WeChat-аар дамжуулж Түвдийг эзлэх нь

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

WeChat-аар дамжуулж Түвдийг эзлэх нь

Цахим хувьсгал нь аливаа мэдээ мэдээллийг бусдад дамжуулах, нэг нэгтэйгээ холбоо барих зэргээр хүн төрөлхтний хамгийн чухал хэрэгцээнд тулгуурласан хувьсгал юм. Сүүлийн 10-аад жилийн хугацаанд цахим сүлжээ  хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан холбоог бараг бүхэлд нь орлож байна. Техник технологи, шинжлэх ухааны энэ дэвшил  цаг хугацаа хэмнэхээс эхлээд маш олон давуу талтай.

Гэсэн хэдий ч ямар ч зүйлд саар тал байдагтай адил хүмүүс цахим сүлжээг өргөнөөр хэрэглэх нь өөрсдийгөө ямар их эрсдэлд оруулж байгааг мэддэггүй. Бид өдөр тутмын амьдралдаа ухаалаг утсыг хэр их ашиглаж, цахим сүлжээнд хэр их цагийг зарцуулж байна тэр хэрээрээ бид хувийн мэдээллүүдээ тараасаар байдаг. Үүний нэг жишээ бол Хятадын “Tencent” компанийн бүтээсэн цахим шуудан дамжуулах “WeChat” аппликэйшн. “WeChat”-ийн асуудал Хятадтай сайнгүй харилцаатай Түвдийн хувьд томоохон асуудлуудынх нь нэг аж.

Дэлхийн хамгийн том бие даасан мессеж аппликейшн “WeChat” нь дэлхий даяар 963 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд тэднийг хянах технологийг байнга боловсронгуй болгож байдаг.  Гэсэн ч Түвдүүдийн 70 гаруй хувь нь дээрх аппликэйшнийг хэрэглэдэг. Орчин үеийн цахим сүлжээ өргөнөөр хөгжсөн энэ нийгэмд тэд гэр бүл найз нөхөдтэйгөө холбогдохын тулд үүнээс өөр сонголт байхгүй. Учир нь, бусад цахим сүлжээг хэрэглэх нь хориотой байдаг. Мөн Хятадад буй хамаатан садантайгаа харилцахын тулд өөр бусад орнуудад байгаа Түвдүүд ч мөн “WeChat”-ийг ашиглахаас өөр аргагүй байдалд хүрдэг байна.

“Tencent” компани “WeChat”-ийг танилцуулснаас хойш буюу өнгөрсөн найман жилийн хугацаанд энэхүү мэдээллийн суваг Хятад улсын хамгийн түгээмэл суваг болж чаджээ. Дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй төдийгүй тэдний 900 гаруй саянь идэвхтэй хэрэглэгч байдаг уг аппликэйшнаар дамжуулан өдөрт 45 орчим тэрбум цахим шуудан буюу мессеж илгээгддэг байна. “WeChat”-ийг энэ амжилт нь Хятад улс дотооддоо гадаадын цахим сүлжээг хэрэглэхийг хориглосонтой холбоотой. Энэ ч утгаараа “WeChat”-ийн хувьд мэдээллийн аюулгүй байдал, нууцлал гэдэг зүйлд найдах хэрэггүй. Хятадын Засгийн газар хэрэв үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй мэдээлэл байна гэж үзвэл харилцаа холбооны компаниудыг   тэдгээр мэдээлэлд маш хатуу хяналт тавьж, тэр ч бүү хэл шаардлагатай тохиолдолд тухайн хэрэглэгчийн хувийн мэдээллийг өгөхийг шаарддаг.

“WeChat” өдөр тутмын амьдралынх нь салшгүй хэрэглээ болсон Түвдүүдийн хувьд энэ аппликэйшн тэднийг хэрэгт унагах  хэрэгсэл болдог аж. Тиймээс ч тэд сүүлийн үед энэ сүлжээгээр дамжуулан хэн нэгэнтэй холбогдохдоо нийгмийн болон улс төрийн асуудлын талаар ярихаасаа эмээж, зөвхөн хувийн чанартай, өдөр тутмын амьдралынхаа талаар мэдээллээ хуваалцахыг хичээдэг болжээ. Хятадаас явсан олон Түвдүүд тэдний гар утас, дуудлага, мессеж, цахим сүлжээ бүгд Хятадын хяналтад байсныг баталдаг. Хятадын Цахим аюулгүй байдлын товчоо тэднийг байцаахдаа өмнөх дуут шуудан, мессеж, дуудлага зэргийг нь сэргээн үзүүлдэг байсан тухай зарим Түвдүүд ярьдаг.

Энэтхэг дэх Түвдүүдийн”WeChat” хэрэглээ

Энэтхэгийн Түвдүүд мөн л “Tencent” компанийн зохион бүтээсэн аппликэйшнуудыг өргөн ашигладаг. Хаашаа ч харсан ухаалаг утасныхаа дэлгэцэнд “наалдсан”  хүмүүс байх бөгөөд тэд “WeChat” –аар дуут шуудан явуулж, бичлэг зургаа солилцож, “PubG”  хэмээх тоглоомд донтон тоглодог. Хэрэглэхэд хялбар “WeChat” аппликэйшны дуут шуудангийн үйлчилгээ нь бичиг үсэг тайлагдаагүй Түвдүүдийн хувьд маш сайхан боломж юм.

“Эцэг эх минь Хятадад байдаг. Тэдэнтэйгээ гар утсаар ярихад төлбөр нь өндөр байдаг. 2012 онд нэг найз минь надад “WeChat” гэдэг  аппликэйшныг танилцуулсан. Бичиг үсэг тайлагдаагүй надад энэ үнэхээр таалагдсан. Ганцхан товчлуур дараад л би гэр бүлтэйгээ ямар ч асуудалгүй холбогдож, царай царайгаа харж ярьдаг. Мөн үүгээр дамжуулж цахим бүлэгт элсэн 2016 оны сонгуульд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн идэвхтэй оролцож байлаа. Харин энэ аппликэйшныг Хятадын компани зохион бүтээсэн  гэдгийг мэдээд миний үйлдлийг хэн нэгэн хянаж байгаа мэт санагдсан учир чи үүнийг ашиглахдаа улс төрийн холбогдолтой мэдээ мэдээллийг ярилцахаа больж, энэ төрлийн бүх л мессеж, зургуудаа устгасан” хэмээн нэгэн Түвд залуу ярьжээ. Мөн бараг өдөр бүр л холбогддог байсан гэр бүлийнхэн нь гэнэт л түүнийг ямар ч тайлбаргүйгээр групп чатаасаа хасч, блоклосон байна. Учрыг нь олох гээд өөр хүний хаягнаас ортол гэрийнхэн нь нүүр зургаа өөрчилж,бүхий л мэдээллээ устгасан байж. Тэрбээр үүнийг Хятадын Цахим аюулгүй байдлын товчооноос Хятадаас гадна байгаа хүмүүстэй холбоо тогтоосонд гэр бүлийнхэнд нь анхааруулга өгсөн гэж бодож байгаа аж.

“Tencent” компани хэрэглэгчдийнх нь хувийн мэдээлэлд Засгийн газраас хяналт тавьдаг гэдгийг үргэлж үгүйсгэсээр ирсэн. Гэсэн ч энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн бодит байдал юм. Үүнээс гадна “худал мэдээлэл” гэдэг зүйл дэлхий нийтийн цахим аюулгүй байдалд ночтой аюул занал учруулж байгаа. Энэ асуудал ч мөн “WeChat” –ийг тойрч өнгөрөөгүй. “WeChat” хэрэглэгч Түвдүүдийн дунд хуурамч хаягаар нэвтрэн худал цуу яриа тараах, тэдний эв нэгдлийг эвлэх гэсэн, хутган үймүүлсэн мэдээ мэдээлэл түгээх үзэгдэл түгээмэл байдаг аж.

Эх сурвалж: THEDIPLOMAT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж