Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д худалдаж авч, эзэмшдэг гэх орон сууцнуудын талаарх мэдээлэл, баримтыг УИХ-ын гишүүн Г.Уянга өнгөрсөн дөрөвдүгээр сард дэлгэсэн. Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас өчигдөр мэдээлэл хийх үеэр “С.Баяртай холбоотой хэргийг шалгаад УИХ-ын гишүүн Г.Уянгад хариу өгсөн” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл чухам ямар хариу ирүүлсэн талаар УИХ-ын гишүүн Г.Уянгаас тодрууллаа.
-Ерөнхий сайд асан С.Баярыг шалгаад хариуг танд өгсөн гэсэн. АТГ-аас ямар хариу өгсөн бэ?
-Иргэдийн явуулсан мэдээллийн эх сурвалжуудыг нь дурдаад мөн мэдээлэл өгсөн хүний зөвшөөрлөөр Авлигатай тэмцэх газарт С.Баярыг шалгах хүсэлтийг гаргасан.
АТГ-аас энэ хэргийг шалгах нь зүйтэй гэж үзээд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар албан бичгийн надад ирүүлсэн. Мөн АТГ-ын комиссар н.Болд манай өрөөнд ирж надаас тайлбар тодруулга авсан.
-Тэгэхээр С.Баярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэсэн үг үү?
-Албан бичигт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэдэг хариуг өгсөн.
-Хуулийн байгууллагад бусдын гэм буруутайг тогтоохоос өмнө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эцэслэгдээгүй мэдээлэл түгээж, нэр хүндэд халдсан гэж таныг буруутгах хүн цөөнгүй байсан.
-Намайг буруутгах үндэслэл байхгүй. “Голомт цөмийн эсрэг хөдөлгөөн” төрийн бус байгууллага, www.golomt.org зэрэг газруудаас энэ баримтыг өмнө нь дэлгэж байсан. Гэтэл хуулийнхан тэр үед огтхон ч дугарахгүй байсныг гайхсан.
Тиймээс олон нийтийн анхаарлын төвд энэ асуудлыг оруулахаар зориуд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан юм. Иймэрхүү томоохон авлига, мөнгөтэй холбоотой мэдээллийг чимээгүйхэн зөвхөн шалгадаг байгууллагад өгөхдөө итгэлтэй биш байсан юм. Учир нь энэ авлигын сүлжээ бол зөвхөн мөнгө иддэг сүлжээ биш түүнийг өмгөөлж хамгаалдаг нөхөдтэй нийлж иж бүрэн сүлжээ болж төгөлдөршөөд байна.
-С.Баярыг шалгах нь Оюутолгойн гэрээнд чухал нөлөө үзүүлж магад гэж та үзэж байгаа гэсэн. Ямар учраас ингэж дүгнэж байгаа вэ?
-Энэ асуудлыг хэрхэн шийдэхээс шалтгаалж АТГ үнэхээр зөв ажилладаг эсэх, томоохон албан тушаалтны хэргийг шударгаар шийдэж чаддаг эсэхийг шалгах шалгуур болох юм. Томоохон гэрээ хэлэлцээр явагдаж байгаа энэ нөхцөлд Оюунтолгойн гэрээг толгойгоороо хариуцна гээд ам мөчгөө өгсөн С.Баяр гэдэг хүн өөрөө ийм томоохон үл хөрөнгөтэй гэдгийг мэдээлсэн нь анхаарал татсан асуудал шүү дээ. Хэрвээ тухайн үеийн гэрээ байгуулсан Ерөнхий сайд авлигатай холбоотой гэдэг нь тогтоогдсон тохиолдолд монголчуудыг ихээхэн алдагдалд оруулж байгаа гэрээг зөв тийш нь явуулах нэг түлхэц болох байх гэж харж байна.
Д.ЖАРГАЛ