Монголын попуудад өгч буй "Рио"-гийн сануулга

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

Монголын попуудад өгч буй "Рио"-гийн сануулга

Монголын попуудад өгч буй "Рио"-гийн сануулга

Хэдийгээр төв банкнаас валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрсэн ч дотоодын зах зээлд зарагдаж буй ам.долларын ханш наадмын дараагаас бага зэргийн өсөлт үзүүлж, 2665 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь МАН засгийн эрх авснаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт юм. УИХ-ын сонгуулийн дараа 1950 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханшийг ОУВС-тай элбээд ч тогтворжуулж чадсангүй. Ам.долларын ханш өсч, дотогшлох урсгал царцсан нь дотоодын улс төрийн бодлого, тоглолтуудтай шууд холбоотойг эдийн засагчид хэлдэг. Ялангуяа хувийн өмчид хэт халдсан бодлогыг хэрэгжүүлэхээ Ардын засгаас зарлаж, сүр дуулиант тусгай ажиллагаа, баривчилгаа явуулснаар гадаадын хөрөнгө оруулалт тэг зогсжээ. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд орж ирж байгаа бага зэргийн санхүүжилтийг эс тооцвол Монголд шинээр гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жил нэмэгдээгүй байна. ОУВС-гийн санхүүжилт ч гацсан. Учир нь, ОУВС-гаас Монголын арилжааны банкуудад дахин мөрдөн шалгалт хийсний дараа дараагийн санхүүжилтээ хийхээ Монголын Засгийн газарт тулган шаардсан.

Ам.долларын ханшид нөлөөлдөг нэг хүчин зүйлс нь алтны нөөц. Гэвч, 2019 он гарснаар алт тушаалт эрс буурсан. Тоон мэдээг сонирхуулбал, Монголбанкинд 2016 онд 18.6, 2017 онд 20, 2018 онд 22 тонн алт тушаагдсан бол энэ жилийн эхний  зургаан сард 6.8 тонн болж буурчээ. Тэгвэл "Найман шарга" дээр нэг ам.доллар 2665 төгрөгтэй тэнцэж буй бол арилжааны банкууд 2668 төгрөгөөр зарж байна.

Энэ бол эдийн засагт харагдаж буй анхааруулга ч Засгийн газар, Сангийн яамны зүгээс одоогоор ямар нэгэн арга хэмжээ авалгүй долоон сар боллоо. Ямар ч байсан жилийн эцсээр Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх жилийнхээс 50 хувь буурах нь тодорхой харагдаж байна.  Алт тушаалт буурсан нь алтанд тавьдаг рольти татвар буцаад өссөнтэй холбоотой. Ардчилсан нам засгийн эрх барьж байхдаа хууль бусаар хил давж буй алтны "хулгай"-г цэгцлэх, дотоодынхоо валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс альтны рольти татварыг 2.5 хувь болгон бууруулж байсан билээ. Уг хууль 2019 он хүртэл хэрэгжээд дууссан. Одоо Ардын  засгийн бодлого алтан дээр үгүйлэгдэж байна. Гэвч, МАН-ын засаг дотоодынхоо улс төрийн хэрүүлд ач холбогдол өгч улс орны эдийн засгийн бодлогуудаа орхигдуулах болсон нь төв банкинд тушааж буй алтны хэмжээнээс харж болно.

Өөрөөр хэлбэл, өмнөх жил төв банкинд тушааж байсан 22 тонн алт хаагуур ямар замаар хаашаа урсаж байна вэ гэсэн асуулт эндээс тавигдаж байна.  Алт бол хөрвөх чадвартай металл. Хатуу валют гэдэг. Монгол төгрөгийн баталгаа болсон алт тушаалт буурснаар үндэсний мөнгөн тэмдэгт улам үнэгүйдэж байгааг бодлого боловсруулагчдад сануулахад буруудахгүй биз. Үндсэндээ, энэ бүгдээс харахад өнөөгийн төр засгийн бодлого ерөнхийдөө хойд хормойгоо авч урд хормойгоо нөхсөн шигээ явж буй.

Энэ мэт эдийн засгийн чухал асуудлуудаасаа илүү их цэвэрлэгээ том бүтээн байгуулалт, эрс шинэчлэлийн тухай ярьсаар яваа эрх баригчдад анхааруулахад,  ОУВС байгаад ч эдийн засгийг маань эмчилж чадахгүй дүр зураг харагдаж байна. Учир нь, алтаа, ханшаа тавьж туугаад зогсохгүй цорын ганц үлдсэн хөрөнгө оруулагчгүй ч болж мэдэхээр нөхцөл үүсээд байгаа билээ. 

Оюутолгойн  далд уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацаа хойшлогдож магадгүй талаарх муу мэдээ "Рио Тинто"-гоос сонсогдож эхэлсэн. Энэ бол өнгөрсөн дөрвөн жил Монголын попчид Оюутолгойгоор оролдсоны цондон юм. Өөрөөр хэлбэл, МАН засгийн эрхэнд гарснаас хойш Оюутолгойгоор оролдсоныхоо хариуд эдийн засгийн хүнд цохилт амсаж магадгүй болжээ. Оюутолгойн гүний уурхайг 2022 оны тавдугаар сараас 2023 оны зургадугаар сарын хооронд ашиглалтад оруулахаар анхны төлөвлөгөөндөө тусгасан. Монголын улстөрчдийн адлах болсон Дубайн гэрээ харилцан ойлголцлын санамж бичиг. Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө. Гэтэл хийтэй өвчтэй улстөрчдийн явуулж буй популизмын үр дүнд  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацаа дахиад  16-30 сараар сунгагдах болсон төдийгүй хөрөнгө оруулагчдаас босгосон нийт 5,3 тэрбум ам.долларын зардал дахин 1,2-1,9 тэрбум ам.доллараар нэмэгдэх бодит эрсдэл үүссэн тухай  "Рио Тинто" компанийн Өсөлт, инноваци хариуцсан эрхлэгч Стефен Макинтош мэдээлжээ. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа Оюутолгойн хувьцааны үнэ олон улсын хөрөнгийн биржүүд дээр 40 хувиар унасан байна. Энэ бол Рио-Тинтод гэхээсээ Монголын хувьд муу мэдээ, муу өрнөл. Ашиг хонжоо хайсан популистуудыг дагаж намираад адаг сүүлдээ бид өөрсдөө л  шөнө хоосон хонох эхлэл энэ байж мэднэ шүү.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж