Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Астон Вилла клуб
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Villa Park” цэнгэлдэх хүрээлэн 42,682 хүний суудалтай
  • Дасгалжуулагч: Дин Смит
  • Багийн ахлагч: Жеймс Честер
  • Лигийн аварга:  7 удаа
  • Цомын аварга: 7 удаа
  • Холбоодын цом: 1 удаа
  • Лига кап цом: 5 удаа
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: 1982 оны аваргуудын лиг, 1982 оны супер цомын аварга

Английн хөлбөмбөгийн дээд лигийн анхдагч, лигийн 7 удаагийн аварга Астон Вилла клубын хувьд 1980-аад онд дотооддоо болон Европын тавцанд гялалзаж явсан түүх бий. Английн 2 дахь том хот Бирмингемийн бахархал болсон Астон Вилла клубын түүхийг ярих гэвэл клубын анхны дасгалжуулагч Ж.Рамсей хэмээх эрхмийг дурьдах ёстой. Анх 1884 онд байгуулагдсан багийн лигийн 7 цомын 6, цомын АШТ-ий 7 цомын мөн 6 нь энэ хүнтэй холбоотой. Ж.Рамсей Шотланд эрхэм Астон Вилла клубын суурийг маш гайхалтай эхлүүлж байгуулагдсан даруйдаа Английн шилдэг клуб болгож чадсан. Түүнээс хойш Астон Вилла клубын ялгуусан амжилт түүх болон 1980-аад онтой золгосон байдаг. Шотланд дасгалжуулагч Ж.Рамсейгээс хойш Астон Вилла клубыг Английн төдийгүй Европын тавцанд дахин гаргаж ирсэн эрхэм бол Т.Брайтон дасгалжуулагч юм. Түүний эрин үед Астон Вилла клуб Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн цомыг Европын супер цомтой нь хамт хүртсэн байдаг. Англи эрхэм өөрөө ч 1982 оны Европын хамгийн шилдэг дасгалжуулагч болж байсан.

Харин хоёр мянганы зааг, шинэ мянган эхэлсээр Астон Вилла клуб тийм ч дардан замыг туулсангүй. Ялангуяа 2015-2016 оны улиралд Английн премьер лигт 4 дасгалжуулагч солиод ч тусыг эс олж доод лиг руу унасан. 2017-2018 оны улиралд Чампионшип дивизионд 4-р байранд орж плэй-оффын тоглолт хийсэн ч шийдвэрлэх тоглолтонд Фулхэм клубт хожигдон дээд лигт эргэн ирэх хүслээ нэг жилээр хойшлуулж байсан. Харин 2018-2019 оны улиралд Ф.Лампардын удирдсан Дерби Коунти багтай шийдвэрлэх тоглолт хийн хожисноор 4 жилийн дараа Английн дээд лиг болох Премьер лигтээ эргэн ирлээ.

Ямартаа ч дасгалжуулагч Д.Смитийн 8 сарын хөдөлмөр талаар болсонгүй. Багийг дээд лигт эргэн ирж, томчуудтай мөр зэрэгцэн тоглох боломжийг олгосон дасгалжуулагч Д.Смит багтаа үлдэх нь тодорхой болов уу? Баг зуны солилцоонд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Бельгийн Брюгге багаас 22 настай Бразил довтлогч Веслиг 22 сая, Борнмут клубээс төвийн хамгаалагч Т.Мингсийг 20 сая, жигүүрийн хамгаалагч М.Таргеттыг Саутхэмптон клубээс 11 сая паундаар эгнээндээ нэгтгээд байна. Багт ирээд буй тоглогчдын 60 гаруй хувь хамгаалагчид байгаа нь арын шугамандаа анхаарч байгааг илтгэж байна.

Шинэ улиралд багийн эхний зорилт нь мэдээж дээд лигтээ үлдэх. Гэхдээ Астон Вилла клуб улирлын эхний тоглолтоо хүчирхэг Тоттенхэм Хотспур клубтэй хийх болно. Тоттенхэм Хотспур клубын талбайд хийх уг тоглолтоос Астон Вилла оноо авна гэдэг маш хэцүү байх нь гарцаагүй. 9 сард Арсеналтай, 10 сарын сүүлээр Манчестер Сити, Ливерпүүл клубуудтэй дараалан тоглох бол 11 сарын сүүлээр Манчестер Юнайтед болон Челси клубуудтэй дараалан тоглох нэлээд чанга, магадгүй дараалсан оноо алдах тоглолтууд хийнэ. Дасгалжуулагч Д.Смитэд дээд лигт тоглох эхний улирал маш том сорилт байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж