Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд энэ хугацаанд гарсан гэмт хэрэг, зөрчил, нөхцөл байдлын талаар ЦЕГ-аас өнөөдөр /2019.07.17/ мэдээлэл хийлээ.
ЗАМЫН-ҮҮД САЙНШАНД ЧИГЛЭЛИЙН ЗАМД ХЯНАЛТЫН КАМЕР СУУРИЛУУЛНА
ЦЕГ, ТЦА-аас хамтран хэрэгжүүлж буй “Яараад яахав дээ” аяны хүрээнд зам тээврийн осол хэрэг 50 хувиар буурчээ. Тодруулбал, 2019 оны зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд орон нутгийн авто замд 45 гэмт хэрэг үйлдэгдэж хэргийн улмаас 37 хүний амь нас хохирч, 30 хүн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, зам тээврийн осол 63 хувиар буурч, хүний амь нас хохирсон хэрэг 27 хувиар буурсан, гэмтсэн хүн 59.5 хувиар буурсан дүн гарчээ.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг “Яараад яахав дээ” аяныг 2019 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд олон төрлийн контентуудыг хийсэн. Зам тээврийн ослоос сэргийлэх, замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэн. Үүний үр дүнд жолооч нар орон нутгийн замд хурдаа багасгасны үр дүнд өмнөх оны мөн үеэс зам тээврийн осол буурсан байна. Аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас иргэдэд тараах материал, утасны дугаар тэмдэглэгчийг байршуулсан. Энэ хугацаанд 6.8 сая орчим хүнд давхардсан тоогоор мэдээлэл хүргэсэн. Жолооч нар замын хөдөлгөөнд соёлтой оролцож байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн замд хурд хэтрүүлэх нь багассан байна.
Үүнээс гадна Замын-Үүд Сайншанд чиглэлийн замд хяналтын камер тавьж байгаа. Хамгийн их осол гардаг хурдны замд камер тавьж байгаа нь дундаж хурдыг тодорхойлно. Ингэснээр нийтлэг байдлаар нь нийт явж буй машины дундаж хурд, гаргасан зөрчилд хариуцлага тооцох боломж бүрдсэн. Орон нутгийн замд хурд багассанаар хүний амь нас тэр чинээгээр аврагдана. Энэхүү аяныг 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Тийм ч учраас зам тээврийн осол 50 хувиар буурлаа. Энэ байдлаар бид иргэд аж ахуй нэгжийн тусламжтайгаар энэхүү аяныг аравдугаар сар хүртэл зохион байгуулахаар ажиллаж байна” гэлээ.
СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 400 ХҮНИЙГ СААТУУЛСАН
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү "Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд 99 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд халаасны хулгайч байж болзошгүй этгээдийн царайг таньж илрүүлэх 89 хяналтын камерыг байршуулсны үр дүнд халаасны хулгайн гэмт хэрэг буурлаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 400 хүнийг саатуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 42 иргэнийг баривчилсан бол 54 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлсэн. Наадмын үеэр "Торгоны зам" олон улсын уралдаан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн учраас цагдаагийн байгууллага нэлээд ачаалалтай ажиллалаа. Хэд хэдэн аймгийг дамжин бартаат замд уралдаан үргэлжилсэн учраас оролцож буй гадаадын тамирчид, зам дагуу оршин сууж буй иргэд болон малын аюулгүй байдлыг хангах чиглэлд анхаарч ажилласан.
Наадмын өдрүүдэд ноцтой гэмт хэрэг гараагүй тайван наадсан. Гэвч амралт зугаалга үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Иймээс аль болох гол, уснаас хол амрах, усны ойролцоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ