Жолоочийн зөрчлийн мэдээллийг хэн бүртгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2015.07.01-нд нийтлэгдсэн

Жолоочийн зөрчлийн мэдээллийг хэн бүртгэх вэ?

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн шатанд хөндсөн чухал асуудал нь жолооч зөрчил гаргахад мэдээлэл нь хаана бүртгэгдэж, мэдээллийн санд төвлөрөх вэ. Мэдээллийн санг нь хэн хариуцах тухай байлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Р.Гончигдорж нар “Жолоочийн зөрчлийн мэдээлэл шууд Улсын бүртгэлийн газар бүртгэгддэг системтэй байх ёстой юм биш үү. Ингэж байж, Зөрчлийн хуультайгаа ч мөн уялдана. Жолооны үнэмлэх бол Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс олгодог мужаан, слесарын үнэмлэхтэй адил зүйл биш” гэсэн санал дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Улсын бүртгэлийн газар бүртгэлийн мэдээллийг хариуцдаг болчихвол тэнд нь мэдээлэл очих хооронд устгах зэрэг асуудал гарвал яах вэ. Одоогийнхоо тогтолцоогоор цагдаа дээрээ байх нь зөв” гэж байлаа.

Эцэст нь бүртгэх ажлыг Лицензийн төв хариуцахаар болж, гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээсэн юм.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр ирц муутай байлаа. Дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Байнгын хорооны даргаа оруулаад долоон гишүүн оролцсон юм. Тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, Р.Гончигдорж, Г.Батхүү, Ш.Түвдэндорж нар оролцлоо.

С.Бямбацогт гишүүний хувьд бүлгийн гишүүдээ орлож, ганцаараа оролцлоо. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс тус байнгын хороонд Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ нар харьяалагддаг. Тэднээс Ж.Энхбаяр гишүүн хуралдааны дундуур орж ирж суугаад гарсан бол Ц.Нямдорж гишүүн Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацаатай санал нийлэхгүйгээ илэрхийлэн хуралдааныг орхиж гарсан билээ.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөөд байна.

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж