Л.Энх-Амгалан УИХ-ыг, Г.Батхүү ЗГ-ыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Л.Энх-Амгалан УИХ-ыг, Г.Батхүү ЗГ-ыг буруутгав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай УИХ-ын 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгүүдийн мэдээллийг сонслоо.

Дээрх тогтоолд зааснаар дэд бүтцийн салбарт энэ онд 11 ажил хийгдэх ёстойгоос ихэнх ажил эхлээгүй байгаа аж. Тэр дундаа концессын жагсаалтаар хийгдэх ажлууд цаг алдаж удааширч байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч тодотголоо.

Цаашид энэ алдааг дахин давтахгүйн тулд Хөрөнгө оруулалтын газарт төвлөрч байгаа концессын гэрээгээр хийгдэх ажлуудыг салбар хариуцсан яамдад нь шилжүүлэх шаардлагатай гэдэг саналыг мөн хэлсэн юм.

Одоогоор концессын гэрээгээр хийх ажлуудаас V цахилгаан станцын барих хөрөнгө оруулагчтай түншлэлийн гэрээ байгуулсан. Эрдэнэт-Овоо чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж байгаа аж.

Тэгвэл экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох чиглэлд хийж байгаа ажлуудын тухайд дурдвал Чингис бондоос санхүүжилт авч үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд ажил нь боломжийн. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд 70 тэрбум төгрөгийн эх үүсвэр баталж гаргаснаар хөнгөн үйлдвэрлэлийн салбар, хүнсний салбарыг дэмжихэд томоохон дэмжлэг болж очиж байгаа аж.

Энэ мэт сайн мэдээ байгаа ч хөрөнгө оруулагч татах талд урьдын алдаа давтагдаж байна гэдгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэллээ. Жишээ татвал, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон хурдны зам барих ажил яригдсаар 2014 оны гуравдугаар сард гэрээг зурсан. Засгийн газар баталгаа гаргасан байсан. Гэвч өнөө жил гэрээг нь хүчингүй болгосноор эзэмшигч нь солигдож, асуудал шүүхийн шатанд хүрч, зогсонги байдалд оржээ.

Мөн алт олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд 24 аж ахуйн нэгжид 244 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай болсон ч олгож чадаагүй юм байна. Зээл олгогдохгүй байгаа шалтгаан нь Уул уурхайн яамны холбогдох албаны хүний тайлбараар бол 30 аж ахуйн нэгжид 244 тэрбум төгрөг шаардлагатай болсон. Монголбанкны зүгээс эдгээр аж ахуйн нэгжид зээл олгох хориотой, Хөгжлийн банкнаас зээл олгохоор болсон ч олон аж ахуйн нэгжид олгох боломжгүй тул судалгаа хийж байгаа ажээ.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулж гишүүд саналаа хэлэх шатанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ыг, УИХ-ын гишүүн Г.Батхүү Засгийн газрыг буруутгасан юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ажлын хэсэг ажиллалаа, яг юу шийдэх гэсэн юм. Гарц гаргалгааг нь гаргах ёстой байсан юм биш үү. Ажил хийгдээгүй шалтгаан нь юунд байв гэдгийг тодруулж гаргах ёстой байсан юм биш үү. Засгийн газрын төвшинд шийдээд явчих боломжтой асуудлыг УИХ өөр дээрээ татаж авчирдаг, авчираад унагадаг. Засгийн газрынхаа ажлыг УИХ нь хийлгэдэггүй тогтолцоотой улс боллоо. УИХ-аас Тавантолгой төсөлтэй холбоотойгоор 30 гаруй хууль, тогтоол гарсан байдаг. Оюутолгой, төмөр зам мөн адил. Гэсэн хэр нь явуулдаггүй. Том том төслөө явуулахгүй болохоор яаж эдийн засаг сэргэх юм бэ?.

Эрдэнэт-Овоотын төмөр зам Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусаагүй, гэтэл Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай УИХ-ын 41 дүгээр тогтоолын хүрээнд эхний ээлжинд явах төмөр зам гээд оруулчихсан нь мөн л явсангүй, шалтгааныг нь тодруулах шаардлага байсан юм биш үү.

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Сахилга хариуцлагын асуудал ярихаас аргагүй боллоо. Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний тухай хэлэлцэж байхад Засгийн газрын гишүүдээс нэг нь ч алга. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга нь, яамдын хэдэн мэргэжилтэн, Төрийн нарийн бичгийн дарга нартай сууж байна.

Өмнө нь есөн яамтай байхад сайд нар нь Байнгын хороо, чуулганы хуралдаанд орж ирж суугаад болдог л байсан. Одоо 18 яамтай болчихоод байхад 1 ч сайд орж ирэхгүй байгааг юу гэж ойлгох вэ?. Сайд нь хүрэлцэхгүй байна гэх үү.

Засгийн газраас өргөн барьсан төслүүд зарим тохиолдолд сайдгүй хэлэлцэгдсээр батлагддаг.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөрийн хэрэгжилт тааруу байна. Энэ нь Л.Энх-Амгалан гишүүний хэлээд байгаа УИХ дээр том, том төслүүд батлагддаггүй, хэрүүлийн алим болгож байгаатай л холбоотой. Санхүүгийн секторын идэвхижил алдагдаж байна. Төв банк зай барьсан шинжтэй байна. Төсөв баригчид яажшуухан тэсч үлдэх вэ гэсэн байдалд орж. Нэгэнтээ төр биелэлтээ хангахгүй байгаа тул яам бүрээр нь гаргах шаардлагатай.

Мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих асуудал чимээгүй байна, Монголбанк, Засгийн газартай хэрхэн хамтарч ажиллаж эдийн засгийг идэвхижүүлэх вэ гэдгийг гаргах ёстой. Хэрэгжилт явц удаан байна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам бол Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч болох. Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлээс буюу импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалах явдал чухал байна.

Дээр нь итгэлцэл чухал байна. Хөрөнгө оруулагч нарынхаа итгэлийг алдаж болохгүй гэсэн байр суурийг тус бүр илэрхийлсэн юм.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж