Монгол Улс 20-р зууны эхээр сэхээтнүүд бэлтгэх зорилгоор ЗХУ-ын томоохон хотууд руу оюутнуудаа илгээж байсан билээ. Тэдний нэг бол Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн. Тэрбээр 1933 онд Ленинград хотын Дорно дахины их сургуульд элсэн орж, улмаар 1938 онд төгсжээ.
Зохиолч маань эх орноосоо хол, хүний нутагт сурч байхдаа гэрээ санах, өлсөж цангах, өвдөж ядрах, хичээл номдоо шамдах гээд бусдын адил зовлон бэрхшээлийг туулсан нь лавтай. Гэхдээ Ц.Дамдинсүрэн үүнийг эс тооцон, орос хэлээ илүү сайжруулах тал дээр анхаарч буйгаа Монголын Шинжлэх ухааны хүрээлэнгийн эрх баригчдад Ленинград хотоос тусгайлан илгээсэн захидалдаа бичиж байжээ. Захидлыг уншихад тэр үеийн захидлын хэв маяг, үгийн сонголт, бичилтийг мэдэж болох юм.
Уг захидлыг уншигч та бүхэнд хүргэж байна.
ШУХ-гийн эрх баригч нөхөд Амар, Дэндэв, Тубянский нарын амрыг эрье!
Монголын комисс нь Сурмаажав бид хоёрыг өөрийн орон тоонд багтаан авч цалин хэрэглэх олгохоор тогтов. (150-200). Сурмаажавыг Ургамлыг шинжлэх хүрээлэнд нэг хүнийг дагалдуулан сургахаар өгсөн. Дамдинсүрэн намайг Курсы нацменав хэмээх дорно дахины бага ястны сургуульд оруулан сургах хэмээж буй. Энэ сургуульд цөм бага ястан сурах тул цэвэр орос хэл сурах хэмээсэн зорилгод арай дутагдалтай санагдмуй. Цэвээн авгай бидний төлөө энд тэнд гуйж их тус болов. Цэвээн авгайн хэлэх нь орос хэлний багш авч заалгаваас хамгийн амархан ба эрхэм зам мөн хэмээсэн бөгөөд хэрэв багш авбаас түүнд төлөөс төлөх хэрэгтэй. Нэг жил буюу хагас жил ч орос хэлний багш авбаас над их тус болох амуй. Хэрэв аргагүй байваас надад хэдэн төгрөг илгээвээс би түүгээр авмуй. Бидний энд байгаа монгол сурагчидтай би огт адилгүй бөгөөд учир нь эднийг сургах боловсрох хамаг зардлыг нь Академи наук гаргаж байгаа. Надад болбоос гагцхүү монголын комиссоос цалин олгох хэмээн хэлснээс өөр юу ч үгүй. Энд ирсээр хоёр сар сул өнгөрөв. Гэвч та нараас монгол комисст утас явуулсан нь их тус болсон тул баярыг хүргэх учиртай байна. Эрдэм сурахын тул зохих хэрэгтэй хэргийг би мэдэх тул бага сага саад өршөөлүүдийг тоохгүй хичээл оролдохоо илэрхийлсүгэй.
Дамдинсүрэн
Гучин гуравдугаар он арван сарын хорин долоон
Ленинград хотноо.
Энэхүү захидлыг бичиж байхдаа зохиолч маань гуч хүрээгүй байжээ. Тэрбээр сургуулиа төгсөж ирээд удаагүй байхдаа эх орны хар дарсан мэдүүлэлтэд өртсөн юм. Хэдэн өдрөөр нүд аниулаагүй тамлалыг шоронгийн чийг даасан өрөөнд өнгөрөөж, хачин жигтэй яргалалт, тарчлааныг биеэрээ мэдэрсэн байдаг. Гэвч тэр бууж өгөөгүй, улам илүү зүтгэж өнөөдрийн бидэнд их эрдмийн соёлыг түгээсэн билээ.
Ц.АРИУНЗАЯА
Холбоотой мэдээ