АНХААР: Наадмаар гэмтэл авсан хүний тоо эрс өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.17-нд нийтлэгдсэн

АНХААР: Наадмаар гэмтэл авсан хүний тоо эрс өсчээ

АНХААР: Наадмаар гэмтэл авсан хүний тоо эрс өсчээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгаар ороод гарахад л нүд хальтрам дүр зураг олон. Нүүрнээсээ бусдыг цагаан самбайгаар битүү ороож өвчиндөө шаналахдаа тэсч ядан уйлах нялх хүүхдийн зүрх шимшрэм дуу эмнэлэгт  хадаж, гар, хөлдөө боолттой, суга таягтай, хүнд шарх авсан гээд олон хүн ар гэрийнхэнтэйгээ хамт Яаралтай түргэн тусламжийн тасгийн коридорт оочерлоно. Эмнэлгийн түрдэг орон дээр 35 орчим насны эмэгтэй хөлөө хүнд бэртээсэн бололтой боолт хийлгэсэн ч шархны зовиур арилахгүй, өвчнөө тэсч ядан нулимс бөмбөрүүлнэ. Тэрбээр Яаралтай түргэн тусламжийн хүлээн авахын харалдаа байрлах толгой, хүзүү, нуруу, цээж, аарцаг дуран оношилгоо гэсэн хаягтай өрөө лүү орж байгаа нь харагдсан. Мөн авто ослоор хүнд бэртсэн бололтой гар хөл нь улаан эрээн болж хүнд бэртэл авсан 25 орчим насны залуу  эмнэлгийн үүдээр дамнуургаар зөөлгөн орж ирж байгаа харагдана. Ийм дүр зураг  өдөр бүр тус эмннэлэгт өрнөнө. Баярын өдрүүдээр Гэмтэл согог судлалын үндэсний төв хэр их ачаалалтай байсныг сурвалжиллаа. 


БАЯРЫН ӨДРҮҮДЭД  2718 ХҮН ГССҮТ-Д ХАНДАЖ, ДОЛООН ИРГЭН НАС БАРЖЭЭ

Өнгөрсөн өдрүүдэд буюу Үндэсний их баяр наадмаар 2718 хүн тус эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлжээ. Тэдний 924 нь 0-15 насны бага насны хүүхэд бол 313 нь хэвтэн эмчлүүлж, 82 нь яаралтай мэс засалд оржээ. Мөн зам тээврийн ослын шалтгаанаар 473 , хүчирхийлэл 282, усанд живсэн таван тохиолдол тус тус бүртгэгдэж, энэ хугацаанд долоон хүн амь насаа алдсан байна.  Энэ бол зөвхөн долдугаар сарын 09-15-ны өдөр бүртгэгдсэн статистик мэдээлэл. Баярын өдрүүдэд тус эмнэлгийн ачаалал эрс өсч, Яаралтай тусламжийн төвөөр үйлчлүүлэх хүний тоо ердийнхөөс 100-150 хүнээр нэмэгдсэн гэж  тус эмнэлгийн эмч, удирдлагууд хэлсэн юм.

ОСЛЫН ГОЛ ШАЛТГААН АРХИ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, Яаралтай түргэн тусламжийн төвийн тасгийн эрхлэгч  П.БАЯРСАЙХАН: 

– Гэмтэл согог судлалын үндэсний төвд баярын өдрүүдээр 24.00 цагийн яаралтай тусламжийг үзүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Баярын өдрүүдэд ачаалал маш их. Гэхдээ бид 365 хоногийн 24.00 цагт өндөржүүлсэн бэлэн байдалтай ажилладаг. Мэс заслын тасаг долдугаар сарын 13-ны өдөр 40 хүнд мэс засал хийлээ. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Баярын өдрүүдэд аваар осолд орсон хүмүүсийн дийлэнх нь орон нутгаас ирж байна. Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон нутгийн замд хурд хэтрүүлэх, машин гүйцэт түрүүлэх зэрэг шалтгаанаас болж авто осолд өртсөн хүмүүс. Манай эмнэлэг ачааллаа дийлэхгүй, ор хүрэлцэхгүйн улмаас коридорт гарах ч тохиолдол байна шүү дээ. Тэр тусмаа 0-15 насны бага насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүй хариуцлагагүйгээс хамгийн их хохирч, авто ослоор хүн бэртэл авсан байдалтай эмнэлэгт хандаж байгаа юм.

Хүүхдүүд машины цонх, лүүкээр шидэгдэх тохиолдлууд түгээмэл гарч байна. Бага насны хүүхдүүд аливаа эрсдэл, аюулыг мэдэхгүй учраас машины цонхоор гараа гаргаснаас болж гар нь тасрах, хурдтай яваа машины лүүкээр гарч байхдаа огцом тоормозлох үед хүзүүгээ хугалах эрсдэл өндөр. Үүнийг эцэг эхчүүд анхааруулж, хүүхдэдээ аюултай гэдгийг нь ойлгуулж хэлэх нь чухал байна. Бага насны хүүхдүүд осолд орж, хүнд бэртэл авах, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алдаж буй нь эцэг эхийн хайнга зан, хараа хяналтгүй хариуцлагагүй байдлаас үүдэлтэй.

Тухайлбал, иргэд голын эрэг дагуу архидан согтуурах үедээ хүүхдээ усанд живснийг анзааралгүй, маргааш өдөр нь мэдсэн тохиолдол ч гарсан. Манай эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт   долдугаар сарын 14, 15-ны өдөр 135 хүүхэд хандсан.  Энэ жилийн баяр наадмаар мориноос унаж бэртсэн хүүхэд ирсэнгүй.Нөгөөтэйгүүр орон нутгийн замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  хурд хэтрүүлж, автомашин гүйцэт түрүүлэх гэснээс болж гэр бүл үр хүүхэд нь амь насаа алдах, бэртэж гэмтэж байна.

Түүнчлэн долоо хоног бүрийн баасан, бямба гаригт эмнэлгийн ачаалал ихэсч, архидан согтуурсан үедээ шөнө эмнэлэгт хандах хүн олон. Ерөнхийдөө ослын гол шалтгаан архи. Тиймээс сар бүрийн 1-ний өдрийг архигүй өдөр болгон тэмдэглэдэгтэй адил долоо хоног бүрийн баасан гаригийг  ч архигүй өдөр болгох тэмдэглэх нь зүйтэй юм. Хэрэв та бүхэн санаж байгаа бол нэг хэсэг Азийн чоно гэдэг архи зарахыг хориглоход ГССҮТ-ийн яаралтай тусламжийн төвд хандаж буй хүмүүсийн тоо 100, 100-гаар багассан шүү дээ гэлээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөр бүр 350-500 хүн ханддаг байна. Тэдний 35-40 нь хэвтэн эмчлүүлдэг бөгөөд 60-70 хувь нь мэс заслаар амь нас, эрүүл мэнд нь хамаардаг аж.

Хүнд бэртсэн мэс засалд орох шаардлагатай хүмүүсийн ихэнх нь ослын гэмтлээ даалгүй амь насаа алдах, эсвэл эрүүл мэндээрээ хохирч хөгжлийн бэрхшээлтэй болдог нь харамсалтай. Тус эмнэлэгт хандсан хүмүүсийн ердөө 20 хувь нь эмийн эмчилгээ авдаг байна.

Өдөр бүр л ачаалалтай түм түжгэнэж хүний амь нас, эрүүл мэнд секунд дольоор хэмжигдэж байдаг энэ эмнэлгийн ачаалал их. Эмч нар нь толгой өндийх завгүй гэдгийг хүн бүр мэднэ. Тус  эмнэлэг аялал зугаалгын улиралд болон томоохон баяр болох цагаан сар, шинэ жил, үндэсний их баяр наадмын өдрүүдэд хамгийн их ачаалалтай байдаг аж. Өнгөрсөн жил Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 111.000 хүн хандсан нь өмнөх жилээс 20 мянга орчмоор өссөн үзүүлэлттэй байгааг тус эмнэлгийнхэн хэлж байв. Иймд ачааллыг бууруулахаар орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах аяныг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ.

ГССҮТ-ИЙН АЧААЛАЛ ӨМНӨХ ЖИЛЭЭС НЭМЭГДСЭН 

ГССҮТ-ийн Захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.ГАЛБАДРАХ

-Манай эмнэлэг гэмтэл согогын чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээ, лавлагаа тусламж үзүүлдэг улсдаа ганц эмнэлэг. Гурван сая хүнд үйлчилж байна гэж үзвэл маш ачаалалтай. Нөгөөтээгүүр хүн амын өсөлт, хотжилт , үйлдвэр үйлчилгээ авто замын үйлчилгээ зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан гэмтлийн тохиолдол нэмэгдэхэд нөлөөлж байна. Өмнөх жилүүдээс осол гэмтлийн тоо, тохиолдол нэмэгдсэн. Хэдийгээр эмнэлэг 100 хувь үйл ажиллагаагаа явуулж байгаа ч ачаалал өндөр. Яаралтай түргэн тусламжийн хүлээн авахаар үйлчлүүлж буй иргэдийн ихэнх нь согтуурсан үедээ осолд өртөх, хүчирхийллийн улмаас бэртсэн байдаг. Манай эмнэлэг баярын өдрүүдэд маш их ачаалалтай. Тэр тусмаа улсын баяр наадмаар тав хоног амардаг нь ачааллын гол шалтгаан. Энэ өдрүүдэд осол аваар гарах, хүчирхийлэлд өртөх, унаж гэмтэх, усанд живэх зэрэг гэмтлийн тоо өсдөг.

Томоохон баяр ёслолын үеэр иргэд архи согтууруулах ундаа хэрэглэдэгтэй холбоотой осол гэмтэл гарч байна. Ер нь зуны улиралд байнгын ачаалалтай. Энэ нь амралт зугаалгын сар эхэлсэнтэй холбоотой. Нийт осол, тэр дундаа хүнд ослын ихэнх нь орон нутгийн замд гардаг. Гэр бүл, найз нөхдөөрөө аялал зугаалгаар явах үедээ осол гэмтэлд орох, цаашлаад амь насаа алдах тохиолдол маш их. Тиймээс орон нутгийн эмч нарыг чадваржуулах, хот руу ирэх урсгалыг бууруулах чиглэлээр гэмтэл согог судлалын чанар хүртээмжийг сайжруулах аяныг хэрэгжүүлж байгаа юм.

Ингэснээр орон нутгаас ирж буй хүмүүсийн хувьд цаг хугацаа алдах, хол зам туулах, зардал, зэрэг эдийн засаг эрүүл мэнд, цаг хугацааг хэмнэж тухайн хүн Улаанбаатар хотыг зорих шаардлагагүй, орон нутгаас яаралтай тусламжийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ.  Орон нутгийн болон дүүргийн эмч нарын чадавхыг сайжруулж, гэмтэл согог судлалын хүртээмжийг нэмэгдүүлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвхөн гуравдугаар шатлалын буюу хүнд бэртсэн хүмүүс л үйлчлүүлэх боломж бүрдэнэ. Энэ нь ачааллыг тодорхой хувиар бууруулна гэж үзэж байна.

Манай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн 16.7 хувь нь орон нутгийнх. Хэвтэн эмчлүүлэгчдийн 40 хувь нь мөн орон нутгийн иргэд. Түүнээс гадна нийслэлд хамгийн их оршин суугчтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж буй хүмүүсийн 50 орчим хувийг бүрдүүлж буй нь хийсвэр ачаалал үүсгэх шалтгаан болж байна.

Тэдгээр хүмүүсийн тухайд харьяа дүүргийн эмнэлэгт хандах, эмнэлгээс анхны тусламж авах боломжтой хүмүүс юм. Иймд нэг эмнэлэгт бүх ачааллыг төвлөрүүлэх биш төвлөрлийг сааруулах, дүүргийн эмнэлэгт хуваарилах замаар ачааллыг багасгах боломжтой. Хотын төвийн дүүргүүдийн ГССҮТ чанар үйлчилгээг сайжруулбал иргэд харьяа дүүрэгтээ эмчилгээ үйлчилгээ авч, нэн шаардлагатай нь манай эмнэлэгт хандах зэргээр ачааллыг бууруулж, төвлөрлийг сааруулах төлөвлөгөөтэй байна. Төвлөрлийг сааруулбал олон талын ашигтай. Баярын өдрүүдэд манай эмнэлэг 24.00 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүд 365 хоногт 24.00 цагаар тусламж үйлчилгээг хүргэж ажилладаг онцлогтой гэлээ.

ЭЦЭГ ЭХЧҮҮД ГАНЦ Л ХОРОМ  СОНОР СЭРЭМЖ АЛДСАНААС БОЛЖ ХҮҮХЭД МААНЬ БЭРТСЭН ГЭВ

Гэмтэл согог судлалын үндэсний төв нь эмчилгээний болон пара клиникийн 18 тасагтай, нийт 412 ортой. Ойролцоогоор 138 их эмч, 296 сувилахуйн мэргэжилтэнтэй аж. Тус эмнэлэгт өчигдрийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн хүлээн авах нь харьцангуй ачаалал багатай байсан ч хүүхдийн үзлэг хэсэг нь багагүй ачаалалтай, 2-7 хүртэлх насны хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд урт дараалал үүсгэсэн байлаа. Хамар нь хугарч, шагайгаа булгалсан зэрэг шалтгаанаар хүүхдүүдээ үзүүлж буй эцэг эхчүүдийн хэлснээр цөөн хором сонор сэрэмж алдсан, хүүхдээ түр гэрт нь орхисноос болж гэмтэл авсан гэдгийг хэлж байсан юм. Тус эмнэлгийн эмч нарын хэлснээр бага насны хүүхдэдээ тавих эцэг эхийн хараа хяналт сул, архидан согтуурснаас үүдэн орон нутгийн замд хурд хэтрүүлсэн үедээ осол гаргах, голын эрэгт хүүхдээ тоолгүй орхисноос үүдэн томчуудын буруутай үйлдлээс бяцхан үрс хамгийн том хохирогч болж буйг анхааруулсан билээ. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны мэдээллээр улсын хэмжээнд 2018 онд 19 нас хүртэлх хүүхдийн 52,258 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт осол гэмтлийн 36.3 хувийг эзэлжээ. Үүний 27.8 хувь зам тээврийн ослын шалтгаантай байсан аж. Осол гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14.3 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барсан гэх харамсалтай тоон мэдээлэл байна.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД БАГА НАСНЫ ХҮҮХЭД НАС БАРСАН ХЭРЭГ 40, ХҮҮХЭД ГЭМТСЭН ОСОЛ 26.6 ХУВИАР ТУС ТУС ӨСЧЭЭ

Энэ жилийн баяр наадмын өдрүүдээр /2019.07.10-14/ улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авч шалгажээ. Нийт осол улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 83 хувь буюу 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62,5 хувь буюу 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг, осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,3 хувиар буурсан, бага насны хүүхэд нас барсан хэрэг 40 хувиар, хүүхэд гэмтсэн осол 26,6 хувиар тус тус өссөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31,1 хувиар буурсан байна. Зам тээврийн осол нь 6-9 дүгээр сард хамгийн их гардаг гэж Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлсэн юм.

ХАРИУЦЛАГА АЛДСАН ЭЦЭГ ЭХЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

Цагдаагийн байгууллагаас  төрүүлсэн болон үрчилж авсан хүүхдээ асран хамгаалах, хараа хяналттай байлгах үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь эрсэдсэн эсвэл бие махбод нь хүнд гэмтсэн бол эцэг, эхчүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн заалттайг сануулж буй. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч М.Мөнхшүрийн хэлснээр үндэсний их баяр наадмын өдрүүдэд иргэд баяр наадмаа тэмдэглэж өнгөрөөхдөө гол ус бараадаж, амарч зугаалсны улмаас 15 хүн усанд живж амиа алдсаны дөрөв нь хүүхэд байсан аж. Иймд хариуцлага алдсан эцэг эхэд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх заалттайг хэлсэн юм. Хүүхэд амь насаа алдсан нь эцэг эхийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотойг тэрбээр тодотгож байсан юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж