл нь “Дулааны цахилгаан станц 2”-ийн дэргэд өмнө нь 15 тэрбум төгрөгөөр утаагүй түлшний үйлдвэр бариад өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй гэдэг асуудал байв. Өмнө нь улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр тоглочихоод одоо дахиад өөр үйлдвэр барина гэж байгаа нь бас өгөөжөө өгөлгүй замхрах эрсдэлтэй гэж үзэцгээж байсан юм.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг “БНХАУ-ын талтай 168 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр тохиролцож төслийн баг ажиллаад эхэлчихсэн байна. Гэтэл энэ асуудал бол маш бүрхэг хэвээр байна. Уул уурхайн яаманд дээр төслийн баг байгуулагдаад ажиллаж байгаа. Гэтэл Эрчим хүчний яам дэд бүтэц шугам сүлжэээгээ хариуцах гэнэ. Хэн нь хэрэглээгээ зохицуулах, хэн нь мөнгөө хурааж авах, хэн нь хэрхэн хийгээ авах гэдэг нь ч тодорхойгүй байна. Асуудал үнэхээр дутуу дулимаг байна” гэж эцэст нь дүгнэсэн юм. Ингээд байнгын хорооны гишүүдийн зүгээс “Эрчим хүчний яам, Уул уурхайн яам, ажлын хэсгийнхэн нягт уялдаатай хамтран ажиллах шаардлагатай. Дараагийн хурлаар төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэж ирэх” үүргийг өглөө.
Д.ЖАРГАЛ