Өнөөдөр Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын хувьд мартаж боломгүй өнө мөнхөд эргэн дурсан санах хүндэтгэлтэй өдөр юм. Учир нь Монгол Улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 70 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алджээ. Үүнээс Замын цагдаагийн албаны хэмжээнд нийт 15 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан байна. 15 аав, хань та бидний амар тайван амьдралын төлөө амиа өргөжээ. Тусламж хэрэгтэй байгаа эгэл жирийн хүмүүст хэн нэгэн итгэл найдварын гараа сунгаж, амиа ч үл хайрлан бусдад туслах бурхны томилгоотой хүмүүс нь ийнхүү эгэл баатрууд юм. Эдгээр хүмүүс дунд мөрдэс нэгт найзыгаа аврахын тулд өөрөө авто осолд өртөж, амиа алдсан хүн ч байлаа.
Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/ өнөөдөр /2019.07.17/ албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, тэдний үйл хэргийг нь мөнхжүүлэх, гэр бүл, төрөл төрөгсдөд нь хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ТЦА-аас гадна албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн алба хаагчдын гэр бүл, төрөл төрөгсөд иржээ. С.Уранчимэгийн хувьд уг өдөрлөгт арав дахь жилдээ оролцож байна.
ХУУЛЬ БУСААР ОРЖ ИРСЭН СПИРТНИЙ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ НӨХӨР МААНЬ ХАРГИС АЛУУРЧДЫН ГАРТ АМИА АЛДСАН
Тэрбээр "Миний хань Д.Ганбат Хан-уул дүүргийн замын цагдаа, зохицуулагчаар 21 дэх жилдээ ажиллаж байгаад 2001 онд 40-хөн насандаа бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан. Тухайн үед 2000 онд хууль бусаар орж ирсэн спиртний хэргийг илрүүлээд сарынхаа цалин болох 54 мянган төгрөгөөр шагнуулаад маш их сэтгэл өндөр байсан боловч зургаан сарын дараа бусдын гарт амь насаа алдаж, бидэнд нөхөж болшгүй гарз учирсан юм. Хууль бусаар орж ирсэн спиртний хэргийг илрүүлснийхээ төлөө нөхөр маань харгис алуурчдын гарт амиа алдсан. Тухайн үед аав нь ажилдаа яваад ирнээ гээд гарсан хүн маргааш өглөө нь хэзээ ч ирэхгүй болно гэж хэзээ ч төсөөлөөгүй. Бага хүүхэд маань одоо 22 нас хүрч байна. Улсаас нөхөн олговор болгож нэг удаа гурван сая төгрөг өгч, охиныг маань Цагдаагийн академид урилгаар суралцуулсан” хэмээн ярилаа.
Түүний хувьд нөхөртэйгөө 20 жил хамт амьдрах хугацаандаа найман хүүхдийн эцэг эх болцгоожээ. Нөхөр нь өнгөрдөг жил хамгийн бага хүүхэд нь дөрөв, том нь 20 настай найман өнчин хүүхэдтэй үлдсэн ч С.Уранчимэг хүүхдүүдээ хэнээс ч дутахааргүй өсгөсөн гэдгээ нүүр бардам хэлж байсан юм. Одоо найман хүүхдийнх нь таван хүүхэд нь тусдаа гарч, 12 ач зээтэй болжээ. Нөхөр нь амьд сэрүүндээ түүнийг цагдаагийн байгууллагад ажиллуулах хүсэлтэй байсан учраас нөхрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд С.Уранчимэг цагдаагийн байгууллагад ажиллаад хоёр жилийн өмнө тэтгэвэртээ гарчээ. Гэхдээ Д.Ганбатын амь насыг хэн хохироосон болохыг өнөөдрийг хүртэл ямар ч гэрчгүй гэх шалтгаанаар илрээгүй яваа.
Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан ирсэн хүмүүст хүндэтгэл үзүүлж, үг хэлэхдээ “Монголын цагдаагийн байгууллага жил бүр “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулж, төр ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах ариун үүргээ биелүүлж яваад алтан амиа алдсан алдартнуудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн дурсаж, ар гэрийнхэн та бүхэнтэй уулздаг. Албан үүргээ нэр төртэй биелүүлж, мөр зэрэгцэн алхаж явсан мэргэжил нэгтэй анд нөхөд маань алтан амиа алдсан дайчин гавьяат үйлстнүүдээ дурсан санах энэ өдөрт мэхийн ёсолж байна. Замын цагдаагийн албаны хамт олон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар төр түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан алдартнуудынхаа ажил, үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн авч яваа гэдгээ илэрхийлж байна” гэв.
Холбоотой мэдээ