Э.Анхбаяр: Гавьяат болсон минь миний багшийн гавьяа | News.MN

Э.Анхбаяр: Гавьяат болсон минь миний багшийн гавьяа

Э.Анхбаяр: Гавьяат болсон минь миний багшийн гавьяа

Э.Анхбаяр: Гавьяат болсон минь миний багшийн гавьяа

Үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаасан сонгодог урлагийн отгон гавьяат Энхболдын Анхбаяртай ярилцлаа. Тэрбээр зургадугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан сонгодог урлагийн “Олимп” гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд амжилттай оролцож, гоцлол дууны төрөлд эх орныхоо нэрийг гарган IV байрын шагналыг хүртсэн билээ.

Ингээд Монгол Улсын гавьяат жүжигчин, Улсын филармонийн гоцлол дуучин, Монгол Улсын Соёлын элч Э.Анхбаярын гэрт зочилж, түүнтэй яриа өрнүүлснээ хүргэе. Залуу хос бүл нэмж, отгон хүүгээ өлгийдөн аваад удаагүй байгаа бөгөөд “Гэр бүлд маань шинэ хүн мэндэлж, төрийнхөө хайр хишгийг хүртээд сайхан жил байна” хэмээн шинэхэн гавьяат маань билэгшээж угтсан юм.


-Та сайхан наадав уу. Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялааж, отгон гавьяат боллоо. Уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

-Сайхан наадлаа. Та бүхэн сайхан наадав уу. Мэдээллийн “News.mn” сайтад ярилцлага өгөх завшаан тохиолдсонд баяртай байна. Баяр наадмынхаа өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол тэмдгээр энгэрээ мялаасандаа баярлаж байна. Энэ бол ганц миний шагнал биш. Надад тусалж дэмждэг гэр бүлийнхэн, багш нар, найз нөхөд, хамт олны минь хамтын шагнал. Мэдээж төрдөө үнэлүүлэх их сайхан. Залуу хүнийхээ хувьд тэр их хайр хүндэтгэлийг дааж явахыг хичээх болно. Тийм учраас “Би шагнал авлаа” гэж баярлаж, хөөрөхөөс илүүтэйгээр хариуцлагатайгаар түмэн олныхоо хишгийг дааж явахыг хичээх болно гэж хэлмээр байна.

-Монгол Улсын гавьяат цол тэмдгээр хэдэн насандаа шагнуулж байна вэ?

-Би одоо 30 настай.

-Үндэсний их баяр наадмын өдрүүдээр томоохон тоглолтуудад оролцож байгаа харагдсан. Таны бодлоор орчин цагийн залуус сонгодог урлагийг хэр шимтэн сонирхож байна вэ?

-Төрийнхөө хайр хишгийг хүртсэн хүн чинь Төрийнхөө хүндэтгэлийн концерт, наадмын нээлт болон сонгодог урлагийн гала тоглолтод оролцож, ая дуугаа өргөлгүй яахав. Уран бүтээлчид маань ч гэсэн залуу уран бүтээлчээ дэмжиж, ая дуугаа өргөх урилгыг надад ирүүлсэн. Хамгийн сүүлд энэ сарын 13-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа Монголын поп опера урлагийн “Best of classics pop operа” тоглолтод оролцож, ая дуугаа өргөлөө.

Манай үзэгчид өмнөх үеэ бодвол сонгодог урлагийг сонирхон сонсдог болжээ. Хэдийгээр сонгодог урлагийг бүрэн ойлгох хэмжээнд хараахан хүрээгүй ч хөгжлийн дунд үедээ явж байна гэж боддог.

Анх 1963 онд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр үүсгэн байгуулагдаж байхад хүмүүс дуурь дуулахаар хүлээж авдаг ч үгүй байсан түүхтэй. Тэр цагаас хойш ахмад уран бүтээлчдийн маань уйгагүй хөдөлмөр зүтгэлээр өнөөдөр сонгодог урлагийг сонирхогчид олширч байна. Сонгодог урлаг нь хүнд тайвшралыг өгч, эмх цэгцтэй, бодол санааг төвлөрүүлдэг гээд үр өгөөжтэй урлаг. Тиймээс залуу уран бүтээлчийнхээ хувьд сонгодог урлагийг монголчуудынхаа амьдралд нөлөөлөх хэмжээнд нь хөгжүүлж, сурталчлахыг хүсдэг. Миний хувьд Монгол Улсын Соёлын элч дуучин болохоор үндсэн чиг үүргийн маань нэг гэсэн үг.

-Баяр наадмын өмнөхөн ОХУ-д зохион байгуулсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд амжилттай оролцож, IV байрын шагналыг хүртээд ирсэн. Сонгодог урлагийн “олимп” гэгддэг энэ удаагийн уралдааны тухай яриач. Та өөрийн фэйсбүүк хуудаснаа эх орныхоо нэрийг энэ удаад IV байрт зарлуулсандаа уучлал гуйсан байсан шүү дээ?

-Миний бие энэ удаагийн П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцож, олон орны дуучдаас шалгарч дөрөвдүгээр байр эзэлсэн. Манай Монголын дуурийн дуучид өмнө нь тэргүүн байраас эхлүүлээд шагналт байруудыг хүртэж байсан. Миний хувьд ямар ч байсан энэ шагналын буухиаг таслалгүй эхний дөрөвдүгээр байрт шалгарсан. Энэхүү уралдаан маань албан ёсны дөрвөн байртай байсан. Тэр олон аавын хөвгүүдийн өмнүүр нь орж, шагнал авчихаад энэ шагналаа гололтой биш дээ гэдэг бодол төрж, тайтгарсан даа.

 Гэхдээ хүнд өөрийн гэсэн хэмжээ бий шүү дээ. Дуурийн дуулаачийн уралдаан спорт шиг ил тод өрнөхгүй, тайзны ард нууцаар шүүлт явагддаг.Би тэглээ гээд “Унасан бөхөд шалтаг мундахгүй” гэгчээр олон шалтаг хэлэхгүй ээ. Уралдаан л бол уралдаан. Нэг нь түрүүлдэг хойно.

Би дөрөвдүгээр байранд орсноо нэг бодлын голонгуу боловч нөгөө талаас дэлхийн 800 гаруй дуучдын бичлэгээс шалгарч, шилдэг 60 дуучинтай өрсөлдөж, эхний дөрөвт багтсандаа баяртай байна. Энэ тэмцээнд оролцсоноор өөрийгөө цааш нь илүү сайн хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг мэдэрлээ.

“Б.ЖАВЗАНДУЛАМ БАГШ МААНЬ НАМАЙГ СОНГОДОГ УРЛАГТ АВЧ ҮЛДСЭН”

Таны амжилтын тухай олон түмэн сайн мэднэ. Харин таны урлагт хөл тавьсан түүх, бага насны амьдралын талаар хүмүүс тэр бүр мэддэггүй байх. Та хэзээнээс дуулж эхэлсэн юм бэ. Хүүхэд насныхаа тухай яриач?

-Би бүр бага байхаасаа л дуу, хөгжимд дуртай хүүхэд байсан. Тэр үед намайг дуучин болно гэж хэн мэдэх вэ дээ. Зусланд хөршүүдээрээ явж дуу дуулж өгнө. Цэцэрлэгт орохдоо ч дуу дуулж, дэргэдэх цэцэрлэгүүдээр тоглолтоор очиж, дуулна. Ер нь би мэдээ орсон цагаасаа л дуутай холбоотой өссөн. Тэгээд 10 жилийн сургуульд орж, үсэглэлийн баяр болон урлагийн үзлэгтээ төгсөн төгстлөө дуулсан. Тухайн үед ид хүчээ авч байсан хүүхдийн “Улаан бүч” чуулгад орж, “Залгамж үеийн тэмүүлэл”, “Зайрмаг” зэрэг дууг дуулж байлаа. Одоо тэр чуулгаас төрөн гарсан нэгэн үеийн дуучин олон бий. Гэхдээ яг дуурийн дуучин мэргэжлийг сонгосон хүн байхгүй. Ихэнх нь нийтийн дуучин болох замыг сонгосон.

-Үеийнхэн тань нийтийн дуучин болох замыг сонгосон гэлээ. Таны хувьд дуурийн дуучин болох замаасаа хазайж, нийтийн дуучин болох бодол төрж байв уу?

-Би анх дуучин болно гээд Соёл урлагийн их сургуульд шалгалт өгөөд бүдэрчихсэн юм. Тэгээд Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жавзандулам багшийнхаа удирдлага дор “Их Монгол” дээд сургуульд дуурийн дуулаачийн мэргэжлээр суралцсан даа. Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жавзандулам багш маань намайг сонгодог урлагт барьж үлдсэн хүн.

Би чинь бас оюутан байхдаа үсчээд л “Universe best song” тэмцээнд ороход багш маань намайг болиулж байсан юм. Тэр нь ч буруудаагүй байх. Би багшийнхаа захиснаар өнөөдрийг хүртэл яваад алдаагүй л явна. Хэдийгээр шат алгасаж, амжилт гаргаагүй ч нэг, нэг шатаар ахиж л явна. Ямар ч байсан “Найранд гурван дуутай, наадамд гурван даваатай” гэдэг шиг дэлхийн хаана ч очсон уралдаанаас хасагдаж, гологдоод байхгүй хэмжээний дуучин болтол багш маань намайг өсгөж, өндийлгөсөн.

Манай сургууль тухайн үед мэргэжлийн хичээлээ Хөгжим бүжгийн консерваторийн хуучин байрандаа явуулдаг байсан юм. Тэр үед нэгэн үеийн дуучин болох Ч.Бадрал, Б.Дэлгэрбаяр нартайгаа хамт бэлтгэл хийж, бие биеэ хөглөнө. Бид дуурийн романсуудыг шимтэн сонсч ”Энд тийм шинэ ари байна. Энийг дуулья” гээд л явдаг байлаа. Тэр дундаас амьдралд шигшигдэж, дуурийн дуучин цөөн төрөн гарсан. Заавал бүгд дуурийн дуучин болох албагүй. Ер нь Хөгжим бүжгээс нийтийн дуучин бага төрөн гардаг. Соёл урлагийн их сургуулийн хувьд Монголынхоо зах зээлийг олоод харчихсан учраас төгсөгчид нь тэрийгээ дагаад зах зээлээ хөөгөөд явчихдаг.

Мэдээж хүний амьдралд мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэр жишгээр ихэнх нь нийтийн дуу руу хошуурах болсон байх. Нийтийн дуу ч тэр хүмүүсийн амьдралд өгөөжөө өгсөн гэж боддог. Миний хувьд нийтийн дууны уран бүтээлчдийг буруутгаад байдаггүй. Хүн болгон сонгодог урлагийг сонсохгүй. Хүн өөрт таалагдсан хөгжим, дуугаа л сонсох хэрэгтэй. Би бол сонгодог хөгжим, хип хоп, транс, нийтийн дуу ч сонсдог. Хүн тухайн үеийн мэдрэмжээрээ л дуугаа сонсдог. Тэрнээс биш би дуурийн дуучин гээд дан сонгодог урлаг сонсоно гэж юу байх вэ.

БАГШИЙНХАА АНХНЫ ГАВЬЯАТ ШАВЬ НЬ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА

-П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд амжилттай оролцоход багш тань ихээр баярласан биз. Баярт мэдээгээ багштайгаа хуваалцаж, үнсүүлж амжсан уу?

-Намайг сая эх орондоо ирэхэд багш маань хөдөө нутаг руугаа явчихсан байсан. Харин сая Монгол Улсын гавьяат цол тэмдэг авахад багш маань нутгаасаа ирж, баяр хүргээд үнслээ. Манай багш жинхэнэ сонгодог урлагийн хүн. Энэ урлагт олон жил үнэнчээр зүтгэсэн Монголын алдартай уран бүтээлч. Сонгодог урлагт олон жил зүтгэсэн хөдөлмөрийг нь үнэлж, төр Монгол Улсын Ардын жүжигчин эрхэм цолоо хүртээсэн.

Миний багш зуны цагт Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуй гэж төрсөн нутагтаа зусдаг юм. Бид оюутан байхдаа багшийнхаа төрсөн нутагт очиж, нутгийнхан зон олонд цуг тоглолтоо сонирхуулна. Булган аймгаас сонгодог урлагийн алдартай уран бүтээлчид олон төрсөн байдаг. Тэдний нэг бол ХХ зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан агсан болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган гээд олон сайхан хүмүүс бий.

Багш маань олон сайхан шавьтай. Миний хувьд багшийнхаа анхны гавьяат шавь нь болсондоо баяртай байна. Намайг оюутан болоход багш маань багшлаад удаагүй байсан юм. Анх багш дээрээ очихдоо л багштайгаа сайхан ойлголцсон. Багш шавийн хооронд нүдэнд харагдахгүй ч бие биеэ шууд ойлгодог сайхан харилцаа байдаг даа. Би багшийн хэлснийг шууд тусгаж авдаг, багш маань миний болохгүй байгааг зүйлийг мэдэрдэг тийм нандин харилцаатай болсон. Тиймээс бид хоёрын хичээл зүтгэл хурдацтай өссөн гэж боддог. Би дундуур нь дээд сургуулиасаа нэг жил чөлөө авсан. Одоо бодоход тэр хугацаандаа багштайгаа илүү ойр байсан бол гэх бодол одоо ч төрдөг юм.

-Таныг “Кардифф”-т түрүүлдэг Надежда Кучер тэргүүтэй алдарт дуурийн дуучдын багшид шавь орсон гэж сонссон юм байна?

-Миний хоёр дахь багшийг Анатолий Гусев гэдэг. Италид өөрийн дуурийн дуулаачийн мэргэжлийн сургуулийг ажиллуулдаг дуурийн багш хүн. Тэр багштайгаа анх 2016 онд  “Серж Меценат” гэж монголын дуурийн дуучдыг бодитоор дэмждэг сангийн дуучнаар ажиллаж байхдаа танилцаж байлаа. Багш маань надад “Чамд хоолой анхлан тавьсан монгол багшаа бурхан мэт шүтэж яв. Одоо чамд дутуу зүйл байвал би түүнийг чинь хэлж өгнө” гэж хэлсэн.

Тэр цагаас хойш багш маань надад олон зүйлийг зааж, хэлсэн. Заримдаа олон улсын уралдаанд оролцож, ганц нэг хоёрдугаар байр эзэлнэ. Тэр үед “Чи миний хэлснээр дуулаад үз. Одоо энэ уралдаанд оролцоод байр эзлэхгүй ч нэг хоёр жилийн дараа ямар ч уралдаанд түрүүлдэг болно” гэж хэлж билээ. Би ч тухайн үедээ нэг л итгэлгүй байсан. Гэтэл хэлсэн ёсоор нь би олон улсын уралдаанд амжилттай оролцож эхэлсэн. Тиймээс хоёр дахь багшийн минь жинхэнэ сонгодог урлагийн итали школь бага ч гэсэн надад нөлөөлсөн болов уу. Хүн өөрөө мянга сайхан байгаад багшгүйгээр ямар ч амжилтад хүрэхгүй. Тэгэхээр энэ сайхан багш нартаа танай сайтаар дамжуулан баярлаж, талархаж явдгаа хэлье.

-Одоо хэдэн настай хүн бэ?

-Манай хоёр багш хоёулаа 1958 оных. Одоо багш нар маань 60 нас гарч байна.

-Гавьяатын маань анхны тайз ямар тайз байсныг сонирхож болох уу?

-Анх дуурийн урлагт суралцаж байхдаа Хөгжим бүжгийн коллежийн концертын танхимын тайзнаа гарч байлаа. Мэдээж анхны тайз учраас маш том санагдаж, өвдөг чичрээд л. /инээв/ Тухайн үедээ хоёр орос дуу дуулж байсан санагдана. Багш өнөөдөр нэг дуу өгнө, маргааш нь дуугаа сурчихна. Зарим хүүхдүүд их гайхдаг байсан. Би арван жилийн сургуульд байхдаа дуу хөгжмийн хичээлдээ их дуртай, нот уншаад сурчихсан учраас оюутан болоход тэр маань их дөхөм болсон л доо. Сүүлдээ том ари дуулж үзмээр санагдаад багшдаа хэлэхээр ерөөсөө зөвшөөрөхгүй “Чи дуулах болоогүй байна” гэнэ.

Харин нэгдүгээр курсийн оюутан байхдаа ОХУ-ын Владивостокт болсон залуу дуурийн дуулаачдын уралдаанд 2007 онд оролцсон. Тэр бол миний анхны олон улсын уралдааны тайз. Сургуулийн захирал болон Б.Жавзандулам багшийгаа дагуулан Улаанбаатараас Улаан-Үдэ хүртэл вагоноор явж, цаашаа Владивосток руу гурван хоног вагоноор явж хүрсэн. Тэр үед мөнгө төгрөг муутай, багш бид хоёр өөр өөрийнхөө зардлыг дааж, хагас зөөлөн суудлаар олон хоног явж байлаа. Одоо бодоход тэр үед багш маань сэтгэл гаргаж, их хүсэл зоригоор явсан байгаа юм. Тэгээд багштайгаа вагоноос шууд буугаад л чемоданаа чирж очоод хувцсаа ч индүүдэлгүй шууд тайзан дээр гарч дуулсан. Өмнөх өдөр нь амарч чадалгүй вагоноор олон хоног явж, уралдааны сүүлчийн өдөр хамгийн сүүлд дуулж байлаа. Би одоо явсан бол тэгж явж чадахгүй. Ер нь хүн юм сайн сураагүй, мэдэхгүй байхдаа өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй юм шиг санагддаг.

“БИ ХАЛААСАНДАА 1000 РУБЛЬТЭЙ ОЛОН УЛСЫН УРАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙСАН”

-Дуурийн дуучид маань олон улсын уралдаанд оролцоход зардал мөнгөний асуудалтай тулгардаг. Улсаас дэмждэг үү?

-Би одоогоос 12 жилийн өмнө олон улсын анхны уралдаанд оролцохоор явж байхдаа зардлаа өөрөө даагаад л явж байсан. Дараагаар нь 2010, 2011, онд ч гэсэн ялгаагүй. Төгсөх курсийн оюутан байхдаа би 2011 онд М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дүгээр уралдаанд оролцохдоо халаасандаа 1000 рубльтэй буюу 40 мянган төгрөгтэй явж байлаа. Дотроо “Уралдаанд түрүүлнэ” гэсэн ганцхан зорилготой. Тэр их хүсэл тэмүүлэл, зорилго хүнийг зөв зүг рүү дагуулж, чиглүүлж өгдөг юм шиг санагддаг. Тэрнээс биш би айдастай байсан бол хэзээ ч хүний нутаг руу 1000 рубльтэй явахгүй шүү дээ. Дөнгөж сонгодог урлагт хөл тавьж байгаа залууст ямар мөнгө байх вэ. Уг нь тэдний тэр их хүсэл, зорилгыг төрөөс дэмжээд өгвөл Монгол залуусын авьяас хаана ч гологдохгүй. Ер нь нийгмийн аль ч салбарт залуусыг дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Одоо бол намайг дэмждэг хүмүүс харьцангуй их болсон. Нутгийн түмэн олон, төрснөөс өөрцгүй ахан дүүс гээд олон хүмүүс өнөөдрийн байр суурийг эзлэхэд тус дэмээ хайрласан.

Дэлхийн хаана ч очсон Монгол орныг ядуу буурай орон гэж хараад байдаг. Тэр хандлага нь надад таалагддаггүй. Бид өнөөдөр хийж, бүтээх гээд явж байна шүү дээ.

Би Голланд улсад уралдаанд оролцох гээд явж байхад уралдааны бүртгэлийн хураамж гэж 50 евро авч байсан. Би хураамжаа төлөх гээд очсон чинь ядуу буурай орны нэрс дунд Монголын нэрийг бичсэн байсан. Тэгээд энэ улсын уран бүтээлчээс бүртгэлийн хураамж авахгүй гэсэн хариулт сонссон. Тэгтэл миний гол руу зураад л явчихсан. Би тухайн үед их мөнгөтэй яваагүй ч тэр хэмжээний мөнгийг төлөх боломжтой байсан. Тэгээд болдог сон бол энэ бүгдийг өөрчилмөөр санагдаж байсан.

Монгол гэхээр АНУ, Япон, Англи гэдэг шиг хүлээж авдаг болгох юм сан. Улс орныхоо эдийн засагт шууд нөлөөлж чадахгүй ч өөрийн ажиллаж буй салбартаа амжилт гаргаж, энэ бүхнийг өөрчлөх хүсэлтэй. Одоо дэлхийн хаана ч очсон Монголын баритон хоолойтнуудыг сайнаар үнэлж, хүлээн зөвшөөрч эхэлсэн байна. Манай сонгодог урлагийнхан олон улсын томоохон уралдаануудыг өнгөлж байна. Монгол залуус өөрсдийн ажиллаж буй салбар салбартаа манлайлаад ирвэл эх орон маань олон улсад хүлээн зөвшөөрөгдөх өдөр удахгүй ирнэ.

Манай оюун ухааны спортынхон маш мундаг байна. Дэлхийн өнцөг булан бүрт сонгодог урлагийн чиглэлээр ажиллаж, амьдарч буй хүмүүс сурсан мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлж, ажиллах байх. Өнөөдөр иргэд сарын цалингаараа машиныхаа бинзенийг ч худалдан авч чадахгүй байна. Иргэд эх орондоо ажил хийж, цалингаараа амьдардаг болсон цагт л гадаадад байгаа тэр олон хүмүүс нутагтаа ирж амьдрахыг хүснэ.  Мэдээж тэр хүмүүс бүх насаараа харь оронд амьдрахыг хүсэхгүй шүү дээ.

АЙЛЫН УУГАН ХҮҮ, ХОЁР ХҮҮГИЙН ААВ Э.АНХБАЯР

-Гэр бүлээ бидэнд танилцуулахгүй юу?

-Би Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул хүн. Аав маань Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул хүн байсан. Харин ээж маань Уянга сумын уугуул. Одоо ээж маань нутагтаа амьдарч байгаа. Би айлын ууган хүү болон 1988 онд мэндэлсэн.       Эцэг эхээс хоёулаа. Нэг эмэгтэй дүүтэй. Дүү маань одоо цагдаагийн ахмад цолтой, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст ажилладаг. Гэргийг маань Г.Мичидмаа гэдэг. Эхнэр маань биохимийн чиглэлээр суралцдаг. Одоо хоёр хөөрхөн хүүгээ хараад гэртээ байдаг.

Манай гэр бүл хоёр жилийн дотор л бүл нэмж, хоёр хөөрхөн хүүтэй боллоо. Тэр чинээгээрээ үүрэг хариуцлага өндөр болж байна. Би өөрөө айлын ууган хүү учраас хөвгүүдээ сайн хүн болгон төлөвшүүлэхэд анхаарахыг хичээдэг. Эр хүн өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгох шиг сайхан зүйл байхгүй шүү дээ.

-Одоо гавьяат маань дэлхийн ямар тайз руу тэмүүлж байна вэ?

– Хүүхдүүд том болоод ирэхээр хүссэн, хүсээгүй дэлхийн тайзнаа гарна. Тодорхой хэмжээнд өөрийгөө олонд таниулсан уран бүтээлчид гадны тайзнаа гарахад их дөхөм байдаг. Миний хувьд итали хэлээр ус цас шиг ярихгүй ч тодорхой хэмжээнд өөрийгөө ойлгуулчихна. Надад өмнө нь олон улсын уралдаануудад оролцож байсан учраас туршлага бол байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын “Большой”, “Марийнский” зэрэг олон улсын тайзан дээр их, бага хэмжээгээр гарч, ганц нэг ари ч болтугай дуулсан. Одоо тэр тайзан дээр жүжигт тоглохыг хүсдэг.

Мэдээж тэр өдөр ирж л таараа. Би хэтэрхий өөдрөг үзэлтэй хүн л дээ. Хүмүүс энд тэндхийн театрт очоод зураг хөргөө авахуулдаг. Миний хувьд удахгүй энэ тайзан дээр гарч, амжилт гаргаад хүмүүс миний зургийг дарах юм шиг л санадаг. Тэр тайзнаа гарах цаг хугацаа минь болоогүй юм байлгүй.

Тиймээс хоёр хүүхдээ гараас гаргасны дараагаар гэр бүлээрээ гадаадад ажиллаж, амьдраад эргээд эх орондоо ирж монголынхоо хөрсөнд сурсан мэдсэнээ буулгах юм сан гэж боддог. Итали хэл сурья гэвэл орчинд нь очиж сурах хэрэгтэй юм билээ. Тэрнээс би Монголдоо мянга хэлний бэлтгэлд сураад гадаад хэлийг төгс сурна гэж байхгүй. Харин Италид очоод гурван сар амьдарвал хэлний мэдлэг огцом сайжирна гэж бодож байна. Мэдээж цаг нь ирвэл итали хэл сурна.

-Ер нь ирээдүйд Итали улсыг зорих нь ээ? 

-Зорилгүй яахав. Сонгодог урлагийн эх нутаг учраас тийшээгээ л татагдана шүү дээ.

-Дэлхийн сонгодог урлагт өнгөлж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Ч.Бадрал тэргүүтэй олон Монгол залуус байна.  Тэдний хэнтэй нь илүү дотно найзууд вэ. Алдарт баритон Э.Амартүвшиний хувьд одоо Италийн сонгодог урлагийн тайзнаа Монголынхоо нэрийг дуудуулж явна шүү дээ?

-Бид бүгдээрээ сайн найзууд. Гэхдээ одоо бүгд өөр өөр улсад ажиллаж, амьдарч байгаа болохоор интернетээр л харьцахаас цаашгүй болчихоод байна. Ер нь өнөөдөр Монголын сонгодог урлагийн цөөн хэдэн дуучин олон улсын тайзнаа гараад байна. Үнэндээ олон юм шиг харагдаж байгаа ч гарын таван хуруунд багтана. Ер нь хаа газар Монгол залуус маань эвтэй найртай, бие биеэ хүлээн зөвшөөрч, баяр бахдалыг нь хуваалцаж чаддаг байх хэрэгтэй. Би бол Э.Амартүвшинг, Г.Ариунбаатарыг хүлээн зөвшөөрдөг. Манай Г.Ариунбаатар маань “Бид бие биедээ боломж олгодог байх хэрэгтэй” гэж хэлдэг. Тэр бол маш зөв.

Тэртээ тэргүй бид хол явлаа гээд насны эцэст Монголдоо л уулзана шүү дээ. Тэр цагт нэг нэгнээ харч чадахгүй болсон байх вий гэхээс эмээдэг. Тиймээс нэг нэгэндээ сайхан урмын үг хэлж, дэмжих хэрэгтэй гэж боддог.Өнөөдөр Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар надаас юу ч булаагаагүй шүү дээ. Би тэдний хоолноос ч булаагаагүй. Бид өөрсдийн заяа төөргөөр л явж байгаа. Гэтэл олон түмэн уран бүтээлчдийг хооронд нь өрсөлдүүлж, үнэлж байгаад харилцаанд нь сэв суулгачихдаг. Одоо зарим хүмүүс Э.Амартүвшин, Г.Ариунбаатар хоёрыг хооронд нь их харьцуулах гээд байдаг. Тийм учраас монголын маань ард түмэн сайхан дуучдаа ижилхэн хайрлаж, хүндлээд яваасай гэж хүсдэг юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-17 202.9.42.220

Дуулдаг бухэн гавьсангуй болоод байдаг хорвоо юу дуулдаггуй монгол байхгуй шуу

Avatar

Зочин 2019-07-17 202.9.42.220

Орсод очиж дуулаадл гавьяат авдагыг болио орос бол дэлхий бишээ дуурийн дуу бол монголд идээшээгуй италын урлаг шуудээ Занданшатарын ихэруу дээ гэж харав

Avatar

ө 2019-07-17 203.91.115.38

Манай Анхаа Ариунбаатар, Амартүвшин, Бадрал гээд хэдэн сайхан залуу байнаа бахархаж байна та нараараа

Avatar

Зочин 2019-07-17 193.57.67.241

Сайхан залуу, сайн хоолой, санаа зөв ярилцлага өгчээ. Амжилт хүсье!

Avatar

kub 2019-07-17 202.126.89.239

zandanshataryn fen bololtoi 🙂

Avatar

Зочин 2019-07-17 202.179.31.55

Ёоёо энэ олон урлагчин юу вэ бүгд одон тэмдэгтэй

Avatar

Зочин 2019-07-17 119.40.100.142

''Би хураамжаа төлөх гээд очсон чинь ядуу буурай орны нэрс дунд Монголын нэрийг бичсэн байсан. Тэгээд энэ улсын уран бүтээлчээс бүртгэлийн хураамж авахгүй гэсэн хариулт сонссон. Тэгтэл миний гол руу зураад л явчихсан. Би тухайн үед их мөнгөтэй яваагүй ч тэр хэмжээний мөнгийг төлөх боломжтой байсан. Тэгээд болдог сон бол энэ бүгдийг өөрчилмөөр санагдаж байсан'' Ийм "ядуу" орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар юу бодож суудаг юм бол.

Avatar

Зочин 2019-07-17 64.119.16.24

БАЯР ХҮРГЭЕ

Avatar

Зочин 2019-07-17 103.14.36.226

Манайд дуулах, барилдахаас өөр хийж бүтээж байгаа юм байна уу

Avatar

ууж 2019-07-17 202.131.253.66

Одоо энэ социализмын үеийн элдэв цол тэмдэгээ больёоо тэх үү. Энэ бол нэг солиорлын хэлбэр шүү.

Avatar

Зочин 2019-07-17 66.181.169.66

Шагнал гэж үнэхээр утгагүй болжээ

Avatar

Зочин 2019-07-17 202.179.2.138

mmmmmm

Avatar

Зочин 2019-07-17 64.119.20.82

Хичээгээрэй дүү минь!

Avatar

Зочин 2019-07-17 150.129.143.139

Мундаг залууд амжилт хүсье.өшөө илүү тод гялалазаарай залуу минь.

Avatar

Хуяг 2019-07-17 68.100.237.110

Америк д одон гэж байхгуй байж дажгуй болоод л байх юм.

Avatar

Бат 2019-07-17 68.100.237.110

Орос,Монголоос бусад газар гавьяат дуучин гэж байхгуйг юу гэж ойлгох вэ ?

Avatar

Гавьяат 2019-07-17 103.26.195.98

АНУ-д дуурийн лут лут дуучин маш олон байдаг байхг. Бүгд АНУ-ын Соёлын тэргүүний ажилтан болоод тодорснууд нь Цагаан ордонд очиж Трампын гараас АНУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоо авч Цаган ордон, Вашингтон хотыг одон медаль шагналын хуранд даруулж байна уу?

Avatar

Гавьяат 2019-07-17 103.26.195.98

Анхбаяр аа, гадаадад жишээ нь Европь аялж явахад чинь ХБНГУ-ын Гавьяат жүжигчин, Францын Соёлын тэргүүний ажилтан, Италийн Соёлын гавьяат зүтгэлтэн, Австрийн Төрийн хошой шагналт, Бельгийн Хөдөлмөрийн баатрууд ёстой нэг ярайж байгаа биз?

Avatar

Иргэн 2019-07-17 66.181.183.84

Ухаалаг залуж бна. Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж