Дотоод ертөнц, үзүүлж байгаа арга барил, авьяасаараа адилхан

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Дотоод ертөнц, үзүүлж байгаа арга барил, авьяасаараа адилхан

Урчуудыг эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн  танхимд  Польшийн зураач Эва Миазек, Мариус Дабровски, Мария Орзески нар манай оронд айлчлан ирж “The Transgression” үзэсгэлэнгээ дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэнд оролцсон Польшийн зураачид аялах дуртай, олон орноор явж, олон үндэстний соёл, урлаг, түүхтэй танилцан, гайхан биширсэн сэтгэгдлээ уран бүтээлээрээ дамжуулан амилуулж, үргэлж шинийг эрэлхийлдэг гэнэ.  Мөн тухайн улс орны онцлог өмөрмөц дүр төрхийг харуулсан олон бүтээл туурвиж, урын сангаа ямагт баяжуулан үргэлжийн идэвхтэй байдаг уран бүтээлчид ажээ. Үзэсгэлэн долдугаар сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.
Ингээд Польшийн зураач Эва Миазек, Мариус Дабровски нартай цөөн хором ярилцлаа.
-Гадаадын олон орнуудаар аялж явах дуртай гэсэн. Монголд  ирсэн сэтгэгдэл ямар байна?
-Монголд ирээд сэтгэгдэл өндөр, баяртай байна. Баяртай байгаа гурван шалтгаан байна. Нэгдүгээрт, энэ танхимд манай сургуульд очиж суралцах монгол оюутнууд ирсэн байна. Тэд нартай сургууль эхлэхээс өмнө энд уулзаж, танилцсандаа баяртай байгаа. Хоёрдугаарт, энэ үзэсгэлэнгийн үеэр над дээр докторын зэрэг хамгаалж байгаа  оюутан Польшоос хүрэлцэн ирсэн. Би бас дүрслэх урлагийн оюутнуудад лекц уншина. Гуравдугаарт, миний өөрийн үзэсгэлэнгийн хувьд хамгийн их бүтээлээ тавьсандаа баяртай байна.
-Энэ үзэсгэлэнд хичнээн бүтээл дэлгэгдэж байгаа вэ?
-Би дэлхий даяар үзэсгэлэн гаргаж байсан. Гэхдээ нуулгүй хэлэхэд, ийм их ажлыг нэг дор хэзээ ч дэлгэн тавьж байгаагүй ээ. Амьдралдаа анх удаагаа далан урлагийн ажил дэлгэн үзүүллээ.
-Гаргасан үзэсгэлэнгийн хувьд онцлог нь юу вэ?
-Урчуудын эвлэлийн хороонд хоёр дахь удаагаа үзэсгэлэнгээ дэлгэж байна. Энэхүү үзэсгэлэнд уран зураг, гуашь, усан будаг, фото зургууд дэлгэсэн. Дэлхийн өнцөг булан бүрд хийсэн ажлууд маань нэг дор тавигдаж байна.
-Таны бүтээлүүдийн онцлог, яг юуг харуулахыг зорьдог вэ?
-Миний уран бүтээлүүд ерөнхийдөө өөр өөр  улс орнуудаар аялж, тухайн улсад байхдаа мэдэрсэн мэдрэмжийг бараг л өдрийн тэмдэглэл шиг буулгаж явсан байдаг. Хүмүүс өдрийн тэмдэглэл бичдэг бол би дүрсээр илэрхийлэн буулгадаг. Африк, Америк өөр олон орнуудаар явах болгондоо зургаа зураад л явж байдаг. Мөн энэ үзэсгэлэнд таван жилийн өмнө монголд ирээд зурсан зургууд маань багтсан байгаа.
-Монгол зураачид Польш улсад үзэсгэлэнгээ гаргаж байсан. Монгол зураачдын ур чавдар ямар санагдсан  вэ?
-Варшавт гарсан үзэсгэлэнг би өөрийн биеэр зохион байгуулж байсан. Маш олон урлаг шүүмжлэгчдээс энэхүү үзэсгэлэнгийн талаар мэдээлэл ирж байсан. Тэгэхэд ихэнхээс нь сайн мэдээлэл ирсэн. Түүнээс гадна ерөөсөө ур чадварын хувьд яг л адилхан. Хоёр өөр соёл, хоёр өөр нөхцөлд амьдарч байгаа болохоор зургууд нь өөр болохоос өөрийгөө, дотоод ертөнцөө үзүүлж байгаа арга барил, хувийн авяасаараа бол ямар ч ялгаа байхгүй. Энэ асуудлын хувьд  энэ нь сайн, тэр нь муу гэж хэлэхэд хэцүү.
-Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс монгол гэрийн зураг шууд л нүдэнд туслаа. Энэ бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу?
-Энэ зураг хоёр хэсгээс бүтсэн. Нэг дэхь хэсэг нь гэр, цаад суурь нь. Хоёр дахь хэсэг нь миний өөрийн монгол амьдралын тухай бодол. Бөө мөргөл, аж амьдрал гээд л.
-Монголын талаар бүтээсэн өөр бүтээл байгаа юу?
-Энэ цамын баг. Монголоос өөр хаана ч яг ийм баг байхгүй. Өөрийнхөө сэтгэлд бууснаар л зурсан даа.
-Монголд аялал хийх төлөвлөгөө байгаа юу?
-Хөвсгөл далайгаар аялж, Монголын зураачидтай уулзалт хийнэ.
-Баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж